Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт хэмээх аюултай хоршоо үг мэт өргөн ашиглагдах болсон нэг гамшиг бол цөлжилт. Энэ гамшгийг эрчимжүүлж буй гол буруутныг хүмүүс байгаль, цаг уурын өөрчлөлт гэж өөрсдөөсөө холдуулдаг. Бодит байдалд “хэргийн эзэн” нь бид билээ. Судалгаагаар манай орны нийт газар нутгийн 70 гаруй хувь нь цөлжсөн гэж албаныхан мэдээлдэг. Гэвч энэ тоо сүүлийн хэдэн жил ямар ч “хөдөлгөөнгүй”, нэг л хэвэндээ байсаар буйг шүүмжилж, доройтож, эвдэрсэн газрын хэмжээ үүнээс 10 гаруй хувиар нэмэгдсэн гэж үзэх судлаачид ч бий.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцод “Хуурай, хагас хуурай ба гандуу, чийг дутмаг нутгийн хөрс цаг уурын өөрчлөлт болон хүний үйл ажиллагаатай холбоотой олон янзын хүчин зүйлээс болж доройтохыг цөлжилт гэнэ” хэмээн тодорхойлсон байдаг. Энэ зүйгээр бол хуурай, аргуу хөрс цөлжих, үржил шимгүй болох магадлал маш өндөр, харин чийглэг байх тусмаа аюулд өртөх нь хол гэнэ. Гэтэл манай оронд хөрс хуурай, чийгтэйгээс үл хамааран, хангай, хээр, говийн аль ч бүсэд цэгэн цөлжилт эрчимжсэнийг мэргэжилтнүүд хэлж, анхааруулах боллоо. Үүнд монголчуудын амьдралын онцлог, ус, бэлчээрийн зохисгүй ашиглалт ихээхэн нөлөөлдгийг тэд онцолсон юм.
Цөлжилт гэхээр таны санаанд юу бууж байна вэ. Шаргалтсан их элс, манхан толгод төсөөлөгддөг үү. Ямар ч амьтан, ургамалгүй, гандаж сааралтсан зэгэл тал нүдэнд тань харагдаж байна уу. Мэргэжлийн судлаачдын хэлж буйгаар үржил шимгүй болж, доройтсон газрыг цөлжсөн гэж үздэг байна. Тэгэхээр дан ганц элстэй газрыг л цөлжсөн гэж ойлгож болохгүй нь. Хангай, хээр гэлтгүй хаа сайгүй цөлждөг.
Ингэхдээ заавал өргөн уудам нутгийг хамарч бус, малын хороо, гэрийн буурийн чинээ гэхчилэн хэсэг бусаг газрыг “өвчлүүлдэг” байна. Үүний жишээ болсон цэгэн цөлжилт Монгол орныг аалзны тор шиг хэрсэн явдал гэж ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Х.Кенжегул ярьсан юм. Манай улс цөлжилтөд хэр зэрэг өртсөнийг сансраас зураглавал бүхэлдээ алаг цоог харагдах гэнэ.
БОАЖЯ, “Байгаль орчин, эрүүл мэнд төв” ТББ хамтран зохион байгуулсан “Усны засаглал” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр дээрх мэргэжилтэн “Хөдөө аж ахуйн салбарын усны менежмент” гэсэн илтгэл тавихдаа уснаас илүү цэгэн цөлжилтийг нухацтай хөндсөн. Арга ч үгүй. Уснаас үүдэлтэй бий болсон том аюул энэ юм.
Түүнээс авсан мэдээллээр өдгөө манай улсад хөдөөгийн хүн ам, мал ундаалах зориулалттай, ундны усны эх үүсвэр болсон 43.8 мянган худаг бий аж. Үүний 70 орчим хувь нь хүчин чадал багатай, гар худаг. Үлдсэн 28.3 хувь буюу 13.6 мянган худаг нь инженерийн хийцтэй бөгөөд энэ нь нийт малын 50 гаруй хувийг усаар хангах боломжтой ч байршил, тархалт зэргээс хамаараад үүнийгээ биелүүлж чаддаггүй гэнэ. Үүнээс үүдэлтэйгээр худаг, ус бараадсан төвлөрөл бий болж, бэлчээр, хөрс доройтон, улмаар цэгэн цөлжилт хаа сайгүй үүсэж байгааг тэрбээр хэлсэн юм. “Нэг цэг дээрх малын бөөгнөрөл хэт их байгаа нь байгалийн доройтлыг гааруулдаг” хэмээн нэмж тодотголоо.
ХХААХҮЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн Д.Батмөнх саяхан хэвлэлд өгсөн нэг ярилцлагадаа ч энэ тухай дурдсан байв. Тэрбээр “Бидний хийсэн судалгаагаар манай улсын нийт малыг баталгаат усаар хангахын тулд дор хаяж 6000 худаг шинээр гаргах хэрэгтэй. Одоо мал усалж буй худгийн дийлэнх нь гар ажиллагаатай. Ийм худаг усны нөөц, ундарга багатай учир ихээхэн бэрхшээлтэй. 800 малыг найман цаг усалдаг байх жишээтэй.
