Нийслэлд гарч буй хулгайн хэргийн цөөнгүй хувийг автомашины эд ангийг тонох явдал эзэлдэг. Ялангуяа аккуммулятор буюу зай хураагуурыг тонох явдал маш их гардаг юм. Улаанбаатар хотын хэмжээнд зөвхөн энэ оны нэгдүгээр сараас гуравдугаар сарын 15-ны хооронд 150 зай хураагуур “туусан” дөрвөн залууг НЦГ-ын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд илрүүлэн шалгаж байгаа юм.
Тэднээс гадна өөр дөрвөн залуу 20 гаруй удаа ийм хулгай хийснийг ч илрүүлжээ. Харин тэд хулгайлсан аккуммулятораа хэрхдэг байх вэ. Бидний авсан мэдээллээр ченжүүдэд өгч, шинэвтэр харагдаж байгаагийнх нь толгойг солиод “Хэрэглэх гэж аваад нэг их ашиглалгүй зарж байгаа юм” гэх мэтээр худлаа хэлж борлуулдаг байна.
Харин хуучин, өнгө үзэмж таарууг нь хоёрдогч түүхий эд боловсруулах үйлдвэр болон БНХАУ руу гаргадаг гэх мэдээлэл байна. Чухам хэрхдэгийг нь тодруулахаар бид холбогдох газруудаас мэдээлэл цуглууллаа.
Б.АЛТАНЗУЛ: ШӨНИЙН ЦАГААР ЧЕНЖҮҮДЭД ХУДАЛДДАГ ЗАЛУУСЫГ СААТУУЛААД БАЙНА
Цагдаагийн байгууллагынхан хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажлаа хуулийн дагуу хийж буй бөгөөд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд “бараа хүлээн авдаг” ченжүүдийг хүртэл шалгаж, заримыг нь эрүүгийн хариуцлагад татах болсон. Автомашины эд анги, зай хураагуур хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд ЦЕГ-ын дэд бөгөөд НЦГ, НМХГ, НОБГ-ын дарга нарын хамтарсан тушаалаар шалгалт хийж эхэлжээ. Энэ талаар НЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч, дэд хурандаа Б.Алтанзулаас тодрууллаа.
-150 гаруй аккуммулятор хулгайлсан бүлэг залуусыг баривчилсан гэсэн. Тэд “бараа”-гаа хаана борлуулдаг байв?
-Автомашины зай хураагуур хулгайд алдагдах явдал олон гардаг учраас НЦГ-аас санаачилж, оцнгой байдал, мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран шалгалт хийлээ. 2018 оны нэгдүгээр сараас гуравдугаар сарын 15 хүртэлх хугацаанд дөрвөн залуу Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн нутгаар явж 150 гаруй удаагийн үйлдлээр аккуммулятор хулгайлж ченжүүдэд зардаг хэргийг илрүүлэн шалгаж байна.
18-23 настай дээрх дөрвөн хүн цагаан болон мөнгөлөг саарал өнгөтэй “Приус-20” маркийн хоёр автомашинтай явж хулгай хийдэг байсан нь тогтоогдсон. Мөн Т, Б, А, Б гэх дөрвөн залуу 23 удаагийн үйлдлээр автомашины эд анги хулгайлсныг илрүүллээ. Тэд 23 зай хураагуур болон “Приус-20”-ийн зургаан яндан хууль бусаар авсан нь тогтоогдоод байгаа.
Энэ хүмүүс хулгайлсан зай хураагуураа хоёрдогч түүхий эд авдаг цэгүүд болон ченжүүдэд худалддаг байсан нь батлагдсан. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг, “Монос”-ын уулзвар дахь түүхий эд авдаг цэг, Баянзүрх дүүргийн “Цайз”, Чингэлтэй дүүргийн нутаг, Баянбүрдийн тойрог орчмын төмөр авдаг цэгүүдэд борлуулдаг байсан.
-Зай хураагуур аюултай хог хаягдалд тооцогддог биз дээ. Тэдгээр цэгийн ажиллах зөвшөөрлийг хаанаас олгодог юм бол?
-Харьяа дүүргийнх нь ЗДТГ-ын Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсээс хоёрдогч түүхий эд худалдан авах зөвшөөрөл авдаг юм билээ. Мэдээж аккуммулятор аюултай хог хаягдалд тооцогддог. Мэргэжлийн хяналтын байгууллагынхан холбогдох чиглэлээрээ шалгах байх.
