Монголын хоймор нутаг Хөвсгөлтэй холбоотой сайн, муу хоёр мэдээ байна. Сайн нь гэвэл, байгалиа бохирдол, доройтлоос хамгаалахын тулд аймгийн ИТХ бүх газар нутгаа тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргалаа. Ингэснээр тус бүс нутаг уул уурхайгаас ангид болж, аялал жуулчлал нэрийн дор газар олгох явдал гаарахгүй гэж тэд үзэж буй. Тэд энэ шийдвэрээрээ улсдаа төдийгүй дэлхийд анхдагч боллоо хэмээн бахдаж, хөөрцгөөж байна. Баярлахаас ч аргагүй. Харин саар нь, уур амьсгалын өөрчлөлтийн сүүдэр эл аймагт хамгийн их тусаж, Хөвсгөл эрс өөр болсныг бид анзааралгүй өдий хүрчээ.
МУИС-ийн Биологийн тэнхимийн багш Ө.Баярсайханы “Хөвсгөл улаан гантай аймаг боллоо. Өмнө нь ийм байгаагүй” хэмээн ярьсны дагуу судалж, мэдээлэл цуглуулахад баттай болох нь илэрхий байв. Нутгийнхан байгалиа хүний үйл ажиллагаанаас хол байлгах гэж томоохон шийдвэр гаргасан ч өөр нэг аюул отож буй нь энэ аж.
Хөвсгөл аймгийн газар нутгийн 35.4 хувь буюу 35.5 мянган ам метр талбайг ой эзэлдэг бөгөөд гацуур, хуш, улиас, нарс зэрэг навчит болон шилмүүст модны олон төрөл ургадаг. Хангайн нуруунаас эх авсан Идэр, Тэс, Бүгдгээн, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шарга, Шишгэд, Эг, Үүр, Уйлган зэрэг 400 гаруй гол, горхи, мөрөн болон том, жижиг 300-гаад нуур тэнд бий. Цэнгэг тунгалгаараа дэлхийд тэргүүлдэг, талбайн хэмжээгээр Монголд хоёр, Азид аравдугаарт ордог Хөвсгөл нуур энэ нутгийн чимэг.
Ой, тайга бүхий долоон аймгийн нэг, ургамалжилт буюу ургамлын зүйлийн бүрдэл баялаг, томоохон нуурын ай савд багтдаг учир Хөвсгөл манай орны хамгийн зөөлөн, чийглэг, таатай уур амьсгалтай бүсэд тооцогддог байж. Гэтэл одоо манай орны ерөнхий хэв шинж болох хуурай, эрс тэс уур амьсгал руу улам бүр ойртсоор буйг судлаачид хэлэх болов.
Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ ашиглан 2015 оноос гаргаж эхэлсэн ган, зудын эрсдэлийн зургаас энэ үйл явц маш тодорхой харагдаж байна. Он оны мэдээллийг харахад Хөвсгөлийн ихэнх нутаг гантай, зудын эрсдэл их, нэн их гэсэн статус байнга дагалдах болж. Өнгөрсөн зун гэхэд 23 сумын 20 нь гантай, газрын гарц маш муу байжээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн гол илрэл нь ууршилт эрчимжих юм. Ингэснээр газрын хөрсөнд хуримтлагдах чийгийн хэмжээ буурах, хур тунадас татарч, бороо шиврээ биш, аадар хэлбэрээр зонхилон орох, гол, горхи ширгэж, урсац нь багасах, ургамлын төрөл, зүйл хумигдах зэрэг мэдэгдэхүйц сөрөг нөлөө илэрдэг. Эдгээр нь хуурайшилт ихсэж ган, зуд болох таатай нөхцөл болж байна.
Энэ үзэгдлүүдээс ганцыг нь л онцлоход, ургамлын бүлгэмдэл хамгийн их өөрчлөгдсөн, бэлчээрийн сэргэх чадавх муу буюу III зэрэгтэйд Хөвсгөл орсон тухай “Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайлан-2016”-д дурджээ. Үүнд мэдээж хүн амын нягтшил, малын тоо толгойн өсөлт, бэлчээрийн даац зэргээс гадна байгаль, цаг уурын өөрчлөлт голлон нөлөөлснийг онцолсон байв.
...Он гарснаас хойш Хөвсгөлд ой, хээрийн түймэр найман удаа дэгдсэний тав нь энэ сард байв. Өвөл шувтарч, урь оров уу, үгүй юү, аюул эхэллээ. Хамгийн сүүлд энэ сарын 15-нд тус аймгийн Эрдэнэбулган суманд ийм гамшигт үзэгдэл гарсан..
