Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Үсэг мэдэхгүй сурагч, үнийг нь дийлэхгүй бүтээгдэхүүн л олширлоо”

Ховд аймгийн Дуут сумын Цагаанбургас багийн малчин Г.Эрхэмбаярынх дөрвөн хүүхэдтэй, өдгөө эхнэр нь бие давхар аж. Тэднийх 400 орчим бог, 30 гаруй үхэртэй гэсэн. Хоёр том хүү нь есдүгээр анги төгсөөд малчин болж, аав, ээждээ тусалж буй бол хоёр бага нь энэ намар гурав, тавдугаар ангид элсэх нь. Гэрийн эзэгтэй М.Пүрэвмаатай ийн ярилцав.

-Дуут сумд хатуу хөл хорио (зургадугаар сарын 25-наас) тогтоожээ. Танайх хаанаас хүнс, хоолоо худалдан авч байна. Сумын төв орох шаардлага их гардаг уу?

-Аймаг, сумын төвд хатуу хөл хорио тогтоох нь малчид бидний амьдралд үнэхээр хүндрэл үүсгэдэг. Манайх сумын төвөөс 20, аймгаас 60 гаруй км-ийн зайд амьдардаг. Өдөр тутамдаа машин, мотоцикл унан малд болон ийш тийш явах хэрэг гарах юм. Гэтэл хөл хорионы улмаас шатахуунаа авч чадахгүй гацчихдаг. Дуутын болон аймгийн төв рүү оруулахгүй болохоор эндээс 100 орчим км-ийн зайтай Манхан сумын наад талд байдаг шатахуун түгээх станц рүү очин, цагаа үрж, зардлаа нэмж байна. Би жирэмсэн, вакциныхаа хоёр дахь тунг хийлгэх хугацаа болчихсон байхад сумын төв рүү нэвтрүүлэхгүй байгаа. Ахин дахин сум руу ирж чадахгүй учраа эмчдээ хэлж, хээр 4-5 цаг хүлээж байгаад, нууцаар шахам вакцин хийлгэсэн гээд бод.

-Ер нь коронавирусийн тархалт, хөл хорионы дэглэм та бүхний амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Бараа, бүтээгдэхүүний үнэ илт нэмэгдсэн. Бид ерөнхийдөө аймгийн төвөөс ахуйн хэрэглээний бараа, хүнсээ худалдан авдаг юм. Олон эрэгтэй хүүхэдтэй болохоор хоол, хүнс амархан дуусдаг. 25 кг-тай нэг уут гурилыг 26 000-28 000, 20 кг-аар савласан цагаан будааг 45 000-47 000 төгрөгт авч байсан бол сүүлийн нэг жил гаруйн хугацаанд хаана зарж байгаагаасаа шалтгаалан гурилын үнэ шуудай нь 5000-8000, будаа 13 000-15 000 төгрөгөөр нэмэгдсэн. Элсэн чихэр, исгэгч, угаалгын нунтаг, саван зэрэг өргөн хэрэглээний барааны үнэ ширхэг, кг тутамдаа өссөн. Цахилгаан барааных ч нэмэгдчихэж. Хүмүүсийн нэрлэж заншсанаар “Малчны хөлдөөгч” худалдан авахаар төлөвлөж байлаа. Өнгөрсөн намар 650 000 төгрөг байсныг энэ хавар авах гэтэл 950 000-аас дээш үнэ хүрчихээд авч чадсангүй. Толгойн өвчин намдаах эмийг дөрвөн ширхгийг нь өвөл 1000-1500-гаар авч байсан бол одоо 3500-4000 төгрөг гэж байна. Бүх бараа, бүтээгдэхүүн, шатахуун, эм, тарианы үнэ ингэж дээшилсэн нь зөвхөн малынхаа түүхий эдийн орлогоор амь зуудаг бидэнд хүнд тусаж байна. Хүүхдийн мөнгө гол орлого, дэм болж байгааг дурдъя.

-Хоёр хүүгээ хаана сургадаг вэ. Энэ жил бараг хичээллээгүй болохоор гэр зуураа байж дээ, тийм үү?

