Манай улсын нийт хүн амын эрүүл мэндэд хамгийн их аюул заналхийлж буй зүйл бол яах аргагүй агаарын бохирдол. Агаарын бохирдлоос шалтгаалан агаарын дээд давхаргад азоны хомсдол бий болж, түүний уршгаар хүн төрөлхтний эрүүл мэнд, дэлхийн эко системд аюул нүүрэлсээр байна.
Үүгээр ч зогсохгүй агаар нь байнгын хөдөлгөөнд оршдог тул агаарын бохирдол нь зөвхөн нэг хэсэг орны бус дэлхий хэмжээний асуудал болоод багагүй хугацааг үдэж байна.
Энэ дундаас Улаанбаатар хот бол дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын нэг болоод удаж байна. Агаар дахь хорт бохирдлын агууламжийг бууруулбал өвчлөлөөс сэргийлж, хүн амын амь насыг аван, асар их хэмжээний эрүүл мэндийн зардлыг хэмнэх боломжтойг ч Дэлхийн банкнаас зөвлөж байсан. Иймдээ ч агаарын бохирдлыг бууруулах олон аргыг авч хэрэгжүүлж байгаа ч төдийлөн амжилттай болсон нь ховор.
Жилээс жилд агаар дахь бохирдлын хэмжээ нэмэгдэж, иргэд ялангуяа гэр хорооллын оршин суугчид хотын агаар мандалд тархсан өтгөн хар, хортой утаагаар амьсгалсаар байгаа нь нууц биш. Эрдэмтдийн РМ буюу “тоосонцор” хэмээн нэрлэдэг тоос нь хүмүүсийн уушгиар шүүгдэж, тэндээ хуримтлагдан үлддэг байна. Харин 2.5 микроноос жижиг ширхэгтэй тоосонцор нь амьсгалын замын маш хүнд өвчлөлийн эх үүсвэр болдог аж.
2012 онд Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын оршин суугчдын хувьд РМ2.5 тоосонцорт өртөж буй хэмжээ жилийн дунджаар үзэхэд Монгол Улсын агаарын чанарын үндэсний стандартаас даруй 10 дахин, харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн зөөлөн зорилтот шаардлагаас 6-7 дахин их гарч байжээ.
Мөн Японы олон улсын байгууллага болох ЖАЙКА-гаас стандарт хэмжээтэй харьцуулахад хорт бодисын хэмжээ ямар түвшинд байгаа болон тоосонцроос үүдэлтэй агаарын бохирдуулах бодисын судалгааг хэрэгжүүлж, Улаанбаатар хотод хэмжилт хийсэн бодисын найрлагын шинжилгээг хийж байсан билээ.
Судалгааны талаар Осака их сургуулийн бүс нутгийн уялдаа холбоог судлах байгууллагын хүндэт доктор Мизохата Акира хэлэхдээ “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг олон улс, ялангуяа Япон улстай харьцуулахад эх үүсвэрийн хувьд арай өөр онцлогтой байгаа.
Тодруулбал, нүүрснээс үүдсэн тоосонцрын бохирдол их байгаа. Найрлага дахь бодисын хувьд өөр гэсэн үг. Улаанбаатар хотын агаарт хүхрийн давхар исэл хүйтэн орчинд хийн төлөвтэй гарч ирээд тоосонцор болдог юм. Хүхэр гэдэг нь нүүрс гэсэн үг” гэлээ.
Тус судалгааны үр дүнд РМ-ын агууламжтай харьцуулахад дулааны цахилгаан станцын нүүрсний шаталтаас үүссэн үнс, замын тоосыг дээжлэгдсэн РМ-ын доторх агууламжийн харьцаагаар тайлбарлах боломжгүй бөгөөд тодорхойгүй эх үүсвэртэй тоосонцрууд оршин байгаатай холбоотой аж. Түүнчлэн эх үүсвэрийн тоосонцорт дүн шинжилгээ хийсний үр дүнд Налайх болон Багануурын нүүрсний шаталтаас үүдэлтэйгээр ялгарч буй тоосонцрууд нь ийм шинж чанартай байгааг тодорхойлсон байна.
