Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Гэр бүлийнхний дэмжлэг, ажил мэргэжлийг нь ойлгож, хүндэлдэг байдал хүнд маш их түшиг болдгийг би мэдэрсэн

ЭМЯ-ны Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, “Интермэд” эмнэлгийн лабораторийн Эмгэг судлалын хэсгийн эмгэг судлаач эмч, профессор Бат-Очирын Оюун-Эрдэнэтэй ярилцлаа. Энэ салбараас төрсөн дөрвөн Гавьяат эмчийн нэг, эмгэг судлалын зөвлөх зэрэгтэй тэрбээр Монголын эмгэг судлалын хөгжил, энэ чиглэлийн боловсон хүчнийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа нэгэн.

Эмгэг судлалын салбарт тасралтгүй 37 жил ажиллаж, өдгөө ч нэн хэрэгцээт мэргэжилтний нэг хэвээр буй Б.Оюун-Эрдэнэ эмч лабораторийнхоо үйл ажиллагааг танилцуулахаас яриагаа эхэлсэн юм. Ажлынхаа талаар зөв ойлгуулах үүднээс ийнхүү тайлбарлаж, үзүүлсэн нь нэг талаар буруу зөрүү ойл голтоос сэргийлэх, нөгөөтээгүүр, танин мэдэхүйн мэдээлэл өгөх зорилготой. Үүнээс өөр нэг шалтгаан ч бий аж. Олон жилийн өмнө нэгэн сонины сурвалжлагч түүнээс ярилцлага авсан ч мэргэжлийнх нь талаар ташаа, зөрүүтэй нийтэлж хашраасан гэнэ.

Техник, технологийн дэвшлийн ачаар хөдөлмөр хөнгөвчлөгдөхийн зэрэгцээ биологийн материал буюу эдийн шинжилгээний оношилгоо улам нарийсаж байгааг тэрбээр дурдав. Энэ талын шинжилгээний талаар түүний тайлбарласныг жирийн хүмүүст ойлгомжтой байлгах үүднээс “бүдүүвчлэн” танилцуулъя. Тухайн өвчтөний бие махбодоос таслан аваад, формалинд хийж, лабораторид илгээсэн эдийг тус газарт 20-иод шат дамжлагаар “боловсруулдаг” аж. Ингэхдээ тусгай төхөөрөмжид хийж төрөл бүрийн бодис, спирт, уусмал бүхий 14 дамжлагын дараа нөгөөх эдийг лааны тосоор “бүрж, бэхжүүлнэ”. Ингэхдээ зүгээр л лааны тос дусаахгүй нь ойлгомжтой. Тусгай төхөөрөмжөөр эл ажлыг гүйцэтгэнэ. Ийнхүү цутгаж, бэхжүүлсэн биологийн материалыг мөн л тусгай, тун нарийн аппаратаар микроны түвшинд зүссэний дараа шинжилгээний шилэн дээр тавьж, хайлуулаад, будна. Энэ олон дамжлагын дараа бараг арчдас шиг болсон эдийг бүрхүүл шилээр хамгаалан наагаад эмгэг судлаач эмч рүү илгээдэг юм байна. Өөрөөр хэлбэл, Б.Оюун-Эрдэнэ эмч тухайн материалыг шинжилж, “уншаад” хавдар мөн, эсэх зэргээр оношилно.

-Эдийн шинжилгээний хариу зөвхөн эмгэг судлаачаас шалтгаалдаггүй юм байна, лабораторийн техникчдийн хариуцлага, үйл ажиллагаа маш чухлыг ойлголоо.

-Түрүүн лабораторид бэлтгэсэн эдийг би одоо микроскопоор харж, шинжилнэ. Мөн шаардлагатай тохиолдолд хуулагч төхөөрөмжөөр уншуулж компьютерын дэлгэц дээр илүү томруулан харж болдог. Лабораторийн үйл ажиллагаа багийн хөдөлмөр байдаг. Аливаа шинжилгээнд эмч, техникчдийн аль алиных нь оролцоо маш чухал. Техникчдийн ур чадвараас их зүйл шалтгаална. “Интермэд” бол олон улсад магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг. Энэ утгаараа манай эмнэлгийн, лабораторийн баг хамт олон чадварлагаас гадна техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал сайн. Хамгийн сүүлийн үеийн дэвшилт техник, технологийг эмнэлэг маань байнга нэвтрүүлсээр ирсэн. Өнөөдөр манай эмнэлэгт ходоод, гэдэс, уушги, элэг, хөх, умай, бөөр, давсаг, түрүү булчирхай, эрүү нүүр, арьс, зөөлөн эд гэхчлэн олон төрлийн хавдрын ха галгаа хийж байна.