Хөвсгөлийн нутаг аажмаар “хатаж” буйн нотолгоо нь чийглэг, зөөлөн уур амьсгалтай эл бүсэд түймэр байнга дэгдэх боллоо. 2008 онд гэхэд тус аймагт ганцхан удаа түймэр дэгдсэн нь улсын хэмжээнд хамгийн бага үзүүлэлт байж. Гэтэл 2010 онд 28, 2011 онд 77, 2013 онд 89 гэж өссөөр 2015 онд 238, 2016 онд 239 болжээ. БОАЖЯ-ны Байгаль орчны мэдээллийн санд уг статистик байна.
Тус бүс “Ойн цэвэрлэгээ хийдэг компаниуд санаатай түймэр тавьдаг. Ой, тайга ихтэй Хөвсгөлд түймэр дэгдэхгүй байхад юу ч үгүй, нүцгэн газарт яагаад гал гараад байна” хэмээн сайн жишээ болдог цаг ард хоцорчээ. Үүний шалтгаан нь цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй мөнөөх хуурайшилт.
Он гарснаас хойш Хөвсгөлд ой, хээрийн түймэр найман удаа дэгдсэний тав нь энэ сард байв. Өвөл шувтарч, урь оров уу, үгүй юү, аюул эхэллээ. Хамгийн сүүлд энэ сарын 15-нд тус аймгийн Эрдэнэбулган суманд ийм гамшигт үзэгдэл гарав. Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрынхны мэдээлснээр өдгөө Хөвсгөл аймгийн нийт нутгаар хуурайшилт ихтэй, Тариалан, Тосонцэнгэл, Мөрөн, Их-Уул, Төмөрбулаг гэсэн таван сум түймрийн эрсдэлийн нэн аюултай буюу IV, Цагаан-Уул, Баянзүрх III зэрэглэлд байна. Хуурайшилтын улирал дөнгөж эхэлж буй энэ үед ийн сандарч буй хөвсгөлчүүд цаашид хэрхэх бол.
Тус аймгийн БОАЖГ-ын Хүрээлэн буй орчин, амьтан, ургамлын асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй утсаар холбогдож, одоогийн нөхцөл байдлыг тодруулахад “Газар нутгийн 80-90 хувь хуурайшилттайбайгаа. Үүнд байгалийн хүчин зүйл нөлөөлж байгаа ч иргэд сонор, сэрэмж алдсанаас аюул учруулах тохиолдол ч байна. Хуурайшилт их болсон энэ үед уг нь иргэд илүү болгоомжтой байх ёстой шүү дээ.
Сүүлд Баянзүрхэд дэгдсэн түймэр 100 хувь иргэний буруугаас болсон. Хөвсгөлийн уулсад 2008 оноос газрын генератор 12-ыг суурилуулж, зориудаар хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газар бусад байгууллагатай хамтраад идэвхтэй явуулж байна. Ингэхээс ч аргагүйд хүрсэн” хэмээн ярилаа.
Хуурайшилт эрчимжиж, уур амьсгал ширүүн болохын хэрээр байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ихсэж, удаан хугацаанд үргэлжилбэл экологийн тэнцвэрт байдлыг хадгалагч амьтан, ургамал, ус, хөрс гээд хүрээлэн буй орчинд тэр чигтээ халгаатай аж. Нэг нь л доройтоход бусад нь дагаад “хямарч” мэдэх байгалийн энэ гинжин холбоог хэвээр нь хадгалахын тулд хөвсгөлчүүд нэмэр болж чаддаггүй юм гэхэд нэрмээс болохгүй, байгальдаа халгүй амьдрах хэрэгтэй.
Ядаж л хөх сувд гэгддэг Хөвсгөл далайгаа хамгаалах нь чухал. “Уур амьсгалын 1986-2005 оны үетэй харьцуулсан ирээдүйн ган болон зудын индексийн өөрчлөлт”-д тооцоолсноор 2080 онд Монгол оронд ган, зудын эрсдэл 40-45 хувиар нэмэгдэх гэнэ. Хуурайшилт улам л нэмэгдэж, үүнээс үүдэлтэй сөрөг нөлөөлөл ихсэх нь гарцаагүй. Тэгэхээр байгаль орчны асуудал хариуцсан шат шатны байгууллагууд Монголын нүүр царай, жуулчдын соронз болсон хоймор нутгаа хамгаалахад одооноос анхаарахгүй бол дэндүү оройтсон байх вий.