Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатыг Германы шигшээ шиг гарамгай давсан Европын өөр баг үгүй. Тэд 2018 оны ДАШТ-ий эрхийн төлөөх 10 тоглолтод бүгдэд нь ялсан бөгөөд гоолын зөрүү нь +39 байлаа. Нийт 21 тоглогч гоол оруулж, багийн довтолгоонд хүч нэмсэнд дасгалжуулагч Йоахим Лёв сэтгэл хангалуун байсан нь лавтай.
ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
2016 оны есдүгээр сар
Хаалгач М.Нойер багийн ахлагчаар томилогдож, Т.Мюллер шигшээ багтаа 10 сар гоол оруулаагүй хар цувралаа өндөрлүүлснээр германчууд Норвегийг 3:0-ээр буулгаж авав.
2016 оны аравдугаар сар
Ю.Дракслер, С.Хедирагийн гоолоор Умард Ирландын багийг Хановер хотод хожиж, эхний гурван тоглолтдоо дараалан яллаа.
2017 оны есдүгээр сар
М.Хуммельс хожлын гоол оруулж, талбайн эзэн Чехийг зочин баг 2:1-ээр ялсан боловч зарим хөгжөөн дэмжигч нь нацизмыг дэмжсэн үйлдэл гаргасан учир Германы шигшээгийн тоглогчид ялалтын баяраа тэмдэглэхээс татгалзсан.
2017 оны аравдугаар сар
Бельфаст хотод Умард Ирландыг 3:1-ээр хожиж, дэлхийн аваргын эрхээ авав.
НӨХӨРСӨГ ТОГЛОЛТ
Гуравдугаар сард Испани, Бразилын хүчирхэг багуудтай тоглохдоо ялалт байгуулж чадаагүй “Герман машин” энэ сарын 2-нд Австри, 6-нд Саудын Арабын багтай тоглоно.
ХЭСГИЙН ТОГЛОЛТ
Зургадугаар сарын 17-нд Мексикийн багтай тоглосноор Германы шигшээ баг аварга цолоо хамгаалах марафоноо эхлүүлнэ. Тэд 23-нд Швед, 27-нд БНСУ-ын багтай тоглох хуваарьтай.
ДАСГАЛЖУУЛАГЧ ЙОАХИМ ЛЁВ
2006 оны долдугаар сард одоогийн албан тушаалдаа томилогдож, гэрээгээ 2020 он хүртэл сунгасан Й.Лёв шигшээ багаа хамгийн олон жил (Европын багуудаас) удирдаж буй дасгалжуулагч. “Йоги” 2014 онд Бундестимийг дэлхийн аварга болгосон төдийгүй өөр олон тэмцээнд өндөр амжилтад хүргэсэн гавьяатай.
ТОГЛОГЧИД
Гол тоглогч
Талбайг харах чадвар, оновчтой дамжуулалт, сэтгэл зүй гээд олон талаараа хагас хамгаалагч Т.Кроос шигшээ багийнхаа гол төвийн хамгаалагч М.Хуммельс багийн маргаангүй лидер болжээ.
АХМАД ТОГЛОГЧ
2016 оны Европын АШТ-ээс эхлэн шигшээ багтаа тааруу тоглож буй Т.Мюллер 2018 оны ДАШТ-ий урьдчилсан тоглолтуудад харьцангуй сайн оролцов. Тэрбээр нийт таван гоол оруулжээ. Мөн Ж.Киммих гоолын есөн дамжуулалт өгч, ОХУ-ыг зорих эрх авахад багтаа ихээхэн хувь нэмэр оруулсан.
ГЭМТСЭН ТОГЛОГЧ
2017 оны намар хөлөө гэмтээснээс хойш шигшээ багтаа тоглоогүй хаалгач М.Нойер ДАШТ-д оролцох магадлалтай байна.
ДЕБЮТ
Талбайн дундын шугамдаа авьяастнуудаар дүүрэн Германы шигшээд бас нэгэн сайн хагас хамгаалагч нэмэгдсэн нь Л.Горецка. Довтлогч Т.Вернер урьдчилсан шатны хоёр тоглолтод гараанд гарахдаа гурван гоол оруулж, багтаа тус хүргэхэд бэлэн гэдгээ харуулав.
ХАРИУЛТ НЭХСЭН АСУУЛТ
-Зарим тоглогч форм муутай байгаа нь санаа зовох асуудал мөн үү?
-Ю.Дракслер, К.Трапп, А.Шюррле, Б.Хөведес зэрэг тоглогч клубийн түвшинд сайн тоглоогүй, гэмтэлтэй эсвэл сэлгээнд голдуу суусан нь Й.Лёвын хувьд асуудал болж магадгүй.
-Жигүүрийн хамгаалалт суларсан уу?
-Баруун жигүүрийн хамгаалалтад Ж.Киммихээс өөр сонголт бараг байхгүй, бусад жигүүрт ч байдал сайнгүй. Шагайны гэмтэлтэй байгаа Й.Хектор энэ байрлалд тоглодог ч сул талтай.