-Эдийн шинжилгээг илүү нарийвчлалтай, баталгаатай оношилгоо гэдэг. Ямар тохиолдолд хийдэг юм бэ?

-Тухайн эрхтний эмгэг, өвчин олон янз байдаг. Эмнэл зүй болон бусад шилжилгээгээр тэдгээр нь ялгагдахгүй тохиолдолд эдийн шинжилгээ авдаг. Голдуу хавдар, хавдрын урьтал өвчнийг илрүүлэхэд эл шинжилгээг хийж байна. Мөн үрэвсэлт өвчнүүдийг ялгах зэрэг олон тохиолдолд эдийн шинжилгээ хийдэг. Эд, эсийн бүтцийн түвшинд гарсан өөрчлөлтийг нүдээрээ харж оношилж байгаа учраас илүү нотолгоотой, баталгаатай шинжилгээ гэж үздэг.

-Шинжилгээ хийж байхдаа “Өвчнөө энэ хүртэл нь явах ч гэж дээ” гэж харамсах үе гардаг уу?

-Тэгж бодож, харамсах тохиолдол зөндөө, зүрх шимширмээр. Хувь хүний нууц учраас энд ярих боломжгүй. Хавдар ихэвчлэн хожуу үедээ оношлогдож байна. Эрэгтэйчүүдийн хувьд энэ нь түгээмэл байх шиг. Мөн эмэгтэйчүүд хөхөн дээр нь гарсан, нүдэнд харагдах зүйл шархалчихсан байхад л явсаар хавдрыг эцсийн шатанд нь тулгах тохиолдол ч байна. Яагаад тийм болтол нь явдаг юм бэ, харамсах ч багадна.

-Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг яавал дээшлүүлэх вэ?

-Урьдчилан сэргийлэх үзлэг маш чухал. Сүүлийн үед байгууллагууд ажилтнуудаа ийм үзлэгт хамруулдаг сайн жишиг тогтож байна. Үүгээр хавдрыг эрт үед нь илрүүлсэн тохиолдол олон. Үүнээс гадна бага наснаас нь эхлээд эрүүл амьдралын дадал, хэвшилд сургах нь чухал санагддаг. Үүний дараа амьдралын зөв хэвшил, эрүүл хооллолтын талаар гэхчлэн системтэй сургалт хэрэгтэй. Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт эрүүл ахуйн хичээл бий. Гэхдээ энэ нь хангалтгүй.

-Эмгэг судлаачийг “Эмчийн эмч” гэж тодорхойлдог юм билээ. Та бүхэн мэс засалч, дотрын, эмэгтэйчүүдийн гэхчлэн бүх чиглэлийн эмчийн илгээсэн биологийн материалыг оношилдог онцлогтой. Эмгэг судлаачийн үйл ажиллагааны нэг хэсэг нь задлан шинжилгээ байдаг. Үүнээс болоод “задлангийн эмч” гэж цэрэвдэг үе байсныг та мэднэ. Та яагаад энэ мэргэжлийг сонгосон юм бэ?

