Сүүлийн өдрүүдэд 40 хэм хүрч хүйтэрсэн нь зэрлэг амьтдад сөргөөр нөлөөлж эхэлжээ. Өнгөрсөн зун өвс муу ургасан, оны эхээр цас их орсон нь бүр ч нэрмээс болж, монгол бөхөн, хар сүүлт зэрэг зэрлэг амьтан идэш тэжээлийн хомсдолд орсон байна. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд биотехникийн арга хэмжээ авч тодорхой газруудад өвс, хужир, тэжээл тавьж байгаа ч байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө зэрлэг амьтад хүчин мөхөстсөөр байгаа аж.
Бөхөн хамгаалах сүлжээ багийн ахлагч Б.Батсайхантай утсаар холбогдоход “Говь-Алтай аймгийн Шаргын говьд зэрлэг амьтдад өвс, тэжээл тавьж явна. Бөхөнгийн тархац нутгаар их хүйтэрч байна. Цас их орсон, зэрлэг амьтад идэх өвсгүй байгаагаас байдал хүндэрч, Хүйсийн говьд таван бөхөн үхжээ. Мөн Ховдын Дарвийн нутагт ч бөхөн үхсэн тухай мэдээлэл ирсэн. Бас хар сүүлт олноороо үхэж байна. Ойрын өдрүүдэд дулаарна гэсэн ч өвсгүй учраас монгол бөхөн зэрэг туруутнууд энэ өвөл тэсэж үлдэнэ гэдэг бэрх боллоо.
Шаргын говьд бас 5-6 бөхөн, хар сүүлт хорогдсон. Бид өвс, тэжээл тавьсан газартаа камер байрлуулж, идэж буй, эсэхийг нь хянах төлөвлөгөөтэй байгаа. Дэлхийн байгаль хамгаалах сангаас 400 боодол өвс, 40 шуудай тэжээл өгсний тал хувийг нь зарцуулсан” гэв. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар зэрлэг амьтдад зориулж өвс, тэжээл тавих ажлыг энэ долоо хоногт үргэлжлүүлэхээр болжээ.
Дашрамд дуулгахад, монгол бөхөнгийн тоо, нөөц, байршил нутаг сүүлийн 10 жилд мэдэгдэхүйц өсөж, 2014 оны байдлаар тоо толгой 14 000-д хүрч, тархац нутаг 13 хувиар нэмэгдсэн байна. Харамсалтай нь, 2016 оны сүүлчээр бог малын мялзан өвчний улмаас тоо толгой нь эрс буурч өнгөрсөн оны гуравдугаар сарын тооллогоор ердөө 5000 орчим монгол бөхөн үлдсэн нь тогтоогдсон.