Завхан, Хөвсгөл, Булган аймгийн зарим суманд өнгөрсөн амралтын өдрүүдэд нойтон цас орж, шуурчээ. Тухайлбал, Хөвсгөлийн Галтад 20-30, Завханы Эрдэнэхайрханд 5-10 см зузаан цас орсон талаар сумдын холбогдох албаныхан хэлэв. Мөн Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар салхи секундэд 14-22 метр хүрч, бороо орсон байна. Эл үзэгдлийн улмаас хохирол учраагүй гэнэ. Энэ мэт цаг агаарын эрс тэс үзэгдэл зургадугаар сард цөөнгүй тохиохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулав. Энэ сард цаг агаар дулаарч, 34 градус хүрч халах ч зарим аймгийн нутгаар сэрүүсэж, шөнөдөө 0-2 градус хүртэл хүйтрэх гэнэ.
Тодруулбал, баруун аймгуудын зарим хэсгээр дуу цахилгаантай бороо орж, салхины хурд секундэд 18-20 метр хүрэх төлөвтэй байна. Харин төвийн аймгуудын нутгаар сарын эхээр хүйтэрч, дунд үеэс 25- 35 градус хүрч халах аж. Зүүн аймгуудын нутгаар зарим өдөр тэг градус хүрч хүйтрэх ч сарын сүүлчээр хэт халж болзошгүй төлөв ажиглагджээ. Харин говийн бүсэд олон жилийн дунджаас 0.5-1 градусаар ахиу халах гэнэ. “Энэ сард цаг агаар эрс тэс байх төлөвтэй. Нутгийн зарим хэсэгт хэт халж, хүйтрэх төлөв бий. Сарын эцсээр ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно” гэж холбогдох байгууллагаас мэдээлэв.
Бэлтгэсэн: Г.ЦЭЦЭГ