-Би нийслэлийн 23 дугаар дунд сургуульд чамлахааргүй сайн сурдаг байлаа. Голдуу л онц, хэдхэн хичээлийн дүн сайн байсан. Ер нь эмч болох талаар бодож байгаагүй юм. 10 дугаар ангид ордог жил ээжийн минь тархинд цус харвасан. Сургуулиа төгсөж ч чадалгүй ээжийгээ хоёр жил асарч, олон ч удаа эмнэлэгт сахиж, тойглолоо. Аав маань ч бас ходоодны шархны улмаас нэлээд өвдөж, зовсон. Ингээд л ер нь эмч болъё гэж бодох болсон. Ээжийгээ асарч байх хоорондоо Хэвлэх үйлдвэрт ажиллаж, хүнтэй сууж, хүүхэдтэй ч болов. Удалгүй хоёр дахь хүүхдээ төрүүллээ. Энэ хугацаанд ямар ч байсан оюутан болох хүслээ гээгээгүй. Хэвлэх үйлдвэрийн цонхоор МУИС харагдана. Манай нөхөр физикийн ангийн оюутан байлаа.

Эмч болохоор шийдсэн ч Анагаахын дээд сургуулийн хуваарь олдохгүйн зовлонтой тулгарлаа. Тухайн ажил, мэргэжлийнх нь дагуух хуваарь ажилчин залуучуудад оногддог үе байлаа шүү дээ. Аав маань насаараа хэвлэлийн комбинатад ажиллаж, орлогч дарга хүртэл явсныхаа хэргийг гаргаж, охиныхоо эмч болох замыг засаж өгсөн дөө. Ингээд Анагаахын дээд сургуульд элсэх шалгалтаа амжилттай өгч, оноогоороо хоёрдугаарт жагсжээ. Тэгтэл гадаадын хуваарь байна, сурах уу гэж асуулаа. Хоёр хүүхэд, гэр бүлтэй хүн гадаадад сурах талаар бодож ч байгаагүй хэрнээ тийм боломжтой гэхээр бас “Юу билээ” гэж эргэлздэг юм билээ. Гэтэл сонирхож байсан эмчилгээний ангийн хуваарийг оноогоороо нэгдүгээрт жагссан хүүхэд авчихжээ. “Эмзүйч, эсвэл Польшид асаргааны чиглэлээр хуваарь байна” гэсэн ч би татгалзаж, дотооддоо сурахаар шийдсэн. Тавдугаар курст задлан шинжилгээний арга, техник гэсэн хичээл орж, тухайн үеийн Эмгэг анатомийн товчооны дарга Дашдорж гуай заалаа. “Энэ бол анагаахын суурь шинжлэх ухаан. Үүнийг судалж, мэргэших нь олон давуу талтай, анагаах ухааны бүх салбарын мэдлэг зайлшгүй шаардлагатай, цаашид өөрийгөө хөгжүүлэх, гадаадад мэргэжил дээшлүүлж сурах боломж өргөн нээлттэй. Ер нь эмчийн эмч л гэсэн үг” гэхчлэн маш сайхан тайлбарласан. Тэгээд л энэ чиглэлийг сонирхож үзсэн. Дараа жил нь зургадугаар курст оюутнуудыг субординатор буюу туслах эмчээр аймаг, сумын эмнэлгүүд рүү томиллоо. Миний хувьд Эмгэг анатомийн товчоонд хуваарилагдсан. Тэнд ажиллаж байхдаа гарцаагүй энэ чиглэлээр явна гэсэн илүү итгэл үнэмшилтэй болж, “элэгний хавдраар” диплом хамгаалсан. Сургуулиа төгсөөд Эмгэг анатомийн товчоондоо очлоо, сайхан хүлээж авлаа. Тэгтэл хүссэний зоргоор эмгэг судлаач болчихдоггүй юм байна. Ямар ажил хийдэг вэ гэхээр юуны түрүүнд задлан шинжилгээ. Гэхдээ шүүх эмнэлгээс өөр. Эмнэлэгт нас барсан хүмүүсийн цогцсыг задлаад, шинжилнэ. Эд, эрхтнийг нь нүдээрээ харахын зэрэгцээ эдийн материалын дээж аваад, шинжлээд, оношилж, дүгнэлт бичнэ гэсэн үг. Мөн эм чилгээний оноштой тохирч байгаа, эсэх, эмнэлгийн оношлогоонд алдаа гарсан уу, үгүй юү гэхчлэн дүгнэлт хийнэ.

-Шүүх эмнэлгийн нэг эмч эмгэг судлаачийг “Эмч нарын “шүүгч” гэж байсан. Үнэхээр тийм бололтой.