-Аюултай хог хаягдал авч байгаа цэгүүд байгаль орчинд сөрөг нөлөө учруулж байж болзошгүй. Хэрэв тийм бол ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Эрүүгийн хуулийн 20.11 дүгээр зүйлд Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях гэсэн заалт бий. Түүний 1-д “Хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг зориулалтын бус газарт хаясан, хог хаягдлын зэрэглэлийг санаатайгаар буруу тогтоож зориулалтын бус газарт хаясан, устгасан, улсын хилээр нэвтрүүлсэн бол 5400-27 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан.
Хоёрдугаарт нь энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон, их хэмжээний хохирол учирсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.
ЧЕНЖҮҮД ЗАЙ ХУРААГУУРЫГ ХЯТАД РУУ ГАРГАДАГ ГЭВ
Нийслэлийн төв цэгээс ихдээ 3-4 км-т аюултай хог хаягдал болох хуучин зай хураагуурыг авч, зарж байна. Энэ бол Чингэлтэй дүүргийн нутаг, Баянбүрдийн тойргоос Дэнжийн мянга хүртэлх зам дагуух хоёрдогч түүхий эд авах цэгүүд. Тэнд хаягдал төмөр, хөнгөнцагаан, зэс гууль, хайлш авахын зэрэгцээ автомашины зай хураагуур авсаар байгаа юм.
Хамгийн эхний цэгт очиход цагаан өнгийн ачааны машинд аккуммуляторуудыг олноор нь ачиж байлаа. Тэднээс хаана аваачдагийг нь сонирхоход “Урагшаа гаргадаг юм. Монголд боловсруулах үйлдвэр байдаггүй” гэж байлаа. Тэр машинд багцаалснаар мянга гаруйг аччихаад байв.
Тэндээс хойш орших цэгүүдэд ажиллаж буй хүмүүсээс зай хураагуурыг хэдэн төгрөгөөр авдаг, хаана нийлүүлдгийг сонирхов. Тэд ампер/цагаас нь хамаарч 10 000-25 000 төгрөгөөр худалдаж авдаг гэцгээлээ. Тухайлбал, монголчуудын түгээмэл хэрэглээ болсон “Приус” загварын автомашинд 40-45 ампер/цаг чадалтай зай хураагуур таардаг.
Хулгайч нарын хоморгонд энэ загвар л хамгийн түрүүнд өртдөг. “40-45 ампер/цагтай аккуммуляторыг ченжүүд 10 000 төгрөгөөр л авна. Цааш нь хятадууд авч, хар тугалгыг нь гаргаж, өмнөд хөрш рүү илгээдэг гэх юм билээ. Бид тэрнийг нь хараагүй болохоор яаж мэдэх вэ. Хил гаалиар хэрхэн гаргадгийг нь ч мэдэхгүй” гэв.
Хоёрдогч түүхий эд авах өөр нэгэн цэгийн арын хашаанд зай хураагуурыг хагалж, хар тугалган хавтангуудыг нь гарган хураасан байлаа. Нэгээс 18-25 кг хар тугалга, 2-3 хувийн концентрацтай хүхрийн хүчлийн уусмал хоёр литр орчим гардаг гэнэ. Тэр уусмалыг нь хэрхдэг байх вэ. Ямартай ч тухайн хашаанд уг уусмалыг нь хийсэн сав харагдсангүй. Асуухад хариу өгөх хүн олдсонгүй.
Шууд хөрсөнд асгадаг бололтой байв. Хөрсөнд хүхрийн хүчил асгасан тохиолдолд тухайн хэсэгт нь 30 жил өвс ургадаггүй гэдэг юм билээ. Химийн мэргэжлийн хүмүүс ч үнэн гэдгийг нь баталсан юм. Аккуммулятор дотор байдаг хүхрийн хүчлийн уусмал ямар аюултайг хүмүүс бүгд л мэднэ. Хүүхэд байхдаа аавынхаа “Иж” мотоциклыг унаж давхиад онхолдож байсан хүн цөөнгүй.
Ингээд уначихад зай хураагуурын шингэн нь асгарч, хувцсыг өм түлэн, арьс мах чамгүй хорсгодог шүү дээ. Аккуммуляторын шингэн дундарчихаар борооны ус тосоод нэмэхэд уур нь бас нүд хорсгодог билээ. Наад захын аюул нь ийм.
