Нийт есөн тоглолтод 15 гоол оруулсан К.Роналду тэргүүтэй Португалын шигшээ баг ОХУ-ыг зорих эрхээ авсан. Тэд Европын бүсийн В хэсэгт 10 тоглолтод ес ялсан нь “Селесао” ид үедээ явааг харуулсан бас нэгэн нотолгоо байлаа. 2014 оны есдүгээр сараас Португалын шигшээ багийг удирдсан Ф.Сантуш сонгон шалгаруулалтын нийт 17 тоглолтын нэгээс бусдад нь багаа ялуулжээ. Энэхүү гайхалтай цувралын явцад тэд 2016 онд Европын аварга болсон. К.Роналдугийн хувьд дэлхийн аварга болох сүүлчийн боломж нь энэ тэмцээн. Португалчууд энэ удаагийн тэмцээнийг сэтгэл өөдрөг зорьж буй ч Пепе, Хосе Фонте, Бруну Алвеш нарын ахмадын орыг залгамжлах залуус алга.
Онцлох үйл явдал
2016 оны арваннэгдүгээр сар
Европын шинэхэн аваргууд гэмтэлтэй К.Роналдугийн эзгүйд Базель хотноо талбайн эзэн багт 2:0-ээр ялагдав.
2016 оны аравдугаарр сар
Фароэгийн арлуудын багийг 6:0-ээр бут ниргэхэд Андре Силва шигшээ багийн төлөө хамгийн залуудаа хэт-трик бүртгүүлсэн тоглогч боллоо.
2017 оны есдүгээр сар
Будапешт хотод болсон ширүүн тулаанд А.Силва цорын ганц гоол оруулснаар тэд В хэсгийн тэргүүлэгчийн төлөө Швейцарийн багтай өрсөлдөх нь тодорхой болов.
2017 оны аравдугаар сар
Гол өрсөлдөгч Швейцарийг маш чухал тулаанд харьцангуй хялбархан буюу 2:0-ээр ялснаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ Португал шууд авлаа.
Нөхөрсөг тоглолт
Өнгөрөгч сард Португалын шигшээ хоёр нөхөрсөг тоглолтод оролцсоноос Нидерландын багт 0:3-аар бут ниргүүлсэн нь тун таагүй явдал болов. Тэд ирэх сард Тунис, зургадугаар сарын 2, 7-нд Бельги, Алжирын багтай нөхөрсөг тоглолт хийнэ.
Хэсгийн тоглолт
Зургадугаар сарын 15-нд болох В хэсгийн эхний тоглолт энэ удаагийн ДАШТ-ий онцлох тулааны нэг болно. Учир нь энэ өдөр Португал, Испанийн шигшээ тоглох юм. Ялагч нь хэсгээ тэргүүлэх биз ээ. Дараа нь Марокко, Ираны багтай зургадугаар сарын 20, 25-нд тус тус тоглоно.
Дасгалжуулагч Фернанду Сантуш
П.Бентуг залгамжилсан тэрбээр шигшээ багийг гурван жил удирдаж байна. Португалын шигшээ багийн түүхэн дэх шилдэг дасгалжуулагч гэгдэж буй Сантушийн гэрээ 2020 онд дуусах юм.
Тоглогчид
Од тоглогч
Энэ багийн маргаангүй лидер, багийн ахлагч К.Роналдугаас гадна сонгон шалгаруулах тоглолтуудад есөн гоол оруулж, довтолгоонд CR 7-д түшиг болж эхэлсэн Андре Силваг (шигшээ багт 22 тоглож, 11 гоол) дурдалгүй өнгөрч болохгүй.
Ахмад тоглогч
Пепе хамгаалалтын ноён нуруу хэвээр байгаа бол Рикарду Куарежма, Жоао Моутиньо довтолгоонд хувь нэмэр оруулах ёстой. Энэ гурван тоглогчийн хувьд “Russia-2018” нь дэлхийн аваргад өндөр амжилт гаргах сүүлчийн боломж.
Үгүйлэгдэх тоглогч
Сонгон шалгаруулалтын ихэнх тулааныг гэмтлийн улмаас өнжсөн Рафаэль Герреро зүүн жигүүрт өмнө нь тоглож байсан Фабио Коэнтраогийн “хуулбар” мэт санагдаж эхэллээ. Хоёул авьяаслаг тоглогч боловч гэмтэх дэндүү “дуртай”.
Дебют
2015 онд 18 настайдаа шигшээд дуудагдаж, хоёр тоглолтод оролцсон Гонсалу Гуедэш энэ жил шигшээ багт эргэн ирсэн.
Хариулт нэхсэн асуулт
Тэд довтолгооны формоо хадгалж чадах уу?
Олон жилийн турш Португалын багт найдвартай, төвийн сайн довтлогч дутагдсаар ирсэн. Харин А.Силва шигшээдээ гайхалтай тоглож, К.Роналдутай гар нийлэх болсноор тэрхүү орон зайг нөхөж эхлэв.
Б.Силваг хэрхэн ашиглах вэ?
К.Роналдугаас хойш Португалаас төрсөн хамгийн авьяаслаг тоглогч бол Бернарду Силва. Гэвч Ф.Сантуш түүнийг 100 хувь ашиглаж чадахгүй л байна. Португал 4-4-2 тактикаар тоглох үед Б.Силва баруун жигүүрт тоглож байгаа бөгөөд түүнийг довтолгоонд түлхүү оролцуулахын тулд “даймонд” хувилбар хэрэгжүүлэхийг дасгалжуулагчаас олон хүн шаардаж буй.