Үүнээс болоод ганц худагт олон мал бөөгнөрч, шавааралдан, цөлжих нөхцөл бүрдүүлдэг. Зөвхөн энэ асуудлаас үүдэлтэйгээр манай орны 30 мянган га газар цөлжсөн” хэмээн өгүүлсэн юм. Усанд “тушигдсан” энэ төвлөрлийг сааруулж, цэгэн цөлжилт бүхий газрын хэмжээг нэмэгдүүлэхгүйн тулд тус яамныхан гар худгийг илүү боловсронгуй болгох судалгаа хийж байгааг дуулгасан.
Уст цэг, бэлчээрээс гадна хурдан морины болон авто уралдаан хийдэг бүс, цэргийн анги нэгтгэл, түүний буудлагын талбай, сүм, дуганы туурь, уурхайн эдэлбэр газар, зам зэрэг удаан хугацаанд хүний үйл ажиллагааны нөлөөнд автсан газар цэгэн цөлжилтийн “толбо” үлдээдэг байна.
Цэгэн цөлжилтийн нөлөөгөөр сүүлийн найман жилд 60 гаруй төрлийн ургамал устсан гэсэн баримт байна. Дундговь, Дорноговь, Өмнөговь, Ховд аймгийн зүүн, Увс, Завхан, Говь-Алтай, Өвөрхангайн урд хэсэг, Сүхбаатар, Баянхонгор аймгийн нийт 145 суманд цэгэн цөлжилтийн идэвхтэй гэсэн ангилалд багтаж буй бөгөөд ийм “тууралт”-тай газрын хамрах хүрээ улам бүр тэлсээр байгааг судлаачид онцоллоо. Нэг баримт дурдъя.
ШУА-ийн Газарзүй, геоэкологийн болон Ботаникийн хүрээлэнгийнхэн ОХУ-ын А.Н.Северцовын нэрэмжит Экологи, эволюц судлалын хүрээлэн, Москвагийн их сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Дундговь аймгийн байгаль, экологийн хувьсал өөрчлөлт ба цөлжилт” төслийн хүрээнд судалгаа хийжээ. Аймгийн нийт нутгийн 22 хувийнх нь бэлчээр нэн хүчтэй буюу хүчтэй доройтолд өртсөн, ургамлын нөмрөг сүүлийн 20 жилд 30 гаруй төрлөөс 7-8 болтлоо хомсдон, тэжээлийн, сайн чанарын зарим ургамал ургахаа байсныг эл судалгааны үр дүнд илрүүлснээ өнгөрсөн оны сүүлчээр танилцуулсан. Хөрс шимгүй болж, ялзмагийн хэмжээ 25-30 хувь болтлоо буурсан, бэлчээрийн 60 хувь нь салхины нөлөөгөөр эвдэрч, хайрга ил гарч чулуужсан зэрэг олон сөрөг нөлөө ажиглагджээ. Манай орны ганцхан аймаг л цэгэн цөлжилтийн нөлөөнд ингэтлээ автсан байна.
Судлаач, мэргэжилтнүүдийн баримжаалснаар цэгэн цөлжилт манай оронд 2000 оноос эрчимжиж эхэлсэн гэнэ. Цэгэн гэдэг тодотгол нь энэ үзэгдлийн уршиг, нөлөөг сааруулан ойлгуулах талтай. “Хэсэг газар доройтоо л биз, яав л гэж” хэмээх бодол төрж мэдэх юм. Гэтэл үржил шимгүй болж доройтсон газар ч яваандаа ойр орчмынхоо хөрсийг “өвчлүүлдэг” урхагтайг МУИС-ийн Биологийн тэнхимийн багш, доктор Н.Нямбаяр хэлсэн юм.
“Цөлжилтийг хамгийн удаан хугацаанд үргэлжилдэг, экологид нэн хортой үзэгдэл” гэж тэрбээр тодотгосон. Үүнээс гадна тухайн бүсэд оршин суугчдын эрүүл мэнд, амьжиргаанд ч сөрөг нөлөөтэй. Цөлжсөн, үржил шимгүй болсон хөрсөнд ургамал, ногоо ургахгүй. Ой мод, ургамалгүй газарт агаарын солилцоо, уур амьсгал ямар байх нь ойлгомжтой. Мөн зарим иргэний амьжиргааны эх үүсвэр болсон газар тариалан эрхлэх боломжийг хязгаарладаг гээд сөрөг нөлөөллийг нь дурдвал өчнөөн.
Цөлжилт гэгч цаанаа ийм олон аюул дагуулдаг аймшигт үзэгдэл юм. Бид үүнтэй тэмцэхийн тулд наад зах нь байгалийн нөөцийг зохистой ашиглуулах, зөв хуваарилах бодлого баримталж, ойжуулалт, нөхөн сэргээлт хийх зэргээр экологидоо хөрөнгө оруулж байх хэрэгтэйг судлаачид онцолж байна.