Сонсголын бэрхшээлтэй ч дугуй болон уулын спортоор тууштай хичээллэж, олон зуун хүнд итгэл найдвар бэлэглэсэн Ч.Мөнгөндалайг монголчууд андахгүй болов уу. Сайн тамирчин төдийгүй үлгэр жишээ аялагч тэрбээр өнгөрсөн сарын 18-нд Сэлэнгэ аймгийн нутгаар урсдаг Орхон голын эрэг дагуух хогийг ганцаараа цэвэрлэж, бөөгнүүлээд, тээвэрлэж, төвлөрсөн цэгт хаяхыг Сэлэнгэ аймгийн Орхон сумын удирдлагаас хүсээд, аяллаа үргэлжлүүлсэн байна.
Гэтэл үүнээс хойш 20 гаруй хоногийн дараа буюу уржигдар тэрбээр “Ачаа ачих машин байна уу. Хог ачуулах гэсэн юм” хэмээн ихэд бухимдангуй зураг, нийтлэлийг цахим сүлжээнд оруулсан байв. Учир нь, түүний шуудайлж, бөөгнүүлсэн хогийг ачиж хаях сайн санаатан олдоогүй аж. Харин ч шуудайлсан хогийг нь талаар нэг тараасан байж. Ингээд тэрбээр 40 мянган төгрөгөөр машин хөлсөлж, хогийг ачуулсан гэнэ.
Ажлаа дуусгаж санаа амарсан тэрбээр уржигдар “2018 оны тавдугаар сарын 13. Орхон гол цэвэр. 40 мянгыг би жолоочид өгсөн” гэж нүүр номдоо бичжээ. Ч.Мөнгөндалайг гол дагуух хогийг цэвэрлэсэн талаараа цахим сүлжээнд мэдээлэхэд түүнийг сайшааж, шагшигчид хэдэн зуугаараа “бөөгнөрсөн”. Харин түүсэн хогийг нь ачуулаад хаячих сэтгэл тэдний хэнээс нь ч гарсангүй.