Бельгийн шигшээ баг 2018 оны ДАШТ-ий эрхийн төлөөх урьдчилсан тоглолтуудад 43 гоол оруулж дээд амжилт тогтоосноос гадна хаалгандаа ердөө зургаан гоол алдсан амжилтын эзэд болсон. Гэхдээ хамгаалалтад анхаарах, гол тоглогчдын гэмтэл гэх мэт 2016 онд Францад саад болсон зүйл ОХУ-д давтагдах магадлал бий.
Онцлох үйл явдал
2016 оны аравдугаар сар
Хэсгийн гол өрсөлдөгч Босни-Герцеговины багийг Брюссель хотод 4:0-ээр илт давуу ялав.
2017 оны наймдугаар сар
Гибралтар, Грекийн багийн эсрэг тоглолтод дасгалжуулагч Р.Мартинес хагас хамгаалагч Р.Найнгголаныг уриагүй нь ихээхэн шуугиан тарьсан.
2017 оны есдүгээр сар
Бельгийн шигшээ Афин хотод Грекийг 2:1-ээр ялж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрх авсан Европын анхны баг боллоо.
2017 оны аравдугаар сар
Эхний хагаст Боснийн багт хожигдож байсан ч тоглолтыг эргүүлж, 4:3-аар яллаа. Гурван өдрийн дараа Киприйн багийн хаалганд дөрвөн гоол оруулснаар урьдчилсан шатанд хамгийн олон гоол оруулсан Германы багийн дээд амжилтыг давтав.
Нөхөрсөг тоглолт
Бельгийн шигшээ гуравдугаар сард Саудын Арабын багийг 4:0-ээр ялсан. Түүнээс хойш нөхөрсөг тоглолтод оролцоогүй тэд энэ сард гурван ч “бие халаалт” хийх хуваарьтай. Өнгөрсөн бямба гаригт Португалын багтай тэнцсэн бол ирэх лхагва гаригт Египет, 11-нд Коста Рикагийн багтай тоглож, ДАШТ-ий бэлтгэлээ хангана.
Хэсгийн тоглолт
Харьцангуй боломжийн хэсэгт орсон “Улаан чөтгөрүүд” энэ сарын 18-нд хэсгийн эхний өрсөлдөгч Панамын багтай тоглоод таван өдрийн дараа Тунистэй хүч үзнэ. Харин 28-нд Английн багтай хийх тулаан чухал ач холбогдолтой нь гарцаагүй.
Дасгалжуулагч
Роберто Мартинес
2016 оны наймдугаар сард дасгалжуулагчаар томилогдсон Р.Мартинесийг гэнэтийн сонголт гэж болно. Учир нь Бельгийн хөлбөмбөгийн холбоо шигшээ баг удирдаж байсан туршлагатай нэгнийг хайж байсан юм. Клубийн түвшинд “Эвертон” багийг “Европа” лигт амжилттай удирдсан, “Виган”-ыг 2013 онд Холбооны цомд түрүүлүүлж байсан Р.Мартинес Премьер лигийн талаар маш их мэдлэгтэй нь давуу тал байж болох юм. Учир нь Бельгийн шигшээ багийн олонх тоглогч тус лигт өрсөлддөг билээ. Түүний амжилтад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж Хөлбөмбөгийн холбоо гэрээг нь 2020 он хүртэл сунгасан.
Тоглогчид
Гол тоглогч
Эден Азар, Кевин де Брёне бол багийн лидер. Ялангуяа Э.Азар Р.Мартинесийн удирдлагад багаа ахлахын зэрэгцээ тун эрх чөлөөтэй тоглож буй. Харин Кевин шигшээдээ “Сити”-д тоглодог шигээ өрсөлдөж чадахгүй байгаа нь хачирхалтай.
Ахмад тоглогч
Ромелу Лукаку урьдчилсан шатанд тогтмол гоол оруулж байсан бол Дрес Мертенс, Тома Мёнье довтолгоонд хувь нэмрээ оруулсан. Найдвартай хаалгач Тибо Куртуагийн урд Тоби Алдервайрелд, Ян Вертонген хамгаалалтын ноён нуруу болдог.
Үгүйлэгдэх тоглогч
Урьдчилсан шатанд Винсент Компани цөөн удаа тоглосон бол ДАШТ-ий урьдчилсан мэдүүлэгт Р.Найнгголан багтсангүй.
Дебют
Хамгаалагч Леандер Дендонкер Эстонийн багийн эсрэг тоглолтод шигшээ багт анх удаа тоглосон. Түүнчлэн 21 настай хагас хамгаалагч Юри Тилеманс өнгөрсөн аравдугаар сард дебют тоглолтдоо оролцов.
Хариулт нэхсэн асуулт
Энэ удаагийн ДАШТ алтан үеийнхний сүүлчийн боломж уу?
Нэгэн үед төрж гарсан шижигнэсэн залуус клубийн түвшинд амжилттай тоглож байгаа ч шигшээ багтайгаа олон улсын тэмцээнд өндөр амжилтад хүрээгүй байна. Тиймээс ч Я.Вертонген “Дэлхийн аваргын тэмцээн бол манай үеийнхэнд хүчирхэг гэдгээ харуулах сайхан боломж. Бидний хувьд энэ сүүлчийн боломж биш ч хоёр жилийн дараа зарим тоглогч шигшээ багтаа тоглохгүй байж мэднэ” гэж хэлсэн биз ээ.
Кевин де Брёне дэлхийн дэвжээнд гялалзаж чадах уу?
“Манчестер сити” багийн лидер Кевин шигшээ багтаа тийм ч сайн тоглохгүй байгаа. 2015 оноос хойш тэрбээр “улаан чөтгөрүүдийн” төлөө ердөө зургаан гоол оруулжээ. Тийм ч учраас тэрбээр дасгалжуулагч Р.Мартинесийн тактикийг шүүмжилж байсан болов уу.