-Манайх аймгийн төвд хашаа, гэртэй. Би сургуулийн хоёрыгоо авч төвд өвөлжин, нөхөр хоёр том хүүтэйгээ эндээ байдаг юм. Бага хүү маань одоо гуравдугаар ангид орно. Нэгдүгээр ангид суугаад удалгүй хичээл нь хаагдсан. Үг холбож унших бүү хэл, 35 үсгээ бүрэн сайн нүдлээгүй байгаа. Хөдөө теле хичээл үзэх нөхцөл, цаг зав хомс шүү дээ. Манайх нарны зайн хураагуураар ажилладаг, жижиг зурагттай ч хоёр хүүгээ хичээлийг нь хийлгэж дөнгөсөнгүй. Багад нь үсэг нүдлүүлж, хүрд цээжлүүлэх санаатай зурагт самбар аваад, хэрэглэж шальсангүй өнгөрлөө. Улаанбаатарт “Ковид-19” өвчин тархахад алслагдсан аймаг, сумдын хичээлийг хааж, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн ажиллах цагийг хязгаарлан, уян хатан бус цөөнгүй шийдвэр гаргасаар байсан нь ямар учиртай юм бол. Хөл хорио нь хөдөө үсэг мэдэхгүй бага ангийн сурагч, үнийг нь дийлэхгүй бараа, бүтээгдэхүүнийг олшруулсан гэхэд болно гэв.

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын малчин Ч.Батбаярынх 7-16 насны, дөрвөн хүүхэдтэй айл. Тус сум Баянхонгорын төвөөс 35 км-ийн зайтай, малчид нь аймгийн төвийнхний цагаан идээний хэрэглээний 80 гаруй хувийг нийлүүлж хэвшсэн юм байна. Гэтэл хөл хорио тогтоосны улмаас айлууд нь бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүйд хүрчээ. Ч.Батбаярын гэргий С.Чулуунцэцэг “Аймгийн төвд зургадугаар сарын дунд үеэс өдий хүртэл (долдугаар сарын 11) хөл хорио тогтоосон. Тиймээс бид орж чадахгүй, зарах цагаан идээгээ төв рүү явдаг гарамны наад талд тавьдаг болсон. Цаанаас нь хүмүүс ирж авбал зарна, ирэхгүй бол буцаагаад авна гэсэн үг. Сүүлийн хоёр жилд манай аймагт зуд болсон учраас малчдын олонх нь төл цөөнтэй, саах мал бага учраас нэг литр сүү, нэг кг ааруул борлуулсан ч дэм хэрэгтэй байна. Гэтэл хөл хорионд хашигдчихаад яаж ч чаддаггүй. Идээгээ зарах гээд гарам дээр хүлээгээд заримынх нь сүү гашилж, айраг хахарсан тохиолдол ч гарсан.

Коронавирусийн “сургаар” л юмны үнэ айхавтар өслөө. Гурил, элсэн чихэр, цагаан будаа, эм зэрэг өргөн хэрэглээний бүх барааны үнэ огцом нэмэгдсэн. Миний тооцсоноор нэг уут гурилын үнэ өнгөрсөн жилийнхээс бараг 10 000 төгрөгөөр ахисан бол зудтай аймагт хамгийн хэрэгцээтэй малын тэжээл, өвс, угжны сүүний үнэ тэнгэрт хадсан” хэмээн ярив. Түүнчлэн Дуут сумд амьдардаг Г.Эрхэмбаярынхны адил хүүхдүүд нь хичээлээсээ хоцрогдон, энэ жил хоёрдугаар ангид орох бага нь 35 үсгээ ч гүйцэд үзэж амжилгүй хөл хорионд орсон гэдгийг дурдсан.

Говь-Алтай аймгийн Төгрөг сумд ч энэ хавар, зун хөл хорио тогтоон, малчид сум руу орох хөдөлгөөнийг хаажээ. Мэдээж сургууль хичээллээгүй, хүнсний дэлгүүр, гуанз зэрэг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг цөөвтөр газрын ажиллах цагийг хязгаарласан нь боловсролын хоцрогдол үүсгэн, иргэдийн орлогыг бууруулж, бараа, бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөх шалтгаан болсныг хэлэх хүн олон байна.

Эндээс харахад хөл хорионоос дээр дурдсан өрхийнхөн лав залхжээ. Иргэдийн ухамсар болон дархлаажуулалтад найдан, хорьж, цагдахаа болих хэрэгтэй гэцгээв. Түүнчлэн өрхүүд, хувь хүмүүс орлого олох боломжоо хязгаарлуулахгүй байхыг өвдөхөөс дутуугүй дээгүүрт тавьж буйгаа илэрхийлж, ядаж л нийслэлд коронавирусийн халдвар гарахад орон нутгийн сургуулиудын хичээлийг хааж, аймаг, сум хооронд зорчих хөдөлгөөн хязгаарласан нь том алдаа гэцгээж байлаа.

2
Зөв, гоёЗөв, гоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

100 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

100 thoughts on ““Үсэг мэдэхгүй сурагч, үнийг нь дийлэхгүй бүтээгдэхүүн л олширлоо”