Хөвсгөлийн "Мөсний баяр-2018" энэ сарын 2-5-ны хооронд зохиогдоно. Гэвч баярын онцлох үзүүлбэрүүдийн нэг нохой чарганы уралдааныг аймгийн Онцгой комиссоос хориглолоо.
Учир нь энэ жилийн хувьд шүлхий өвчин бусад аймагт гарч хүрээгээ тэлж байгаа учраас аймгийн Онцгой комисс хуралдаж гадна аймаг сумаас мал, амьтныг Хөвсгөл аймагт оруулахгүй байх шийдвэрийг гаргасан байна. Энэ шийдвэрийн дагуу Мөсний баярт нохой чарганы үзүүлбэр болон уралдааныг хориглосон байна. Энэхүү арга хэмжээний зохион байгуулагч Г.Энхбаяр " Хэдий нохойн чарганы үзүүлбэр байхгүй ч энэ жилийн нээлтэд ОХУ-аас уран гулгагчид хүрэлцэн ирж үзүүлбэр үзүүлэх гэж байгаагаараа өмнөх жилүүдийн арга хэмжээнээс онцлог юм. Мөн мөсөн хоккейн хоёр багийн үзүүлэх тоглолт, морин чарга, цаа буга, мотоспортын төрөл зэрэг онцлох олон арга хэмжээг дурдаж болох юм" гэв.