Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд хоёрхон долоо хоног үлдээд байна. Багууд бэлтгэлээ эрчимтэй базааж байх зуур хөлбөмбөгийн холбоод нь тэдний урмыг сэргээж, хүчийг сэлбэх үүднээс мөнгөн урамшууллыг амалж эхэллээ.
ФИФА ч гэсэн өөрсдийн зүгээс тус тэмцээний шагналд зориулах мөнгөн дүнгээ танилцууллаа. Шагналын сангийн хэмжээ 400 сая доллар байх бөгөөд 32 шигшээ баг тус бүрт үүнээс 9.5 сая долларыг олгох юм. Харин дэлхийн аваргаар шалгарсан баг 38 саяын урамшуулал авах ажээ. Энэ нь 2014 онд Германы шигшээ аварга болоод хүртсэн мөнгөн дүнгээс даруй гурван дахин их байна. ФИФА-гийн ашиг орлого 20 жилийн турш тогтмол өсч байгаа нь шагналын сан хөмрөгт ч сайнаар нөлөөлж байна. Учир нь сүүлийн таван ДАШТ-ы шагналын сан тувт нэмэгдэж ирлээ. Тухайлбал, 2002 онд 154 сая доллар байсан шагналын сан 2006 онд 262 сая, 2010 онд 420 сая, 564 сая бол болж өссөн. Түүнчлэн ФИФА 2010 оноос эхлэн ДАШТ-д тоглогчдод нь оролцож байгаа клубүүдэд мөнгө олгож байгаа. Энэ удаагийн ДАШТ-д гэхэд шагналын 400 саяас гадна 391 саяыг клубүүдэд зарцуулахаар төлөвлөжээ. Үүний зэрэгцээ ДАШТ-д шигшээ багаа оролцуулж байгаа улсуудын холбоо мөнгөн шагнал олгох зарлаж байна.
ХБНГУ
Дэлхийн аварга цолоо хамгаалж чадвал найман сая еврог Хөлбөмбөгийн холбоо нь хүртээнэ. Өөрөөр хэлбэл, тоглогч бүрт 350 мянга оногдоно. Харин мөнгөн медальд 200 мянга, хүрэлд 150 мянга, дөрөвдүгээр байрт 125 мянга байх аж.
Мөн дэлхийн аварга болсон тоглогчдоо Patek Philippe цагаар урамшуулна. Цагийн зах зээлийн үнэ 90 мянган евро байдаг аж.
ФРАНЦ
Өмнөх Европын аварга шалгаруулах тэмцээний үеэр хөлбөмбөгийн холбоо шигшээ багийн тоглогч бүртээ 300 мянган еврог амалж байсан. Гэсэн авч баг нь тивийн аварга болж чадаагүй. Тэгвэл дансандаа үлдсэн тэрхүү мөнгөө ДАШТ-д хэрэглэнэ. Энэ удаад мөнгөн дүнгээ өсгөсөн бөгөөд дэлхийн аварга болсон тохиолдолд 400 мянгаг еврог өгнө.
БЕЛЬГИ
Бельгийн шигшээ супер бүрэлдэхүүнтэй ч гэлээ дэлхийн аварга болох багуудын тоонд нэрлэгдэхгүй байгаа. Хөлбөмбөгчиддөө ялагчийн сэтгэл зүй суулгах гэсэндээ юу Хөлбөмбөгийн холбоо нь дэлхийн аваргаар тодорвол тоглогч бүрт 1.000.000 евро олгоно гэж том амалж байсан. Гэтэл энэ тоо өнөөдөр 600 мянга болон хувирчээ.
БРАЗИЛ
Одоогоор мэдэгдээд байгаа тоонуудаас хамгийн өндөр шагналыг Бразил амалж буй. Испанийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар дэлхийн аварга болвол 23 тоглогч тус бүрийг 1.000.000 доллароор шагнах ажээ.
АНГЛИ
Английн шар хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар шигшээ нь дэлхийн аварга болох аваас тоглогчид нь таван сая стерлингийг хуваан авна. Тодруулбал, нэг хөлбөмбөгчинд 200 мянга орчим оногдох аж. Хэрэв хэсгээсээ шалгарч чадахгүй бол сохор зоос ч хүртээхгүй гэсэн болзлыг холбоо нь тавьжээ.
ИСПАНИ
Marca сонин мэдээлснээр Испанийн хөлбөмбөгийн холбоо шөвгийн наймын шатнаас эхлэн шагнал бодож эхэлнэ. Тус шатанд шалгарвал тоглогч бүрийг 30 мянган еврогоор шагнах бол хагас шигшээд 60 мянга, мөнгөн медаль 90 мянга, алт 125 мянган евро байна.
ОХУ
Хойд хөршийн хөлбөмбөгийн холбоо ФИФА-гийн зүгээс олгох 9.5 сая долларыг баг хамт олондоо хуваан өгөхөө зарласан. Гэхдээ бүгдийг нь биш. ДАШТ-ий цикл буюу дөрвөн жилийн хугацаанд гарсан зочид буудал, бэлтгэл, нислэгийн зардлыг танаж аваад үлдсэнийг олгох гэнэ.