Бэлчээрийн зохисгүй ашиглалт, хууль бус агнуур, нүүдэллэх орчны хязгаарлалт (дэд бүтэц) зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр тархац нутгаасаа дайжсан цагаан зээр эргэн ирсэн баярт мэдээг Хан Хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааныхан дуулгалаа. Тодруулбал, Увс аймгийн нутаг, Хяргас нуур орчимд цагаан зээрийн сүрэг 60 жилийн дараа нүүдэллэн иржээ.
Тус захиргааны дарга Б.Буянцог “Зээрийн сүрэг Хяргас нуурын зүүн болон зүүн хойд хэсэгт нутаглаж байна. 200 орчим тоо толгой бийг тогтоосон. Өмнөх жилүүдэд тэнд зээр ганц, хоёроороо явахыг харсан ч ийм олноороо ирж байсангүй. Уржигдар би 80-аад зээртэй таарлаа. Тархац нутаг нь ийн тэлсэн нь тухайн бүсэд байгаль хамгаалал идэвхжсэний үр дүн гэж дүгнэж болно. Нутаг сэлгэж ирсэн амьтдыг агнаж, хөөж үргээхгүй байхыг манай захиргаанаас орон нутгийн иргэдэд анхааруулж буй” гэв.
Дашрамд дуулгахад, баруун бүсээс “хулжсан” зээрийн сүргийг хамгаалж, тархац нутгийг хадгалах зорилгоор судлаачид 1988, 1989, 1990 онд Дорнод аймгийн Матад, Сүхбаатарын Эрдэнэцагаанаас Завханы Хомын талд эл амьтныг нутагшуулж байжээ.