“Урд хуруунуудыг нь холбосон сарьсан далавч бүхий хулгана мэт бяцхан амьтныг хэлнэ” хэмээн Монгол хэлний товч тайлбар тольд тодорхойлсон, араатан, жигүүртэн дайтахад аль алинд нь ая тал засаж, зуйрган зан гаргаж буй үлгэрийн баатраар эчнээ танил болсон сарьсан багваахайд аюул нүүрлэжээ.
Манай улсын Засгийн газрын Ховор амьтны жагсаалт, “Улаан ном”-д орсон, хязгаарлагдмал тархацтай энэ амьтан хамгийн удаан үрждэг гэдэг. Намар орой нийллэгт орох бөгөөд жил гаруйн дараа төллөж, ихдээ 1-2 зулзага гаргадаг аж. Тиймээс тоо толгой нь дорвитой өсдөггүй, тархац нутаг нь ч хязгаарлагдмал байсаар иржээ. Гэтэл сүүлийн жилүүдэд орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр түүний нөөц тогтмол буурч байгааг Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн онцлов.
Даарин дээр нь давс гэгчээр өөр бас нэг аюул сарьсан багваахайд заналхийлэх болсон нь иргэдийн дунд тархсан худал мэдээлэл, зар.
Сарьсан багваахайн эд эрхтэн дотрын өвчинд гойд сайн, ялангуяа сарвуу нь уламжлалт эмчилгээнд олон талын ашигтай гэсэн баталгаагүй мэдээлэл өнгөрсөн оноос цахим сүлжээнд түгэх болжээ. Үүнтэй холбоотойгоор Хойд Америкийн болон Скандинавын орнуудад сарьсан багваахай ангуучлагч олширсон байна. Сарьсан багваахайн үүр хайх нэрээр шөнө эрэл хийдэг, тархац нутагт нь тор, хавх тавих явдал газар авчээ.
Монголд ч “Хатаасан сарьсан багваахай авна”, “Сарьсан багваахайн үүр, ичээ зааж өгвөл өндөр шагналтай”, “Сарьсан багваахайн сарвуу, хумс авъя” гэсэн зар цахим орчинд нэлээд түгэн, мартагдахаа шахсан эл амьтан олны анхаарлын төвд очив.
Энэ талаар мэдлэг, мэдээлэлгүй иргэд сарьсан багваахайг үнэхээр л ийм ач холбогдолтой гэж итгэж, төөрөгдөж буй бол мэргэжлийн судлаачид иймэрхүү зар тус амьтны нөөцөд сөргөөр нөлөөлөх вий хэмээн санаа зовж байгаа юм. Монголын гар далавчтан судлах төвийнхөн гэхэд ийм зард хууртан, тархац нутгийг нь зааж өгөхгүй байхыг анхааруулсан мэдээлэл эрчимтэй цацаж байна.
Тэд “Манай орны сарьсан багваахайн ихэнх нь өвөлд дулаан орон руу нүүж, цөөн нь ичдэг. Энэ үед нь түүнийг сэрээх юм уу, байршлыг нь багахан өөрчлөхөд л үхэлд хүрдэг эмзэг амьтан. Багваахайг хүмүүс хулгана, зурамтай адил түргэн үржилтэй гэж боддог ч эсрэгээрээ. Тоо толгой нь хомсдвол буцаад сэргээхэд хэцүү. Шинжлэх ухааны үндэслэлгүй, баталгаагүй мэдээлэлд хууртсан иргэд багваахайг хавар ичээнээс гарахад нь ангуучилж магадгүй тул одооноос үнэн зөвөөр ойлгуулах нь чухал” гэсэн юм.
Түүнчлэн зарим удган, зайран бүрэнхийн идэвхтэй амьтан (шинжлэх ухаанд ийн нэрлэдэг)-ы далавч аз дууддаг, муу муухай зүйлсийг зайлуулдаг гэсэн ойлголт түгээсэн нь ч иргэдийг сарьсан багваахайн эрэлд гарахад нөлөөлж буй гэнэ.
Сонсголын эрхтэн нь маш сайн хөгжсөн учир харанхуйд нүднээсээ илүү чихэндээ итгэдэг, гар далавчтан сүүн тэжээлтэнд хамаардаг эл амьтан бусад популяцаас харьцангуй бага судлагдсан аж. Гол ач холбогдол нь ургамалд тоос хүртээж, үр жимс боловсрох нөхцөлийг бүрдүүлэн, ялгадас нь байгальд, тэр дундаа газар тариалан эрхлэгчдэд үржил шимтэй бордоо болдог. Тэрчлэн шумуул, хүр эрвээхэй зэрэг шавьжны тоо толгойг зохицуулагчийн үүрэг гүйцэтгэдэг байна.
Эл амьтны нөөц багасаж, устахад хүрвэл ямар уршигтай талаар дэлэнтний аймгийн амьтан судлаач Б.Сэрээтэр “Байгальд ач холбогдолгүй, илүү амьтан, ургамал нэг ч байхгүй. Тэдний нэг нь л үгүй болоход экологийн тэнцвэр ямар нэг хэмжээгээр алдагддаг. Сарьсан багваахайн тоо толгой буурснаар хортон шавьж устгагч химийн бодисын хэмжээ 30-40 хувиар өснө гэсэн тооцоо бий. Ингэснээр экосистем доголдож, аюул нүүрлэнэ” гэсэн юм. Сонирхуулахад, шөнийн ангууч ганцхан цагийн дотор шумуул шиг хэрийн биетэй хэдэн зуу, мянган ширхэг шавьж зооглодог аж.
Байгаль, цаг уурын өөрчлөлтөөс гадна хүний халдлагад өртөөд буй сарьсан багваахай өөрт нь дайсагнагчдад хатуухан хариу барьж байгаа бөгөөд манай оронд ч ийм аюул нүүрлэж болзошгүйг Монголын гар далавчтан судлах төвийнхөн онцолсон. Тодруулбал, галзуу болон бусад гоц халдварт өвчний гол дамжуулагч нь энэ амьтан гэнэ. 200 гаруй өвчний вирус дамжуулдгийг нь илрүүлжээ.
АНУ, Канад, Австрали, Дани, Финланд, Испани, Швейцарь, Нидерланд зэрэг оронд сарьсан багваахайн гаралтай галзуугийн өвчлөл нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болжээ. Монголд ийм тохиолдол одоогоор албан ёсоор бүртгэгдээгүй ч манай орны сарьсан багваахайд цагаан хамрын синдром хэмээх өвчний тохиолдол хэд хэдэн газарт бүртгэгдсэн учир иргэд сэрэмжтэй байхад илүүдэхгүй нь.