Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АН-ынхан О.Цогтгэрэл, М.Тулгат хоёрын нэгийг нь даргаар сонгоно гэв

Ирэх арваннэгдүгээр сарын 5-нд АН-ынхан хурлаа товложээ. Үүнийгээ “эв нэгдлийн” хэмээн тодорхойлж буй талаараа тэд өчигдөр мэдээлэл хийлээ. Хоёр талд дарга гэгдэж буй О.Цогтгэрэл, М.Тулгат нар ч хүрэлцэн иржээ. Гэхдээ тус намын тамга, бүртгэлийг атгаж буй С.Эрдэнэ тэнд харагдсангүй.

Энэ үеэр Э.Бат-Үүл Улсын баатрын тэмдгээ намынхаа туганд зүүж, “Сүүлийн жил гаруйн хугацаанд АН-ын гишүүд, дэмжигчдийн хүлээж байсан чухал үйл явдал болж байна. 2009 онд Ерөнхийлөгч зарлиг гарган, АН-ын түүхэн гавьяаг үнэлэх зорилгоор Улсын баатар цолыг надад өгсөн. Гэхдээ энэ цолыг надад биш, АН-ын үе үеийн дэмжигч, гишүүдэд олгосон юм. Харин энэ өдөр АН-ын хоёр тал нэгдэж буй түүхэн үйл явдал тохиож байгаа учир цол, тэмдгээ намынхаа туганд буюу эзэнд нь өгч байна” гээд 2024 оны сонгуульд амжилт хүссэн юм. Мөн Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, М.Энхсайхан, Р.Гончигдорж тэргүүтэй намынхаа нөлөө бүхий гишүүдийг АН-д эргэн ирж, идэвх чармайлт гарган ажиллахыг уриалав.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Аливаа бүхэн цаг хугацаатай. АН-ын уналт, доройтол, ялагдалд цэг тавихад томоохон алхам хийхээр энд цуглаад байна. АН-ын хувьд амаргүй цаг үеийг тууллаа. Хэн нэгэн АН-ыг байгуулсан юм биш. Монголчуудын эрх чөлөөний хүсэл зоригоор байгуулагдсан нам учраас заавал эргэн сэргэх ёстой. Дотоод сонгуулийн санал хураалтыг цаасан болон цахим хэлбэрээр хийж, АН хоёр даргатай болоод байсан. Бид хоёр даргынхаа нэгийг их хурлаараа санал хураалтаар тодруулж, албан ёсных болгоно. Ялагдсан нь их хурлынхаа шийдвэрт хүндэтгэлтэй хандана. Манай намын дотоод асуудал улсын тусгаар тогтнолтой холбоотой учир бид тал талдаа буулт хийж, ойлголцож ажиллана. Эрх баригч МАН-ынхан бусдыг тоглоомын жижиг нам байлгах бодлого барьж байна. Монгол Улсын тусгаар тогтнол нь парламентын засаглалтай салшгүй холбоотой. Парламентын засаглал нь олон намын тогтолцоонд тулгуурладаг. Үүний үндэс нь олон улсын жишгээр хоёр том нам дээр тогтдог гэж хэлж болно. Монгол гэрээр зүйрлэвэл нэг багана нурж унавал нөгөөг нь алтаар хийсэн ч өчүүхэн салхинд нуран унана” гэв.

М.Тулгат “Монгол Улсад үүсээд байгаа нийгэм, эдийн засгийн ялзарсан байдлыг засаж, залруулахад сөрөг хүчний дуу хоолой хэрэгтэй байна. Сөрөг хүчний дуу хоолой гэдэг нь талбай дээрээс шууд бичлэг хийн цацдаг гудамжны улс төрийг хэлэхгүй. АН бодлогын хүрээнд, улс төрийн соёлтой үйл ажиллагаа явуулж эхлэх цаг болсон. Иймд бид өвлийн эхэн сарын шинийн нэгний бэлгэт сайн өдөр эв нэгдлийн их хурлаа зарлалаа. Цаашид АН ямар тоглоомын дүрмээр явах вэ гэдгээ харилцан тохирох ёстой. Гэхдээ арваннэгдүгээр сарын 5-нд намын шинэ дүрмийг батлахгүй. Энэ боломжийг ашиглан АН системийн шинэчлэл хийх эхлэлээ тавина. АН-д үүсээд буй байдал бол хэдэн хүн тамгаа булаацалдсан хэрэг биш, сүүлийн 20-иод жил ярьж ирсэн дүрэмтэй холбоотой асуудал” хэмээсэн юм.

Хэвлэлийн бага хуралд ирсэн АН-ын гишүүд, дэмжигчид “Эв нэгдлийн их хурал” зохион байгуулах санамж бичигт гарын үсэг зурж, нэг туган дор нэгдэхээ илэрхийлж байлаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.