-Тухайн үед цогцост задлан шинжилгээ хийхэд түлхүү ач холбогдол өгч байсан бол өнөө цагт арай өөр болсон. Өөрөөр хэлбэл, амьд үеийн эдийн шинжилгээ буюу өвчтөнд мэс засал хийж байхдаа, мөн дурангийн аргаар авсан эдийн материал дээр ажиллах нь өнөөдөр давамгайлж байна.

Биднийг залуу, ид ажиллаж байх үед компьютер байсангүй. Өдөрт хийсэн задлан шинжилгээнүүдийнхээ протоколыг гараараа бичнэ. Ажлын цагт яагаад ч амжихгүй учраас гэртээ хариад л бичээд суучихна. Орос хэлээр бичдэг зарчимтай. Тэр болгоныг ахмад мэргэжилтнүүд маань уншиж, хянаж, засна. Улаан эрээн л юм харагдана. Би орос сургуульд сурч байсан, алдаагүй шахам бичдэг ч улаан эрээн л болгочихно. Тийм л мундаг ахмадуудаас маш их зүйл сурсан.

-Ер нь та нарын онош эмчийнхээс зөрөх тохиолдол гардаг уу?

-Эмч болон эмгэг судлаачийн онош зөрөх тохиолдол гардаг. Гэхдээ энэ нь ихэвчлэн өвчний явц, оношилгооны нарийн тоног төхөөрөмжийн дутагдал, ховор тохиолддог өвчин гэх мэт асуудалтай холбоотой байдаг. Онош зөрсөн тохиолдол бүрийг эмнэл зүй-эмгэг судлалын зөвлөгөөнөөр хэлэлцдэг. Энэ явцад санал зөрөлдөх нь ч бий. Гэхдээ буруу, зөрүү гэхээсээ илүүтэй ийм тийм тохиолдолд ингэдэг, тэгдэг юм байна, цаашид эмнэл зүй, эмгэг судлал талаасаа хэрхэх вэ гэхчлэн зөвлөлдөн хэлэлцдэг. Ер нь аль ч үедээ бид харилцан суралцаж, нэгнийгээ хурцалж ирсэн.

-Сүүлийн үед эмгэг судлаачийн мэргэжлийн онцлогийг, ямар их мэдлэг, мэдрэмж, хариуцлага шаарддагийг хүмүүс мэддэг болжээ. Нэгэн үе ажлынхаа талаар нууцалдаг, задлан шинжилгээ хийдэг тухайгаа гэрийнхэн, танилууддаа хэлэхийг хүсдэггүй байсан гэдэг. Цогцостой ажилладгаасаа болж сэтгэл, сэтгэцийн дарамтад орж, ажлаасаа гарсан нь цөөнгүй. Та тийм дарамт мэдэрдэг байв уу?

-Айж эмээвэл яаж эмч болох вэ. Нөгөөтээгүүр, эхэндээ ажиллаж чадна гэсэн зориг эрмэлзэлтэй байдаг ч ачаалал ихтэй, өдөртөө олон удаа задлан шинжилгээ хийгээд, зай завсаргүй дүгнэлт бичээд ирэхээр ядардаг. Өөрийн хувьд ажилдаа дургүйцэхгүй ч найз нөхөд, таньдаг хүмүүсийн харилцаа хандлага өөрчлөгдөөд, зайгаа бариад байгаа мэт санагддаг. Ангийн оюутнууд ч “Ийм ажил сонгодог нь яаж байгаа юм бэ” зэргээр хэлж л байсан. Эмгэг судлаачаар ажиллаад удаагүй байхдаа нэг хэсэг хар дарж, дан нас барсан хүмүүс, шинжилгээ хийж байгаа талаар зүүдлээд болдоггүй. Тэгээд “Би энэ ажлыг ер нь барахгүй шинжтэй” гэж нөхөртөө хэлтэл “Уг нь их сайхан мэргэжил шүү. Ажлаа зүүдлээ л биз. Өдөржин хийсэн зүйлээ зүүдлэх нь хэн хүнд л байдаг” гэж зоригжуулдаг юм байна. Ингэж дэмжсэн нь намайг их зоригжуулж, тууштай байхад тусалсан. Ер нь гэр бүлийнхний дэмжлэг, ажил мэргэжлийг нь ойлгож, хүндэлдэг байдал хүнд маш их түшиг, тулгуур болдгийг би нөхөр, хүүхдүүдээсээ мэдэрч ирсэн.

