Сар шинээр Сэлэнгэ аймгийн Хүдэр сум руу явахдаа Хандгайт, Төмөртэйн чиглэлийн төмөр замын өргөст торонд сүлбүүлэн амь тавьсан амьтан харлаа. Чухам ямар амьтан хөөрхийлөлтэйгөөр ийн төмөр өргөсөнд сүлбүүлэн үхсэнийг танихаар цонх руу зүтгэтэл хажууд сууж явсан нутгийн залуу “Чоно л байлгүй. Юун сүртэй юм. Зөндөө л амьтан үхдэг шүү дээ” гээд намайг түвэгшээсэн байдалтай түлхэв. Өргөст торонд гэдсээ хүү татсан, сүлбүүлж үхсэн амьтдын зургийг өмнө нь цахим хуудсаар өчнөөн харсан ч бодитоор үзээд ихэд эмзэглэсэн юм. Харин нутгийнханд огт сонин байсангүй. Зарим нь “Хөөрхий дөө” хэмээн амандаа бувтнахаас хэтрэхгүй, нөгөө хэсэг нь “Сүржигнэлээ” гэж тээршаах. Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн судлаачдад энэ тухай ярихад “Монголчууд амьтдад хэр хайртайн илрэл” гээд ам таглачих нь тэр. Үнэхээр л тийм аж. Хэрэв үгүйсэн бол малаа хамгаалах нэрийдлээр хаа сайгүй өргөст тор татаж, зэрлэг амьтдаа намнах учиргүй.
Төмөртэйн уурхайгаас “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” хувьцаат компанийн “Хандгайт” өртөө хүртэлх төмөр зам 34.5 км урт. Тухайн хэсэг нь ховор, нэн ховор амьтдын нүүдлийн замаас ангид, харьцангуй тайван бүс боловч чоно, үнэг, хүдэр зэрэг амьтанд тун халтай болсон талаар Хүдэр сумын байгаль орчны байцаагч Ө.Энхтүвшин хэлсэн юм. Гэтэл манай улсад дээрх замаас 53 дахин урт төмөр зам бий гээд бод доо. Тодруулбал, 1949 оноос хойш Монгол орон Айраг-Бор-Өндөр, Багахангай, Багануур, Дархан-Шарын гол, Сал хит-Эрдэнэт, Сайншанд-Зүүнбаян, Эрээнцав-Баянтүмэн зэрэг салбар зам байгуулсаар 1800 гаруй км төмөр замтай болжээ. Эл замыг дагуулан татсан өргөст торны хэмжээ үүнээс хоёр дахин урт гээд бодохоор бид зэрлэг амьтдаа чөдөрлөж, боомилох “уяа”-г хангалттай зэхсэн байгаа биз.
Амьтад идэш тэжээлээ олох, тархац нутгаа сонгох, үржил хөөцөнд орж, бүл сүрэгтээ дасан ижилсэх зэрэг жам ёсны амьдралыг нь бүтээн байгуулалт, тэр дундаа төмөр зам хааж, ихээхэн саад учруулдаг. Энэ нь өчигдөр, уржигдар үүссэн асуудал биш. Байгаль хамгаалагч, амьтан судлаачид сүүлийн жилүүдэд үүнийг агаар, хөрсний бохирдол, авто замын түгжрэлээс дутахгүй сануулах болсон. Тэглээ гээд дээрдсэн зүйлгүй, бахь байдгаараа, төрийн захиргааны холбогдох байгууллагууд энэ асуудалд дорвитой анхаарахгүй байгаад л хамаг учир бий. Харин энэ хугацаанд төмөр зам дагасан өргөст торны хэмжээ нэмэгдэн, түүнд сүлбүүлж амь тавих амьтны тоо л олширч, Монгол орон амьтанд ээлгүй улс гэж өргөмжлөгдөхөд хүрэв. Үүнийг батлах шинэ баримт танилцуулъя.
Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг (WCS)-ээс 2017 онд хийсэн “Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдэд гарсан өөрчлөлт, агнуур зохион байгуулалт” судалгаагаар дэлхийн метрополист хотууд болон байгаль орчны байгууллагууд амьтан хамгаалахад (ялангуяа шилжилт хөдөлгөөний дарамт) хэр санаа тавьдгийг үнэлэхэд манай улс муу дүн авчээ. Дэлгэрүүлбэл, Монголд амьтны нөөцөд хамгийн их заналхийлдэг таван хүчин зүйлийн эхэнд төмөр зам оржээ. Дараа нь, авто зам, барилга, өндөр хүчдэлийн шугам, хоол тэжээлийн хомсдол зэргийг нэрлэсэн аж. Үүнтэй холбогдуулан “Animals getting hit by train compilations” нэртэй богино хэмжээний баримтат киног дээрх байгууллага бүтээж, төмөр замд амьтны нүүдлийн гарцыг олноор байгуулах, өргөст торноос аль болох татгалзахыг уриалсан юм.
