Өвөрхангай аймгийн Баянгол сумын Үнэгт хайрхан гэх газарт энэ сарын 9-нд аянга бууснаас мал, эзнийхээ хамт ниргүүлжээ. Орон нутгийн эх срувалжаас авсан мэдээллээр 20-иод хонь шатаж, эзэн нь гэмтэн эмнэлэгт хүргүүлсэн юм байна.
Энэ талаар Өвөрхангай аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Б.Оюунчимэгээс тодруулахад “Баянгол сумын төвөөс нэлээд зайтай газарт энэ сарын 9-нд дуу цахилгаантай бороо орж, аянга бууснаас малаа хариулж явсан иргэн гэмтэж эмнэлэгт хүргүүлсэн тухай мэдээлэл ирсэн. Тухайн хүний эрүүл мэнд сайжирч эмнэлгээс нэг их удалгүй гарсан. Тэр үед болон хэд хоногийн өмнө орсон цас, бороо хуурайшлын индексийг харьцангуй бууруулсан ч зарим нутагт хуурайшилтын зэрэг өндөр хэвээр байна” гэлээ.
Баянгол сумын Засаг дарга А.Мөнхбат “Малчин Г.Содномын хотонд аянга бууж, 10 гаруй бог мал хорогдож, эзэн нь бага зэрэг түлэгдэн эмнэлэгт эмчлүүлээд гарсан. Тухайн айл малаа даатгалд хамруулаагүй учраас нөхөн төлбөр авах боломжгүй юм билээ. Онцгой байдлын албанд энэ тухай мэдэгдсэн. Хүний амь эрсдээгүй. Ер нь хавар аянга буусан тохиолдол манай нутагт ховор. Зун бол аянга цахилгааны улмаас хүний амь эрсдэж, олон тооны мал үрэгдэж байсан тохиолдол өмнө нь гарч байсан” хэмээв.