-Эмгэг анатомийн товчоог 1990-ээд оноос хойш хэдэнтээ “оролдож”, олон байгууллагатай нийлүүлж, салгасан. Үүний улмаас ажлаасаа гарсан хүн ч олон гэдэг. Таны хувьд 1984 оноос хойш тус байгууллагад тууштай ажилласны зэрэгцээ энэ салбарын боловсон хүчнийг бойжуулах тал дээр санаачилгатай ажилласан гэж салбарынхан ярьж байсан.

-Өдгөө Эмгэг судлалын үндэсний төв болсон тус байгууллагад сургууль төгссөнөөсөө хойш 2015 он хүртэл эмч, тасгийн эрхлэгч, эмгэг судлал хариуцсан дэд захирал, даргын үүрэг гүйцэтгэгч зэргээр ажиллажээ. Тэр дунд 2.6 жил Германд мэргэжлээрээ сурсан. Одоо ч энэ байгууллагатайгаа холбоотой ажиллаж, долоо хоногт нэг удаа очиж зөвлөгөө өгдөг.

Энэ байгууллагад эмгэг судлаачийн резидентурийг хийлгэх санаачилга гаргаж, Галцог багштай хамтран төсөл, хөтөлбөрөө боловсруулаад, Эрүүл мэндийн болон Боловсролын яамаар батлуулахаас эхлээд нэлээд ажил болсон. Энд нэг зүйл дурдахад, зах зээлийн шилжилтийн үе буюу 1990-ээд оны эхэнд манай байгууллага цалингаа тавьж чадахгүйд хүрч, хаалгаа барингаа алдсан. Тэр үед ажлаасаа гарсан хүн олон. Үлдсэн цөөхөн хүний нуруун дээр энэ байгууллагын ачаалал ирж, залгамж халаа тасрахдаа тулсан. Шинжилгээний бодис, багаж хэрэгсэл олдохгүй, бүр цонхны шил хүртэл зүсээд ашиглах тохиолдол ч байсан. Тийм хэцүү үед Батсайхан захирал маань хоёр өрөө байраа барьцаанд тавиад цалингаа тавьж байлаа.

-1990-ээд оноос хойш төр, засаг, нийгмийн зүтгэлтэн, алдар хүндтэй цөөнгүй хүн цаг бусаар одсон. Тэр болгонд мэргэжлийн комисс томилон задлан шинжилгээ хийлгэсэн. Та тэр бүрэлдэхүүнд байсан уу?

-Зоригийн амийг хөнөөсөн, онгоцны осол зэргээр эмнэлгээс гадуур нас барсан тохиолдолд задлан шинжилгээнд шүүх эмнэлгийнхэн оролцдог. Бусад комисстой тохиолдолд бүгдэд нь л оролцож байлаа. Харин Австралид таалал төгссөн, АТГ-ын дарга Дангаасүрэн агсны задлан шинжилгээний хариуг үл зөвшөөрч, Монголд дахин хийлгэхийг ар гэрийнхэн нь хүссэний дагуу комиссын бүрэлдэхүүнд ажилласан. Австралийн мэргэжилтнүүдийн шинжилгээний хариунаас зөрөөгүй. Гэсэн ч комиссынхны дүгнэлтэд мөн л итгээгүй. Бусдад хорлогдсон гэж ярьсаар байсан.

-Таны мэргэжлийн бахархал нь чухам юу вэ?

