Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Алтантуяа: Вакцин тойрсон асуудалд хүний эрхийн үүднээс хандах ёстой

“Ковид-19” цар тахлын эсрэг олон төрлийн вакцин гарсан. Вакцины чанар, үр нөлөөнд зарим хүн эргэлзэж байгаа ч хийлгэхээс өөр сонголтгүй болоод буй. Коронавирусийн эсрэг вакцин тариулахыг шаардах нь хүний эрхийн зөрчил хэмээн үзэх хүн ч байна. Unuudur.mn мэдээллийн сайт “Монголын эмнести интернэшнл” олон улсын хүний эрхийн байгууллагын гүйцэтгэх захирал Б.Алтантуяагийн байр суурийг сонирхлоо.

-Хэдийгээр вакциныг сайн дурын үндсэн дээр хийнэ гэсэн боловч бүх хүнийг хамруулахын тулд нийгмийн халамжийн болон төрийн үйлчилгээг вакцин тариулсан эсэхэд үндэслэн үзүүлэх гэсэн зүйлийг төр засгийн эрх мэдэл бүхий дарга нар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байна. Та энэ талаар саналаа хэлнэ үү. Эмнести Интернэшнл вакцины талаар ямар байр суурь барьж байгаа вэ?

-“Ковид-19” цар тахал дэлхий даяар хаа сайгүй эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн хямрал үүсгээд байна. “Ковид-19”-ийн эсрэг вакцин халдварыг бууруулахын зэрэгцээ бусад хямралыг даван туулахад хувь нэмэр болно. Гэвч вакциныг хэнд хийх, ямар үнэ өртөгтэй байх, хэрхэн тараах зэрэг нь хүний эрхийн тулгамдсан асуудал болоод байна. “Ковид-19”-ийн эсрэг вакцинтай холбоотой асуудлаар Эмнести Интернэшнл байр сууриа илэрхийлж, “Ковид-19-ийн оношилгоо, эмчилгээгээр хангаж, вакцины хүртээмжийг баталгаажуулах нь” гэсэн баримт бичиг гаргасан. Энэ баримт бичигт улс орнууд, бизнес эрхлэгчид “Ковид-19”-тэй холбоотой асуудлаар ажиллах, шийдвэр гаргахдаа хүний эрхийн үүрэг, хариуцлагаа хэрхэн биелүүлэх талаарх зааварчилгааг багтаасан. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага хүн бүрийн вакцинд хамруулахыг шаардахыг буюу бүх нийтийн дархлаажуулалтыг улс орнуудад зөвлөөгүй. Бүх хүний эрүүл мэндийн төлөө олон хүнийг дархлаажуулалтад хамруулах хэрэгцээ байгаа ч гэсэн заавал гэж шаардах нь  хүний эрхийг хоёр шалтгаанаар хөндөж байна. Нэгдүгээрт, дархлаажуулалтын талаар урьдчилан мэдэгдэж, мэдээллээр хангасны үндсэн дээр зөвшөөрөл авах, хоёрдугаарт, дархлаажуулалт нь тодорхой нэгэн хүн амын бүлэг эсхүл тодорхой нөхцөл байдалд тохирохгүй байж болохыг анхаарах. Эмнести Интернэшнл бүх нийтийг вакцинд хамруулахаар шаардахыг дэмжихгүй ч гэсэн зорилтот, цаг хугацаатай хийгдэж байгаа нийгмийн эрүүл мэндийг хамгаалахын төлөө зайлшгүй шаардлагатай, үндэслэлтэй, хууль ёсны дагуу, тодорхой нэгэн вакцины бодлогыг эцсийн арга хэмжээ болгон хэрэгжүүлэхийг нь эсэргүүцэхгүй. Гэхдээ ийм дархлаажуулалт нь хүний эрхийн хэмжээнд нийцсэн байхыг заавал баталгаажуулах ёстой.

-Иргэдийг вакцинд заавал хамруулах нь “Ковид-19” цар тахлыг дарах хамгийн үр дүнтэй арга биш гэж үү?

