Газар нутгаа бүхэлд нь орон нутгийн тусгай хамгаалалттай болгосон анхны аймаг Хөвсгөл боллоо. Еврази төдийгүй дэлхийн байгаль, цаг уурын тэнцвэрийг хадгалагч, экологийн чухал бүс болсон энэ нутагт сүүлийн үед аялал жуулчлал нэрийн доор газар олгох нь хэрээс хэтэрч, хууль бусаар ашигт малтмал хайгч, олборлогчид үүрлэхийг таслан зогсоохын тулд аймгийн ИТХ өнгөрсөн баасан гаригт ийм шийдвэр гаргажээ.
2009, 2014 онд Хөвсгөл аймгийн 50 дугаар өргөргөөс хойших газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад хэсэгчлэн авч, уул уурхайн 44 лиценз цуцалсан ч хамгаалагдаагүй үлдсэн хэсгийг сэндийчихийг санаархагчид олон байжээ. Өдгөө бүх нутгаа тусгай хамгаалалтад авснаар түгээмэл тархацтайгаас бусад төрлийн ашигт малтмал олборлохыг Хөвсгөлд бүрмөсөн хориглож, шинээр тусгай зөвшөөрөл олгохгүй гэнэ.
Тусгай хамгаалалттай газарт буюу Хөвсгөл нуурын эрэг дагуу өдгөө 129 иргэн, аж ахуйн нэгж газар эзэмшдэг гэнэ. Харин уул уурхайн хэчнээн лиценз бий, тэдгээрийг цуцлах, эсэхийг тус аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатараас тодруулахад “Зам, барилгад ашиглахаар элс, хайрга, шавар олборлогч ч энд цөөнгүй. Аймгийн хэмжээнд ашиглалтын ес, хайгуулын 20 гаруй лиценз бий. Бид юутай ч шийдвэрээ гаргалаа. Дахиж тусгай зөвшөөрөл олгохгүй. Одоо байгааг нь хэрхэхийг АМГТГ-ынхан шийднэ” гэсэн юм.