Францын хөлбөмбөгийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Дидье Дешам ОХУ-д зохиогдох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох бүрэлдэхүүнээ зарласан. Тэгэхдээ 11 тоглогчийг нөөц тоглогчоор нэрлэж, дуудсан цагт шигшээ багт очихыг даалгажээ. Өөрөөр хэлбэл үндсэн тоглогчдын хэн нэг нь гэмтсэн тохиолдолд түүнийг нөхөж тоглох үүрэгтэй. Энэ шалтгаанаар дасгалжуулагч Дешам “Пари Сен Жермен” клубийн хагас хамгаалагч Адриен Рабьог Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлээ базааж буй шигшээдээ дуудсан боловч татгалзсан хариу авчээ. Эрхэм Рабьо өөрийг нь анх үндсэн багт биш нөөц 11 тоглогчоор тооцсонд ихэд гомдсон учир очихгүй гэсэн хариу өгсөн аж. Өөрийгөө топ хөлбөмбөгчин гэж эндүүрсэн Рабьогийн гаргасан шийдвэрийг Франц даяараа гайхан хүлээж авлаа. Хэвлэлүүдийн нь тэмдэглэж байгаагаар “Гомдлоо гомдлоо гэхэд ДАШТ-ээс татгалздаг хачин залуу” хэмээн шүүмжилж байна. Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох улсынхаа шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаагүйдээ топ тоглогчид харуусан эмгэнэж буй энэ өдрүүдэд Адриен Рабьогийн шийдвэр яах аргагүй содон үйлдэл боллоо. Дидье Дешам түүний оронд “Челси” багийн Бакайоко, “Лион”-ы Ндомбеле хоёрын нэгийг дуудах аж.