-Аль болох олон хүнийг заавал вакцинжуулалтад хамруулах нь “Ковид-19”-өөс иргэдээ хамгаалах гол арга зам боловч үүнд хүрэхийн түлд хүн бүрийг вакцинд хамрагдахыг шаардах нь үр дүнтэй арга биш. Харин вакцинд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлж, вакцин сайн дураараа хийлгэх хүний тоог нэмэгдүүлэх туйлын чухал. Бүх нийтийг вакцинд заавал хамруулах бодлого барих нь иргэдийн итгэлцэл, вакцинд хамрагдалтыг бууруулах эрсдэлтэйн зэрэгцээ хүний бусад эрхэд сөрөг үр дагавар үүсгэж мэднэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дархлаажуулалтад итгэхгүй байх нь хүмүүс вакцин хийлгэхгүй байх гол шалтгаан гэж мэдэгдсэн. Тиймээс олон нийтийн итгэлцлийг бий болгох, оролцоог хангах, ойлгомжтой, хүртээмжтэй мэдээллээр хангах, вакциныг хүртээмжтэй байлгах нь илүү үр дүнтэй арга  гэдгийг шинжээчид онцолсон байдаг.

-Тэгвэл вакцин сайн дураараа хийлгэх хүний тоог хэрхэн нэмэгдүүлэх ёстой вэ?

-Засгийн газрууд вакцины олдоц, хүртээмж, хэрэгцээ, үр дүнгийн талаар бүгдэд хүртээмжтэй, үнэн зөв, баримт нотолгоонд суурилсан мэдээлэл өгөх нь иргэдийн засгийн газарт төдийгүй ялангуяа вакцинд итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Улс орнууд иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах эрхэд сөргөөр нөлөөлж болзошгүй буруу, ташаа мэдээллийн хор уршгийг арилгах зохих төлөвлөгөө, хөтөлбөртэй байх хэрэгтэй. Гэхдээ “хуурамч мэдээ”, “ташаа мэдээлэл түгээх” гэх мэт тодорхойгүй ойлголт дээр үндэслэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчиж болохгүй. “Ковид-19” цар тахлын хүрээнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг тодорхой хэмжээнд хязгаарлаж болох ч хуулийн дагуу зөвхөн нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай, тэнцвэртэй байх бөгөөд олон улсын хүний эрхийн хууль тогтоомжийн дагуу хууль ёсны зорилгын төлөө байгааг төр баталгаажуулах ёстой. “Ковид-19” тахлын үед үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, “хуурамч мэдээ” эсвэл “ташаа мэдээлэл”-ийн талаар Эмнести Интернэшнл байр сууриа илэрхийлсэн. “Хуурамч мэдээ, мэдээллийг дангаар нь гэмт хэрэгт тооцох нь нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үр дүнтэй арга биш. Нийгмийн эрүүл мэндийг үр дүнтэй хамгаалах, үнэн зөв мэдээллээр хангахад олон нийтийн яриа хэлэлцүүлэг хийх зэрэг илүү системтэй бодлого хэрэгтэй.

Вакцин хийлгэхийг шаардах нь хүний эрхэд нийцэж буйд хэрхэн дүн шинжилгээ хийх вэ?

-Хүний эрхийн тухай олон улсын хэд хэдэн баримт бичигт нийгмийн эрүүл мэнд эсвэл бусад хууль ёсны зорилгын үүднээс зохих хамгаалалтын арга хэмжээг авч хэрэгжүүлснээр тодорхой эрхийг хязгаарлахыг зөвшөөрдөг. Улс орнууд тодорхой нөхцөл байдалд зайлшгүй вакцинд хамрагдсан байхыг шаардаж болно. Өөрөөр хэлбэл  хүн бүрийг вакцин хийлгэхийг албадахгүй боловч ажил хөдөлмөр, сургууль эсвэл зорчих эрх чөлөө нь вакцинд хамрагдах шаардлагаас хамааралтай байж болно. Хүний эрхийн бусад хязгаарлалтын нэгэн адил эдгээр шаардлага нь хууль ёсны, зайлшгүй шаардлагатай, бас тэнцвэртэй, ялгаварлан гадуурхахгүй байх зарчмуудыг хангасан байх ёстой.

