Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд багтаагүй од тоглогчдын нэрс дахин нэгээр нэмэгдлээ. Германы шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Йохим Лёв бүрэлдэхүүндээ “Ман Сити” клубийн од Лерой Санег аваагүй нь хөлбөмбөг сонирхогчдын ярианы гол сэдэв болж байна. Сане 22 настай хэдий ч дээд зэрэглэлийн хөлбөмбөгчин гэдгээ хэдийнэ баталсан бөгөөд өнгөрсөн улиралд хийсэн гайхалтай тоглолтынхоо дүнд “ДАШТ-д мандах залуу тоглогчид”-ын нэг хэмээн үнэлэгдэж байсан. Тэрбээр 2017-2018 оны улиралд “Ман Сити” клубийнхээ 58 тоглолтод оролцож 15 гоол оруулж, Премьер лигийн оны шилдэг залуу хөлбөмбөгчнөөр шалгарсан. Дасгалжуулагч Лёв түүний оронд Жулиан Брандтыг ДАШТ-д тоглуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн мөрөөр Английн сэтгүүлчид мэдээлэл цуглуулж буй бөгөөд The Sun сэтгүүлийн мэдээлсэнээр шигшээ багийн зарим тоглогчдын саналд үндэслэн дасгалжуулагч дээрх шийдвэрийг гаргасан байна. Сане Германы шигшээ багт хийсэн сүүлийн тоглолтуудад биеэ бүрэн дайчлахгүй байсан нь багийн нөхдийнх нь дургүйцлийг хүргэсэн гэнэ.