Дэлхийн орнууд ан амьтдаа хамгаалахын тулд төмөр замынхаа зураг төсөлд онцгой анхаарал хандуулдаг байна. Монголд зөвхөн хүнд зориулж хийдэг гүүрэн гарц, хонгилыг гадаадынхан амьтад чөлөөтэй нүүж, шилжихэд тохируулан бүтээдэг. Тэр ч бүү хэл, тэдний нүүдлийн зам дагуух газруудад суурьшиж, газар өмчлүүлэхийг хориглосон хотууд ч бий гэдгийг хөхтөн судлаач М.Бат цэнгэл нэг ярилцлагадаа хөнджээ. Гэтэл бид хонгил, гүүр барих нь битгий хэл өргөсгүй тороор төмөр замаа тусгаарлаж дөнгөхгүй хэвээр.
ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Хөхтөний экологийн лабораторийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Лхагвасүрэн “Төмөр зам дагуу өргөст тортой улс Монголоос өөр байхгүй. Амьтад өөрсдөө л асуудлаа шийдэж байна. Төмөр зам руу мал орохоос сэргийлэн тор татдаг нь зээр мэтийн амьтны нүүдэлд асар их саад болж байна” хэмээн нүүр номдоо саяхан халаглажээ. Цагаан зээрийн судал гаагаар дагнадаг эрдэмтдийн нэг тэрбээр “Амьтад өөрсдөө л асуудлаа шийдэж байна” хэмээсэн нь зүгээр ч нэг хэлсэн үг биш болов уу. Амьтны эрх, хамгаалал гэж бишгүй ярьдаг ч үйлдлээрээ түүнийгээ хэрэг жүүлдэггүй, үхнэ үү, амьдарна уу, маньд хамаагүй, үйлээрээ болог гэж ханддаг монголчуудын үнэн төрхийг ийн хэлжээ. Ёстой л амьтад өөрсдийгөө л болгож буй.
Дорнодын талаас Увсын хязгаар хүртэл дураар нүүдэллэн идээшдэг байсан зээрийн сүрэгт төмөр замын “сүүдэр” хамгийн их тусаж, амьдрах орчин, тоо толгойд нь сөргөөр нөлөөлж байна. Энэ зовлонг нь хэнээс ч илүү мэдэх хүний хувьд эмзэглэх нь аргагүй биз.
Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн зуны сургалтад хамрагдаж байсан, өдгөө “Зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөний бэрхшээл” сэдвээр судалгаа хийж буй Б.Гэрэлцэцэг “Энэ асуудлыг нэг тийш болгох дорвитой шийдвэр, зохицуулалт Монголд алга. Төмөр зам дагуу татсан торыг байнга засаж, сэлбэдэг учраас хямдыг нь (өргөстэй) сонгодог гэж мэргэжлийн хүмүүс тайлбарладаг юм билээ. Өртөг багатай гээд ийм харгисаар амьтдаа хашиж болохгүй. Хээрийн судалгаанд явахад өргөст торонд хатгуулж, сүлбүүлж үхсэн амьтан өчнөөн дайралддаг. Тэр бүрт эмзэглээд өнгөрдөг” гэсэн юм.
Энэ асуудалтай холбоотой өөр нэг тулгамдсан асуудал бий нь судалгаа, шинжилгээ. Төмөр замаас болж хэчнээн амьтан амь тавьдаг, аль бүсэд ийм тохиолдол түгээмэл байдаг талаар ямар ч судалгаа хийгээгүйг салбарынхан хүлээн зөвшөөрдөг. Өндөр хүчдэлийн шугамд цохиулан үхсэн жигүүртнүүдийг жил бүр тоолж, бүртгэдэг атлаа төмөр замаас болж хэчнээн амьтан талийдгийг тогтоосон нь үгүй. Төмөр замтай холбоотой эрсдэлийг бууруулж, хариу арга хэмжээ авахын тулд бодитой судалгаа, шинжилгээ юу юунаас чухал боллоо. Монголд амьтан хамгаалал ийм л түвшинд байна. Зэрлэг амьтдыг зэрлэгээр хамгаалах ёстой гэж үү.