Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн анхны тамирчдын нэг, спортын мастер Гэндэндаржаагийн Банзрагч гуайтай ярилцлаа. Өдгөө 82 настай тэрбээр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ач, зээгээ тойруулан, сайхан амьдарч байна.
Хууралтын техникээрээ гайхагдан, “Уран хуурагч” хэмээх хочоор алдаршиж явсан Г.Банзрагч гуай спортын мастер цолны болзол хангасан, олон улсын зэрэг хүртсэн төдийгүй Монголын хөлбөмбөгийн холбооны нарийн бичгийн даргаар ажилласан (13 жил) анхны эрхэм.
Биднийг түүнээс ярилцлага авахаар гэрт нь очиход “Хаа хол Улаанбаатараас намайг зориод ирдэг ямар сайхан юм бэ. Холоос ирсэн сэтгүүлчид ховор, чамин л юм ярихгүй бол болохгүй байх” хэмээсээр угтав.
-Сайхан хаваржиж байна уу, та. Саяхан ДАШТ-д түрүүлсэн багт олгодог “Алтан цом” манай улсад айлчилж, Монголын үе үеийн хөлбөмбөгийн шигшээ багийнхан уулзсан. Газар холдоод очиж амжсангүй юу?
-Сайхан хаваржиж байна аа. Говьд урин цаг эрт ирдэг болохоор ногоо ургаад, хүн, малын зоо аль хэдийнэ тэнийсээн. Хөлбөмбөгчин бүрийн мөрөөдөл болсон “Алтан цом”-ыг дэргэдээс нь харах, хөлбөмбөгчидтэйгээ уулзахыг хүссэн ч хөгшний бие чилээрхээд очиж чадсангүй. Нөгөө талаар өндөр настай надад 700 гаруй км зам туулан байж Улаанбаатар хотод оччихоод гэртээ ирэх амаргүй даваа болжээ.
Аюулаас хамгаалах тасгийг Замын-Үүд суманд 1985 онд байгуулагдахад анхных нь даргаар намайг томилсон юм. Тэр жил манайх энд нүүж ирснээсээ хойш амьдарч байна. Өгөөжтэй сайхан нутаг даа. Намайг Замын-Үүдэд ирэхэд МХБХ-ноос хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, тамирчин бэлтгэх тусгай даалгавар өгсөн юм. Би зургаан баг дасгалжуулан, шавь бэлтгээд дотоодын тэмцээнд чамлахааргүй амжилт гаргасан. Энхтөр гэдэг шавь минь БНСУ-ын лигт тоглож байгаа.
-Та 82 настай гэхээргүй гялалзаж байна. Спортын буянаар тэр байх?
-Хүмүүс тэгж хэлдэг л юм. Миний мундаг, өөртөө арчаатайнх гэж юү байх вэ. Насаараа хөлбөмбөгийн спорттой амьдралаа холбож яваагийн л ач.
-Дээр үед монголчууд хөлбөмбөгийг хаалга гаргах тоглоом гэж нэрлэдэг байсан юм билээ. Монголд хөлбөмбөгийн спорт хөгжөөгүй, гадарлахаас цаашгүй байхдаа “Пионер” багийг байгуулсан гэсэн.
Хөлбөмбөгчин болохын тань эхлэл тэр байв уу?
-Тийм. Би Хэнтий аймгийн Галшар суманд төрсөн хүн. Хөлбөмбөгчин болж байна гэж зүүдэлдэг, хаа сайгүй хөлбөмбөг тоглоод дэгдэж явдаг байлаа. Хичээл тарангуут ангиараа “Хаалга гаргах тоглоом тоглоё” гээд л сургуулийн гадна талбайд өрсөлдөнө. Номтой цүнхээ овоолж тавьчихаад л. Бөмбөг олдохгүй ээ. Олдсон ч амархан хагарчихна.
Өөрсдөө л хөлбөмбөг “үйлдвэрлэнэ”. Баахан даавуу ороож, бөөрөнхийлөөд бөмбөг хийдэг байлаа. Тэр үеэс л хөлбөмбөг сонирхож, амжилтын төлөө зүтгэн, өдий хүртэл өгөөж буяныг нь хүртэж яваа хүн дээ, би. Манайх Улаанбаатар хотод шилжиж ирэн, би I сургуулийн зургадугаар ангид сурч байхдаа “Пионер”-ыг санаачлан байгуулж, сургуулийнхаа хүүхдүүдээр багаа бүрдүүлсэн түүхтэй. Олонх нь спортын зэрэг хүртсэн.
