UFC-ийн шилдэг тамирчдын нэг К.МакГрегор саяхан холимог тулааны тамирчид зорчиж явсан автобус руу дайрч танхайрсан. Үүний улмаас автобусны шил хагарч, дотор нь сууж явсан гурван тамирчин гэмтсэн юм. Конор энэ хэргийнхээ улмаас цагдаа нарт баривчлагдаж, 50 мянган ам.долларын барьцаа төлж суллагдсан билээ.
К.МакГрегорт олон нийтийн газар танхайрсан, автобус эвдэж сүйтгэсэн, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэсэн гурван зүйл ангиар ял оноох бололтой. Зарим хэв- лэлд түүнийг 11 жил шоронд хоригдох ял авч магадгүй гэж буй. Энэ дуулиант хэргээс “эвтэйхэн салахын” тулд түүнд буруугаа хүлээн зөвшөөрөх эсвэл шүүхээр хэргээ шийдүүлэх гэсэн хоёр сонголт бий.
Сүүлийн үеийн мэдээллээс үзвэл түүний багийнхан хөнгөн шийтгүүлэхийн тулд Конорыг буруугаа хүлээх ёстой гэдэгт санал нийлж байгаа гэнэ. Түүнээс гадна К.МакГрегорыг АНУ-аас албадан гаргаж, тус улсад ирэхийг нь хориглож ч магадгүй болжээ. К.Макгрегор ийм хэрэг өдүүлэх болсон нь ОХУ-ын тулаанч Х.Магомедов дөрөвдүгээр сарын 4-нд нутаг нэгт тулаанчдын хамтаар Конорын дотнын найз А.Лобовтой зочид буудалд сөргөөцөлдсөнөөс үүдэлтэй.
Үүнд дургүйцсэн Конор хувийн онгоцоор маргааш нь Нью-Йорк руу нисэж, UFC 223-д зориулсан хэвлэлийн бага хурлыг орхин гарсан Х.Нурмагомедов болон бусад тулаанчдын автобус руу “дайрсан” юм. Гэхдээ Конорын энэхүү дайралт Х.Нурмагомедовт огт нөлөөлсөнгүй, орос тулаанч хоёр өдрийн дараа А.Яквинтаг ялж, UFC-ийн хөнгөн жингийн аварга болов.
Хабиб энэ ялалтынхаа дараа “Конор хаа байна? Чи надтай тулалдмаар байна уу? Хуурамч аварга гэж байхгүй, аварга цолоо хамгаалдаггүй аварга гэж байхаа болилоо. UFC одоо жинхэнэ аваргатай болсон, би аварга цолоо хамгаална. Чи надтай тулалдмаар байна уу, тэгвэл энэ торонд ороод ир” гэж мэдэгдсэн юм. Эцэст нь дурдахад, К.МакГрегор ээлжит тулаанаа Х.Нурмагомедовтой бус Ф.Мэйведэртэй хийж магадгүй нь.