Ийм аюултай хог, хаягдлыг хилээр хэрхэн гаргадгийг гаалийнхнаас лавлахад “Хэдэн жилийн өмнө аккуммулятор БНХАУ руу гаргадаг байсан. Харин аюултай хог хаягдлыг тэд хүлээн авахаа больсноос хойш аль ч орон руу гаргахгүй байгаа” гэсэн юм. Харин цөөн цөөнөөр, нэг машинд 2-3-аар нь тавиад хил давуулах тохиолдол гардаг аж. Юутай ч аккуммуляторыг бүтнээр нь хилээр гаргана гэдэг бэрх гэнэ.
Тэгэхээр хар тугалгыг нь салгаж аваад, гадрыг нь хуванцарт тушаадаг байж таарах нь. Харин хүхрийн хүчлийн уусмалыг нь хэрхдэг юм бол
ЗАЙ ХУРААГУУР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮД ХАЯГДЛАА БАЙГАЛЬД АСГАДАГ БОЛОЛТОЙ
Нийслэлийн хэмжээнд хаягдал зай хураагуур дахин боловсруулах зөвшөөрөлтэй үйлдвэр хоёр байдаг гэнэ. Тэдгээр үйлдвэр Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг, Хонхорт үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тэдний нэг болох “Заламт гол” компанийн талаар “Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн” төрийн бус байгууллагынхан холбогдох яам, агентлаг, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол гаргаж байсан.
Тус компанийн үйл ажиллагааны улмаас ойр орчмынхоо айл өрхийн хүн, мал өвчилж, байгаль орчныг сүйтгэж байгаа талаар гомдолдоо дурдсан байдаг. Харин мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр тухайн үйлдвэр нь байгаль орчин болон иргэдэд сөрөг нөлөө үзүүлээгүй гэж өнгөрсөн онд дүгнэж байв. Улмаар тусгай зөвшөөрлийг нь 2018 оны наймдугаар сар хүртэл сунгасан аж. Харин нөгөө үйлдвэр нь үйл ажиллагаа явуулахгүй байгаа гэнэ.
Холбогдох яам агентлагаас дээрх үйлдвэрүүд тусгай зөвшөөрөл авахдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн дэргэдэх “Эрдмин” компанид болон гипсэн хавтангийн үйлдвэрт хүхрийн хүчлийн сулруулсан уусмалаа нийлүүлнэ хэмээж байсан аж. “Эрдмин” компанийнхан аккуммулятор дахин боловсруулах үйлдвэрээс гарсан хүхрийн хүчлийг тэр бүр ашиглаад байдаггүй гэнэ.
Учир нь чанарын шаардлага хангадаггүй аж. Тиймээс ихэнхдээ гадаад (ОХУ)-аас хүхрийн хүчлийн уусмалаа авчирч ашигладаг юм байна. Гипсэн хавтангийн үйлдвэрт нийлүүлдэг, эсэхийг нь мэдэх хүн байсангүй. Монголд тийм үйлдвэр байдаг юм уу хэмээн асуултад асуултаар хариулцгааж байлаа.
Дээрх хоёр үйлдвэрээс гадна тусгай зөвшөөрөлтэй, эсэх нь тодорхойгүй, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай нэг үйлдвэр ажиллаж буйг Налайхын хэд хэдэн иргэн мэдээллээ. Тэд “Хятадын үйлдвэр хар тугалгыг нь ялгаад хүхрийн хүчлийн уусмалыг нь шууд байгальд асгадаг бололтой. Зун хашааных нь гадна тал руу их хэмжээний шингэн хоолойгоор асгаж байсан. Одоохондоо ч түүнийгээ асгаагүй л байна” гэсэн юм.
Хүхрийн хүчлийг хадгалах, нөөцлөх зардал их өндөр байдаг учраас их хэмжээгээр хадгалах боломжгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Уран боловсруулах, бордоо үйлдвэрлэхэд хүхрийн хүчил гол хэрэглээ байдаг аж. Гэтэл манай улсад тийм үйлдвэр бий бил үү. Тэгэхээр зай хураагуураас гарсан хүхрийн хүчлийн уусмалыг хааш нь хэрхдэг байх вэ.
Магадгүй Налайхын иргэдийн хэлснээр, “Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн” төрийн бус байгууллагынхны гомдоллосноор байгальд шууд асгадаг гэдэг нь үнэний ортой бололтой