Тэмцээнд багаа ахлан, дасгалжуулаад оролцдог намайг хөлбөмбөгийн хүрээнийхэн “Капитан Банзрагч” гэдэг байлаа. Шөнө нь гоол оруулж байна гэж зүүдэлдэг, түүнийгээ өдөр нь биелүүлдэг байв (инээв). Насанд хүрээгүй болохоор нийгэмлэгүүд багтаа тоглуулахгүй. Тиймээс залуучуудын болон жижиг тэмцээнд түлхүү өрсөлдөнө.
Улсын есдүгээр спартикиадад “Туяа” нийгэмлэгийн нэр дээрээс хүч сориод хасагдан, уйлж явлаа, бид. “Пионер” багаараа “Залгамжлагч” нийгэмлэгийн нэрэмжит болон бусад тэмцээнээс цөөнгүй медаль хүртсэн.
-Наймдугаар ангид сурч байхад тань хөлбөмбөгийн анхны шигшээ багийг байгуулсан бил үү?
-Тэгсэн. 1956 он л доо. Монголын хөлбөмбөгийн анхны шигшээ багийг тухайн үеийн БТСХЭХ-ны дарга Ж.Лхагвасүрэнгийн тушаалаар байгуулсан юм. Ахлах дасгалжуулагчаар П.А.Себастьянов, туслах дасгалжуулагчаар Н.Лувсандорж багшийг томилж билээ. 15 тамирчинтай байгуулахад бүрэлдэхүүнд нь багтсан азтай хүн дээ, би.
Сарын 400 төгрөгийн цалинтай, баян сурагч байлаа (инээв). Анхны шигшээ багт тоглож явснаараа бахархалгүй яах вэ. Хөлбөмбөг гэдэг үг миний хоёр дахь овог, хөлбөмбөгчин миний хоёр дахь мэргэжил. Би уг нь насаараа тагнуулын байгууллагад ажилласан хүн шүү дээ. Тэгсэн мөртлөө олон хүн “Хөлбөмбөгчин Банзрагч” л гэдэг юм.
-Анхны шигшээ багийн тамирчдыг нэлээд өндөр шалгуураар шилж, сонгосон нь мэдээж. Ямар чадварыг чухалчилсан бэ?
-Бөмбөг тогтоох, хуурах, довтлохоос авахуулаад ур чадварыг голчилж, биеийн хөгжил, эрүүл мэндийг нь чухалчилсан. Тухайн үед бидэнд хамгийн сайн зөвлөгч бол дасгалжуулагчаас дутахгүй хөлбөмбөгийн дүрмийн тухай ном, сэтгүүл байлаа. Ихэвчлэн орос хэлээр хэвлэгдсэнийг нь уншина.
Монголд хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхэд гол түлхүүр, гарын авлага болсон “Хөлбөмбөгийн секцэнд заах хичээлүүд” гэдэг номыг би орчуулсан. Дараа нь шинэчлэн, дахин хэвлүүлсэн. Сусковын зохиосон тэр номыг уншин эл спортын анхны мэдэгдэхүүнтэй болсон, суралцсан олон хөлбөмбөгчин бий.
-Та хожим түүнтэй уулзсан гэж сонссон. Үнэн үү?
-Үнээн, бүр алдарт хаалгач Л.Яшинтай хамт. НАХЯ-д ажилд орсныхоо дараа ОХУ-д сурч байхад юм байна. 1976 он юм даг уу даа. Бид гурав нэлээд удаан ярилцсан. Тэд шүүгч мэргэжил эзэмшихийг надад зөвлөсөн юм. Хүмүүс Яшинг урт гартай гэдэг нь үнэн юм билээ. Зогсож байхад хуруунууд нь өвдөгнөөсөө доогуур татсан шүү.
-Та МУИС-ийн химийн багшийн ангийг төгссөн ч НАХЯ-нд томилогдон, тагнуулын байгууллагад зүтгэх болсон тань сонирхол татаж байна. Тэр их ажлын хажуугаар бэлтгэл, тэмцээнд оролцох ачаалалтай байсан нь лав. Хэрхэн зохицуулдаг байв?
-Нийгмийн аюулаас хамгаалах яаманд химийн лаборатори байгуулахад намайг томилсон юм. Очингуут дэслэгч цол олгосон. Тэгж тагнуулын байгууллагатай амьдралаа холбож байлаа. Ер нь бэлтгэл, тэмцээн гээд ажлаасаа байсхийгээд л чөлөө авна. Зарим хүн “Ажил хийдүүлээд байна” гэж хэл ам хийнэ, шүүмжилнэ. Сонирхдог, мөрөөддөг зүйлээ хийх сайхан.
