Маргааш Монголын цагаар шөнийн 02:45 минутад ертөнцийн хөлбөмбөгийн клубүүдийн хамгийн том тэмцээн Аваргуудын лигийн шигшээ тоглолт Украины нийслэл Киев хотод болно. Энэ тоглолтод өөр өөрийн онцлогтой, өөр өөр амжилттай “Реал”, ”Ливерпүль” багууд өрсөлдөнө. Испанийн клуб тус тэмцээнд дараалан гурав дахиа түрүүлж хосгүй амжилтын эзэд болохыг хүсч байгаа бол Английн баг том тэмцээнүүдийн тэргүүн байрт шалгарч чадаагүй 14 жилийн түүхээ зогсоох зорилготой явна. Дотоодын өрсөлдөөндөө мөнхийн дайсан “Барселона”-д хамаг цом, нэр төрөө алдсан одгүйтлээ “Реал” Аваргуудын лигийн түрүүгээр азгүй улирлаа цайруулах гэж буй бол ”Ливерпүль” олон жилийн дараагаар эрс хөгжин цэцэглэсэн улирлаа аваргын цомтой дуусгахаар зорин байна. Бүрэлдэхүүний чансааг үзүүлэлт амжилттай нь дүйцүүлээд үзвэл тэдний хүч эн тэнцүү юм. Гэхдээ л олон спорт сонирхогчид “Реал”-д бооцоогоо даатгаж байна. Арга ч үгүй биз ээ. Роналду л гэхэд Аваргуудын лигийн шигшээ тоглолтод зургаантаа шалгараад дөрөвт нь түрүүлсэн супер амжилттай яваа. Бусад нь дор хаяж хоёр удаагийн цомтой нуль туршлагууд байна. Гэтэл ”Ливерпүль”-д ийм хүн үгүй. Байгаа ганц нь хамгаалагч Морено. “Севилья”-д байхдаа Европа лигийн хошой аварга болсон удаатай. Тэгэхээр ”Ливерпүль” баг Фирмино, Сане, Салах гэсэн аймшигтай өндөр түвшинд ойлголцсон, айхтар хурдан довтолгоотой хэдий ч туршлага гээч хэцүүхэн эдэд бүдэрчих нягуур байгаа юм. Тиймээс тэд хамгийн гол давуу талаа аль болох түргэн ашиглах хэрэгтэй. Тоглолтын эхэнд гоол оруулж чадах асуудлыг өөрийн талд эргүүлэх боломжийг гаргаж ирнэ. “Ливерпүль” ялагдашгүй гэгдээд байсан “Манчестер Сити”-г хасагдах шатанд ингэж л хожсон. Эсрэг тохиодолд, том тэмцээний утаа олон үнэртсэн, ямар ч үед тайван байдлаа хадгалж чаддаг “Реал”-д тактикдуулчих аюултай. Тэд өмнөх шатанд “Бавари”, “Ювентус”-ыг мөн тэгж л ялсан.
Нийтийн эрх ашгаас гадна хувийн үзүүлэлтдээ анхаарч буй хоёр эрхэм эдгээр багт байгаа нь, Криштиану Роналду, Мохаммед Салах. 2017 оны Дэлхийн шилдэг хөлбөмбөгчний цолоо энэ жил авч үлдэх боломжийг Аваргуудын лигийн түрүү л Роналдуд олгох бол тэр цомыг хүртэх боломжийг энэ тоглолт л Салахт өгөх юм. Өөрөөр хэлбэл, Роналду-Месси гэж хоёр туйлт дэлхийн хөлбөмбөг Салахын ачаар гурван туйлт болох уу гэдгийг шийдэх чухал тоглолт юм. Харин Мессигийн зорилго тэднийхээс том байгаа, Дэлхийн аваргын тэмцээнд түрүүлэх. Үүний тулд энэ жил хүчээ нөөж, нэг хөлөөрөө тоглож ирсэн. Түүнд түрүүлчих аваас Дэлхийн шилдэг хөлбөмбөгчний цол Мессигийнх.
Ийм л олон гогцооны уулзвар, олон учгийн тайллыг агуулсан тоглолт маргааш болох гэж байна.
АВАРГУУДЫН ЛИГИЙН МЭРГЭН БУУЧИД (2017-2018)
1. Криштиану Роналду (Реал) 15
2. Мохамед Салах (Ливерпуль) 11
3. Роберто Фирмино (Ливерпуль) 11
4. Виссам Бен-Йеддер (Севилья) 10
5. Садио Мане (Ливерпуль) 9
6. Эдин Жеко (Рома) 8
7. Гарри Кейн (Тоттенхэм) 7
8. Эдинсон Кавани (ПСЖ) 7
АВАРГУУДЫН ЛИГИЙН БҮХ ҮЕИЙН МЭРГЭН БУУЧИД (гоол)
1.Криштиану Роналду (Португаль) 120
2. Лионель Месси (Аргентин) 100
3. Рауль (Испани) 71
4. Рууд ван Нистелрой (Голланд) 56
5. Карим Бензема (Франц) 53
6. Тьерри Анри (Франц) 50
7. Альфредо ди Стефано (Испани) 49
8. Андрей Шевченко (Украин) 48