-Тухайн өвчтөний онош эмнэл зүйгээр тогтоогдохгүй байх тохиолдол гардаг. Энэ тохиолдолд эдийн шинжилгээгээр оношийг тогтоодог. Тэр үед мэргэжлээрээ үнэхээр бахархдаг. Зүгээр оношлоод орхиж байгаа асуудал биш шүү дээ. Эмчилгээний цаашдын тактик боловсруулах замыг зааж өгч байна гэсэн үг. Эмгэг судлаач болоход олон талын мэдлэг, логик сэтгэлгээ шаарддаг. Ийм сайхан мэргэжлийг хүүхдүүд чин сэтгэлээсээ тэмүүлэн эзэмшээсэй. Миний багш Самбуупүрэв энэ чиглэлээр анхны Гавьяат болсон мундаг эмч байлаа. Монголд оношлогдож байгаагүй 100 өвчнийг анх оношилсон талаараа болон энэ мэргэжлийн сайхныг мэдрүүлсэн олон ном бичиж үлдээсэн. Тэр болгоныг уншаад эмгэг судлаачдаар бахархдаг.

-Таныг залуу байхад эмгэг судлаач цөөхөн байсан. Өнөөдөр хүний нөөц хэр байгаа бол?

-Сүүлийн үеийн нарийн статистик сайн мэдэхгүй байна. Ямартай ч аймаг бүрт 1-2 хүн бий. Эмгэг судлалын үндэсний төвд 20 гаруй мэргэжилтэн байгаа. Мөн улсын болон хувийн зарим эмнэлэгт 15 орчим мэргэжилтэн байгаа.Энэ мэргэжлээр тууштай явахаар эрмэлзэлтэй хүүхдүүд харагдаад л байгаа. Гэхдээ ажлын нөхцөл, цалин хангамж гээд асуудал бий, ялангуяа орон нутагт. Нөгөөтээгүүр, хүүхдүүдийн сурах чинхүү хүсэлтэй холбоотой л доо. Сурахыг хүсвэл өнөөдөр мэдээлэл авах суваг өргөн, материал, ном, хэрэглэгдэхүүн олдохгүйн зовлонгүй болж.

-Та зөвлөх зэрэгтэй эмгэг судлаач юм байна. Ийм зэрэгт хүрэхэд ямар шалгуур давдаг вэ. Ийм зэрэгтэй эмгэг судлаач эмч Монголд хэд байгаа бол?

-20-иос дээш жил ажилласан, ахлах тэргүүлэх зэрэг хамгаалсан, гадаадын нэр хүндтэй сэтгүүлд хоёроос доошгүй судалгааны материалаа хэвлүүлэх, шавь нар бэлтгэсэн байх, тайлан хамгаалах зэрэг хэд хэдэн шалгууртай. Таван жил тутамд шалгалт өгдөг байлаа. Одоогоор зөвлөх зэрэгтэй дөрвөн эмч байна.

“Эмгэг судлаач гэж хэн юм бэ” гэсэн асуултад “Энэ мэргэжлийг эзэмшсэн хэн боловч чин шударга, үнэн бодитой байх ёстой гэж би бат итгэдэг. Тэнгэрт одсон нэгэн өөрийн үхлийн үнэн шалтгааныг мэдэх эрхтэй. Үхлээр амьдрал дуусдаг уу, бас л тодорхойгүй. Тиймээс түүний эрхийг хүндэтгэх ёстой” хэмээсэн Б.Оюун-Эрдэнэ эмчийг хамт ажиллагсад нь “Хүнлэг, шударга, харамгүй туслагч, хамгийн түшигтэй багш” гэж тодотгосон юм. Үүнийг батлах мэт өөрөө “Би залуучуудаасаа маш их зүйл суралцсаар явна. Сүүлийн үеийн хүүхдүүдэд заах ч юм бий. Заалгах зүйл ч мундахгүй” гэсэн юм.

5
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 thoughts on “Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Гэр бүлийнхний дэмжлэг, ажил мэргэжлийг нь ойлгож, хүндэлдэг байдал хүнд маш их түшиг болдгийг би мэдэрсэн

  • Цээгий says:

    Мэргэжлээ таниулсан сайхан ярилцлага болжээ. Ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсье. Ахмад үе минь бидний түшиг, бид та нарын үргэлжлэл юм шүү.

  • Anonymous says:

    Bagshdaa ervvl enh saihan bvhniig hvsiy

  • Мөнх-амгалан says:

    Баярлалаа эрүүл энх аз жаргал хүсье.