Хөлбөмбөг тоглох, тамирчин байх хүслийнхээ дэмээр ажлын тэр их ачааллыг даван туулсан даа. Хувийн бэлтгэл сайтай, мундаг багштай байсан нь амжилтад их нөлөөлсөн болов уу. Нээрэн, би оюутан байхдаа МУИС-ийн оюутнуудаар баг бүрдүүлэн тэмцээнд оролцдог байв. Манай багийнхан улсын хэмжээнд нэр хүндтэй, хэр баргийн тэмцээнд аваргын төлөө “Алдар”-тай л өрсөлддөг байсан сан.
Монголын хөлбөмбөгийн анхны шигшээ багийнхан
-Үндэсний шигшээ багийнханд хэрэгтэй бүхнийг улсаас хангадаг байсан гэдэг. Бэлтгэлээ хэрхэн хийдэг байв?
-Долоо хоногийн зургаад нь хоёр цагаар бэлтгэл хийдэг, ганцхан өдөр амардаг байв. Бэлтгэлээ зөвхөн хөлбөмбөгөөр бус хүчний, боксын гээд төрөл бүрээр базаана. Уулын орой руу шуудайтай цемент үүрээд гүйнэ. Бэлтгэл тасалж, цалгардуулвал шийтгэнэ. Тусгай томилсон эмч өдөр бүр нарийн шинжилгээ авна, хоолоо тэгж, ингэж хэрэглэ гээд зөвлөнө. Бөмбөг нүдний гэм.
Зузаан тул бухын хүзүүний ширээр хийсэн бөмбөгөөр тоглодог байлаа. Тэр бөмбөгийг Арьс, ширний үйлдвэрт захиалгаар урлуулдаг байсан юм. Анхандаа Себастьянов багштай ойлголцоход амар байгаагүй ээ. Н.Лувсандорж багш орчуулдаг, түүний буянаар л хэл нэвтрэлцдэг байлаа. Монголд хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхэд хоёр багшийн минь гавьяа асар их. Н.Лувсандорж багш шиг мундаг дасгалжуулагч Монголд дахин төрсөнгүй ээ, харамсалтай нь.
Манай улс Азийн болон Дэлхийн хөлбөмбөгийн холбоонд элсээгүй тул олон улсын тэмцээнд оролцох эрх нээгдээгүй байв. Тухайн үед ЗХУ, БНХАУ гээд Азийн цөөхөн орны хөлбөмбөгчидтэй нөхөрсөг тоглолт хийнэ. Би 20 гаруй нөхөрсөг тоглолтод хүч сорихдоо 21 гоол оруулсан (Ямар тэмцээнд хэдэн гоол оруулсан тухай тэмдэглэлээ үзүүлэв). Хэдийгээр бид хүссэн тэмцээндээ өрсөлдөж чаддаггүй байсан ч “Азийн хаалгач, “Азийн хар муур” хочит Чомбуу зэрэг шилдгүүд тивдээ аль хэдийнэ танигдан, хүлээн зөвшөөрөгдчихсөн байсан шүү.
Ер нь тэр эрчээрээ зүтгээд байсан бол бид тивдээ өнгөлөх хэмжээнд хүрэх байсан гэдэгт би лав эргэлздэггүй. Себастьянов багшийн гэрээний хугацаа дуусаж, нутаг буцсаны дараа бүх зүйл талаар болсон доо. Учир нь, Үндэсний шигшээ багийг татан буулган, тамирчдыг “Алдар” нийгэмлэг (өдгөө хороо болсон)-т харьяалуулсан юм. Биднийг ид гялалзан, торгон ирэн дээрээ байхад тийм шийдвэр гаргасанд харамсаж явдаг.
-Бүгдээрээ “Алдар”-ын тамирчин болсон уу. Хэн нэгнийг хасаж, нэмсэн үү?
-Шигшмэл тамирчид тул бүрэлдэхүүнд нь ямар нэгэн өөрчлөлт оруулж, шинээр тамирчин аваагүй. 17-20 настай хөлбөмбөгчид “Алдар”-аар овоглож билээ. Үндэсний шигшээ багийг бүр сүүлд, Б.Ганболд ерөнхийлөгчөөр томилогдсоны дараа сэргээсэн шүү дээ.
-Багш тань гэрээгээ сунгах боломж хэр байсан бол?
-Байсан, эсвэл байгаагүй гээд шууд хэлэхэд бэрх. Олуулаа тэмцээнд оролцох, бэлтгэл хийхэд зардал өндөртэй. Биднийг гавьсан амжилтгүй гэж шүүмжлэн, татан буулгах сонирхол хаана хаанаа байсан юм шиг байна лээ.