-Ажил олгогчид, төрийн болон хувийн хэвшлийнхэн ажилтан авах эсвэл ямар нэг ажил хийлгэхийн тулд вакцинд хамрагдахыг шаардаж болох уу. Жишээлбэл, эмч, эмнэлгийн ажилтнуудаас удирдлага нь шаардах эрхтэй юү?

-Зарим мэргэжлийн хүмүүст вакцин заавал хийлгэх эсэх асуудал ярихын тулд энэ нь хууль ёсны байх, зайлшгүй шаардлагатай байх, тэнцвэртэй байх, ялгаварлан гадуурхахгүй байх гэсэн зарчмуудыг дагаж мөрдөх ёстой. Хамгийн гол нь вакцин хийлгэх ажилтнууд, тэднийг төлөөлөх байгууллагатай зөвлөлдөн холбогдох хөдөлмөрлөх эрх, бусад хамгаалалтыг анхаарах нь зүйтэй. Ингэсэн тохиолдолд тодорхой ажил үүрэг гүйцэтгэх нөхцөлд вакцин хийлгэх санал, шаардлагыг зөвтгөж болох юм. Эмч, эмнэлгийн ажилтнууд “Ковид-19”-ийн халдвар авах, тараах эрсдэл өндөр тул вакцин хийлгэх шаардлагатай гэж үзэж болох юм. Эмч эмнэлгийн ажилтнууд, тэдний үйлчилж буй эрсдэлтэй бүлгийнхний эрүүл мэндэд нөлөөлж, өвчлөл, нас баралт нэмэгдэх эрсдэлийг харгалзан үзээд хууль ёсны зорилготой байна гэж хэлж болно. Цаашилбал, эмч, эмнэлгийн ажилтнууд “Ковид-19”-ийн халдварт өртөх нь ажиллах хүчний дутагдалд оруулж, хүн ардад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд нөлөөлж болзошгүй гэж үзэж болох. Гэхдээ л энэ асуудлаар эмч, эмнэлгийн ажилтнууд болон тэдний Үйлдвэрчний эвлэлийн холбоодтой зөвлөлдөх нь чухал. Дээр дурдсан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн удирдамжид вакцинд хамрагдах үүрэг өгөхөөс илүү вакцин хийлгэхийг зөвлөх хэрэгтэй гэснийг онцлох нь зүйтэй болов уу.

-Тэгэхээр эмч, эмнэлгийн ажилтнуудаас  вакцинд заавал хамрагдахыг шаардаж болно гэсэн үг үү?

-Эрүүл мэндийн ажилтнуудад вакцин хийлгэх шаардлага тавих зарим жишиг байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Томуугийн эсрэг вакцины шаардлага”-ыг дэлхийн хэмжээнд судлахдаа вакцины шаардлагыг зарим улс эмч, эмнэлгийн ажилтнууддаа хэрэглэсэн. Вакцины ийм шаардлага нь ашиг тустай ч бас бэрхшээлтэй байсныг судалгаанд тэмдэглэсэн байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эмч, эмнэлгийн ажилтнуудад вакцин хийлгэх аливаа шаардлага тавихдаа улс орнууд, хувийн  хэвшлийнхэн анхаарах хэд хэдэн арга хэмжээг онцолсон. Үүнд вакцины аюулгүй байдлын талаар тодорхой мэдээлэл өгөх, ингэснээр эмч нар мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргах боломжтой болох зорилгодоо хүрэхэд шаардлагатай хамгийн бага хязгаарлалттай арга хэрэгслийг ашиглах, эрүүл мэндийн шалтгаанаар татгалзаж болох тодорхой шалгуур болон хасах бусад шалгуурыг батлах; мөн вакцинаас татгалзсан ажилтнуудад өөр хувилбар санал болгох зэрэг арга хэмжээ орно. Вакцинаас татгалзахад санал болгох өөр хувилбар гэдэгт тухайлбал, ажилтнуудад түр чөлөө олгох, амны хаалт заавал зүүх, өндөр эрсдэлтэй өвчтөнүүдтэй ойр биш өөр ажилд томилох, шинжилгээ, оношлогоонд хамруулах зэрэг хөдөлмөр, аюулгүй ажиллагааны бусад боломжит хувилбарыг санал болгоно гэсэн үг.