Тэгвэл өчигдөр өглөө 09.00 цагийн байдлаар Улаанбаатар хот агаарын чанарын индексээр дэлхий дээрх бүх метрополис хотуудаас бохирдлоороо 3 дугаарт эрэмбэлэгджээ. Улаанбаатарын урд Мексикийн Коахуала, Португалийн Фора гэх хоёр хот байх бөгөөд шөнийн цагт дээрх хотуудаас даруй 4 дахин их бохирдолтой болж дэлхийн хамгийн их бохирдолтой цэг болж байгаа аж.
Ингэснээр Улаанбаатар хотын шөнийн утаа Английн Лондон хотын 1952 оны өвөл тохиосон “Лондонгийн агуу утаа” хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн агаарын бохирдлыг ч ардаа орхиж байгаа гэнэ. Энгийн л нэг утаа мэт боловч энэ утаа хэдэн мянган хүний амь насыг авч одсон юм. Анхандаа энэхүү утаанд 4000 хүн амиа алдсан гэж тооцож байсан боловч хожим нь судлаачид 12 мянган хүн утаанд хордож өөд болсон гэсэн дүгнэлт гаргасан. Ердөө ганцхан өвлийн дотор 12 мянган хүн нас барж, 200 мянган хүн хордож байсан билээ.
Тухайлбал, 1952 оны арванхоёрдугаар сарын 4-нд агаарын эсрэг циклон Лондон орчимд тогтсон бөгөөд, салхи тогтворжиж, агаарын чийгшил аажмаар нэмэгдсэнээр тавхан өдрийн дотор 4000 гаруй, дараагийн 2 сард ойролцоогоор 8000 хүн нас баржээ. Энэ бол зөвхөн Лондон хотын бус дэлхий нийтийн хувьд “аюулын харанга” дэлдсэн эмгэнэлт явдал юм. Тэгвэл өнөөдөр манай улсад ч энэхүү “харанга” дэлдэж байна. Эрүүл мэндийн статистик мэдээллээс үзэхэд 1999-2017 онуудад агаарын бохирдолтой шууд холбоотой өвчлөлүүд болох амьсгалын тогтолцооны өвчин дунджаар 26.8 хувь, зүрх судасны тогтолцооны өвчин 18.1 хувиар тус тус нэмэгдсэн байгаа аж. Агаарын бохирдлын хэмжилтийн дүнгээс харахад сүүлийн 2 жилд өвлийн улиралд агаар бохирдуулагчийн хэмжээ буурсан төлөв ажиглагдсан ч тэдгээр бохирдуулагчид бодисын Монгол Улсын агаарын чанарын стандарт дахь хүлцэх агууламж, ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс давсан үзүүлэлт бүхий өдрүүдийн тоо төдийлөн буураагүй байгаа юм.
Түүгээр ч зогсохгүй утаа, агаарын бохирдол нь хүүхдийн өсөлт хөгжилт, оюун ухаанд маш хүчтэй нөлөөлдөг. Нобелийн шагналт Кирк Смит нь орчны эрүүл мэндийн ухааны профессор 1995 оноос хойш хөгжиж буй орнуудын агаарын бохирдол түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг судалжээ.
Тэрээр Гватемалийн нэгэн тосгонд одоогоос 13 орчим жилийн өмнө жирэмсэн эмэгтэйд агаарын бохирдлыг хэмжих микросхемтэй чип гэх төхөөрөмжийг биед нь зүүлгэж байжээ. Ингэснээр найман жилийн дараа тэр хүүхдэд бүрэн шинжилгээ хийхэд агаарын бохирдол хүүхдийн оюун ухаанд нөлөөлсөн нь тогтоогдсон байна.
Агаарын бохирдолттой газар амьдарч байсан эхээс төрсөн хүүхэд ой тогтоох чадвар нь бага, аливаа зүйлийг ойлгохдоо удаан байгаа нь агаарын бохирдолгүй, нүүрс түлдэггүй нөхцөлд амьдарсан хүүхэдтэй харьцуулсан судалгаагаар тогтоогджээ.
Харин энэнээс сэргийлэхийн тулд мэдээж хугацаа хэрэгтэй. 1-2-хон жилийн дотор шийдчихдэг асуудал биш. Ингэхийн тулд иргэд, тэр дундаа жирэмсэн эхчүүд өөрийгөө хамгаалах арга хэмжээ авах хэрэгтэй.