Анхны үндэсний шигшээ баг Монголын хөлбөмбөгийн холбооноос хоёр насаар “ах”. МХБХ-ны 60 жилийн ой ирэх онд тохионо. Ойн хүрээнд хөлбөмбөгийн музей байгуулах гэж байгаа юм билээ, надаас анхны шигшээ багт тоглож байх үеийн олон зураг авсан.
-Та МХБХ-ны анхны ерөнхий нарийн бичгийн даргаар 13 жил ажиллахдаа үндэсний шигшээ багийг сэргээх санал тавьсан уу?
-Тийм санал гаргалгүй яах вэ. Тэгэхийг юу юунаас илүү хүссэн юм. Даанч бидний саналыг юман чинээ тоогоогүй ээ. Хожим ч гэлээ сэргээсэнд нь олзуурхдаг.
-Спортын хүрээнийхэн таныг “Уран хуурагч” гэдэг юм билээ. Таны хуурах техник бусдаас эрс ялгардаг байсан гэдэг. Бусдаас юугаараа ялгаатай вэ?
-Би сэлгээнээс тоглож ер үзээгүй, довтлогчийн байрлалд хүч сорьдог байв. Дунгуйлдаж, биеэрээ 45 градус налж, хазайгаад хуурдаг нь миний онцлог. Тэгэхдээ бөмбөгнөөсөө салахгүй, намайг 2-3 тамирчин хамгаалдаг байв.
Лувсандорж багш “Зөвхөн Банзрагчийн бус Монголын хууралт” гэж магтдаг байж билээ. Хууралтаа би өөрөө бодож олсон юм.
-Тан шиг тэгж хуурдаг тамирчин Монголд бий юү?
-Өмнө нь байгаагүй, одоо ч байхгүй. Өөрийгөө магтсан болох вий дээ. Ахмад хөлбөмбөгчид сайн мэднэ.
-А.Мөрөн тэргүүтэй цөөнгүй тоглогч гадаадын лигт тоглоод байна. Өнөөгийн хөлбөмбөгчдийн ур чадварт та ямар дүн тавих вэ?
-“Монгол хүний нуруу урт, хөл богино, хурд сайтай. Биеийн хөгжил, онцлогт нь тохирсон спортын нэг нь хөлбөмбөг” гэж гадаадын нэгэн эрдэмтэн тодорхойлсон байдаг. Өнөөгийн хөлбөмбөгчид нуруулаг, дамжуулалт сайтай болж. Харин бөмбөг эзэмших, хувийн ур чадвар тааруу, өөртөө итгэл муутай нь анзаарагддаг.
Бэлтгэл муу байгаагийн шинж л дээ. Онцолчихмоор, бусдаасаа ялгарах тамирчин ч алга. Азийн бэлэгдлийн шигшээ багийн хаалгачаар тодорсон Чомбуу байсан ч болоосой. Бид найзыгаа мөнхөд дурсахын тулд хөшөөг нь сүндэрлүүлсэн.
-Тэмцээн болохоос хэдхэн сарын өмнө цугларан, бэлтгэл хийгээд л өрсөлдөж буй тамирчдыг буруутгах аргагүй байх?
-Тийм шүү. Би ч бас санал нийлнэ. Уг нь үндэсний шигшээ багийнхныг тэмцээний өмнө цуглуулдаг бус тогтмол бэлтгэл хийдэг, сар бүр цалин олгодог болчихвол хөлбөмбөгийн спортын хөгжил, тамирчдын амжилтад тун чиг тустай сан.
-Хүүхдүүдээс нь таны авьяасыг өвлөсөн хүн бий юү?
-Би есөн хүүхэдтэй. Дөрвөн хүү минь хөлбөмбөг сонирхдог байсан ч тууштай хичээллээгүй.
-Та хамгийн сүүлд хэзээ хөлбөмбөг тоглосон бэ?
-70 насныхаа ойгоор тоглосон. Багшийгаа 50 насандаа хөлбөмбөг тоглоход “Мундаг юм аа” гэж бахархсан ч бэртчих вий гэж санаа зовж байв. 12 жилийн өмнө намайг хөлбөмбөгөөр өрсөлдөхөд хүмүүс бас тэгж бодсон байх даа (инээв).
-Анхны шигшээ багт тоглож байсан тамирчидтайгаа уулзах боломж хэр гардаг вэ?
-Одоо надаас гадна тавхан тамирчин үлдэж дээ, хөөрхий. Олонх нь 80 гаруй настай. Боломж л гарвал уулзахыг хичээдэг. Даанч тэгэх боломж тэр бүр гарахгүй юм аа. Бид хамгийн сүүлд, уржнан уулзсан, утсаар үргэлж холбоо барьдаг.