Монголын шувуу хамгаалах төвийнхөн өнгөрсөн зун Галбын говьд монгол хулан жорооны үржлийн биологийн судалгаа хийсэн бөгөөд түүнийг нь Төв Ази болон Казахстаны амьтан судлалын “Selevinia” сэтгүүлд онцолжээ. Тус төвийн судлаач П.Ганхуяг “Дэлхийд говь цөлд тархсан дөрвөн зүйл хулан жороо байдгийн нэг нь монгол хулан жороо.
Бид судалгаандаа энэ амьтны биологийн асуудлыг хөндсөнөөс гадна ангилал зүйг нь онцолсон. Говьд тархсан дөрвөн зүйл хулан жороо нь цөм podoces хэмээх нэг төрөлд хамаардаг байв. Гэтэл Монголынх Казахстан болон Иранд байдаг хоёр зүйлээс үржлийн биологи болон экологийн хувьд хэд хэдэн шинжээрээ ялгаатай нь энэ зүйлийг enpodoces төрөлд хамруулах шалтгаан болсон.
Мөн зан төрх, ялангуяа ангаахайгаа хамгаалах, асрах үед гаргадаг дуу авиа нь өөр. Энэ мэдээллийг баримтжуулж, бусадтай нь харьцуулах судалгааг ОХУ-ын ШУА-ийн Экологи, эволюцийн хүрээлэнгийн эрдэмтэнтэй хамтран хийсэн юм.
Энэ өгүүлэл, судалгааг Ираны бас нэг сэтгүүл удахгүй онцолно” гэв. Хээрийн судалгаанд шаадлагатай зарим зардлыг Байгаль орчин, уур амьсгалын сангийнхан гаргаж, Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан бас дэмжжээ.