-Хувийн хэвшлийнхэн үйлчлүүлэгч, хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэхийн тулд вакцинд хамрагдах шаардлага тавьж болох уу?

-Бизнес эрхлэгчид хүний эрхийг хүндэтгэх үүрэгтэй. Хувийн хэвшлийн зүгээс хийх хязгаарлалт хүний эрхийн зарчмыг дагуу эсэхийг төр хянах, зохицуулах үүрэгтэй. Энэ агуулгын хүрээнд тухайн бизнесийн мөн чанар болон вакцины аливаа шаардлага хүний бусад эрхэд үзүүлэх нөлөөллийг авч үзэх нь чухал. Жишээлбэл, зугаа цэнгээний  газарт нэвтрэх эрх нь дэлгүүр, эмийн сан гэх мэт зайлшгүй шаардлагатай үйлчилгээний газарт нэвтрэх эрхээс өөр. Цаашдаа хувийн хамгаалах хэрэгсэл, хүн хоорондын зай бариулах гэх мэт урьдчилан сэргийлэх аргыг вакцины аливаа шаардлагын оронд эсвэл зэрэгцүүлэн мөрдөх боломжтой эсэхийг бизнес эрхлэгчид анхаарах ёстой.

-Эрүүл мэндийн даатгалын байгууллагын зүгээс “Ковид-19”-ийн үед эрсдэл нэмэгдэх магадлалтай архаг, суурь өвчтэй даатгуулагчид вакцин хийлгэх шаардлага тавьж болох уу?

-Болохгүй. Хувь хүмүүст “Ковид-19”-ийн эсрэг вакцины талаар чөлөөтэй, урьдчилан мэдэгдэж, мэдээллээр хангасны үндсэн дээр тариулах зөвшөөрөл өгөх эрхийг баталгаажуулах ёстой. Тиймээс даатгалын байгууллага үйлчлүүлэгчдэдээ “Ковид-19”-ийн эсрэг вакциныг тулгаж, дархлаажуулалтад хамрагдвал зохих бодлого боловсруулж болохгүй. Харин эрүүл мэндийн даатгалын байгууллага хүний эрхийг хүндэтгэх үүргийнхээ дагуу үнэн зөв, найдвартай, нотолгоонд суурилсан мэдээллийг даатгуулагчид өгч “Ковид-19”-ийн эсрэг вакцинд хамрагдахыг нь дэмжих хэрэгтэй.

-Өнөөдөр бид эрүүл мэндийн мэдээллийг маш олон эх сурвалжаас авч байгаа. Гэвч мэдээлэл авч чадахгүй хүмүүс бас байна. Яаж тэдэнд хүрэх вэ?

-Улс орон бүр “Ковид-19”-ийн вакцины талаар үнэн зөв, бодитой, нотолгоонд суурилсан мэдээллийг хүн бүрт үнэ төлбөргүй, саадгүй, хялбар, өөрсдийнх нь ойлгох хэлээр олж авах боломжийг хангах үүрэгтэй. Түүнчлэн нийгмийн эмзэг, алслагдсан бүлэгт хүргэх тусгай бодлого, тогтолцоог бий болгох, түүнчлэн вакцины шинжлэх ухааны ач тусыг ойлгомжтой байдлаар тайлбарлахад хүч тавин ажиллах ёстой. Иймээс эдгээр бүлэг, хамт олонтой зөвлөлдөж, хамтран ажиллах замаар мэдээллээ боловсруулж, түгээх нь чухал. Эцэст нь хэлэхэд хэдийгээр “Ковид-19” цар тахал шинэ ч гэсэн үүний улмаас хүний эрхэд тулгамдаж буй олон асуудал тогтолцооны ужиг шинжтэй байгааг анхаарах шаардлагатай байна. Товчхондоо, вакцин тойрсон асуудалд хүний эрхийн үүднээс хандах ёстой.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.