Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайдтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсад ажлын айлчлал хийж, Токиогийн Олимпын наадмын нээлтийн ажиллагаанд оролцоод буцах замдаа БНСУ-аар дамжин өнгөрч байгаа. Энэ завшааныг ашиглан тэрээр БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гёмтэй өнөөдөр ажлын уулзалт хийв.

Манай улсын гуравдагч хөрш БНСУ-тай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэх, цар тахлын нөхцөл байдал намжмагц дээд, өндөр түвшинд харилцан айлчлалын давтамжаа нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг шинэ түвшинд гаргах бодолтой байгаагаа илэрхийлж, томоохон төсөл хөтөлбөрийн талаар санал солилцлоо.

Ажлын айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын үед иргэдээ татан авах, тусгай үүргийн нислэг үйлдэх, халдвартай тэмцэх зэрэг чиглэлд БНСУ-ын Засгийн газраас дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд, иргэдийн солилцоог дэмжих чиглэлд цаашид ч нягт хамтран ажиллахаа мэдэгдсэн юм. Мөн цар тахлын үед БНСУ-д оршин суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, вакцинжуулалтад хамруулахад БНСУ-ын Засгийн газраас дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Харин БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гём Монголын ард түмэнд Ардын хувьсгалын 100 жилийн ойн баярын мэнд хүргээд БНСУ-ын талаас дэвшүүлсэн Халдварт өвчнийг хянах, эрүүл мэндийг хамгаалах Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны санаачилга болон Шинэ Умардын бодлогыг Монголын Засгийн газар дэмжиж байгаад талархал илэрхийллээ.

Цаашид бүс нутгийн болон хоёр талын халдвар хамгаалал, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, зам тээвэр, эрчим хүч, логистикийн зэрэг салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа мэдэгдэв.

Уулзалтын үр дүнд хоёр тал олон улс, бүс нутгийн тавцанд хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, ялангуяа Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиров.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.