Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засгийг “эвдэж” мэдэх инфляц


Нэгэн бүсгүй найздаа бэлэглэх цэцэг худалдаж авахаар дэлгүүр оржээ. Тэрбээр дэлхий нийт цар тахалд нэрвэгдэхээс өмнө өөр нэгэн найздаа тус дэлгүүрээс лили цэцэг худалдан авч бэлэглэж байж. Тухайн үед нэг ширхэг лили цэцэг 10 мянган төгрөгийн үнэтэй байжээ. Тэгвэл саяхан лили цэцэг худалдан авахаар очтол нэг ширхгийнх нь үнэ хоёр дахин нэмэгдэж, 20 мянган төгрөгт хүрсэн байв. Бүсгүй дэлгүүрийн худалдагчаас цэцгийн үнэ яагаад ингэж нэмэгдсэнийг асуутал “Манайх цэцгээ онгоцоор тээвэрлэн авдаг болсон. Тиймээс үнийг нь нэмлээ” гэж хариулсан гэнэ. Энэ бол импортын бараа, бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэж буй бодит жишээ юм. Газраар тээвэрлэн авчирдаг байсан цэцэг агаараар “нисэж ирдэг” болжээ. Онгоцоор цэцэг тээвэрлэхэд өндөр хөлс төлөх нь ойлгомжтой. Яагаад заавал онгоцоор тээвэрлэх шаардлагатай юм бэ гэж асууж магадгүй. Манай улсад “Ковид-19”-ийн тархалт нэмэгдэж, халдварын тохиолдол өсөнгүүт өмнөд хөрш хилийн боомтоор нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн тоонд хязгаар тавьсан. Үүнээс үүдэж импортын бараа, бүтээгдэхүүн тээвэрлэн авчрах хугацаа багадаа нэг сараар хойшлоод байна. БНХАУ-аас цэцэг импортоллоо гэж төсөөлье.

Тэгвэл мөнөөх цэцэг нь нэг сар гаруйн дараа ирж, дэлгүүрийн лангуунд дэлгэгдэнэ. Гэхдээ цэцгийг урт хугацаанд тээвэрлэх боломжгүй. Хатна, үнэр нь гарна. Тиймээс онгоцоор тээвэрлэх нь өндөр хөлстэй ч эрсдэл багатай байгаа болов уу.

Зөвхөн цэцэг ч биш, нарийн ногооноос эхлээд бүх төрлийн импортын бараа, бүтээгдэхүү¬ ний үнэ өссөн. “Замын-Үүд-Эрээн”-ий боомтоор өдөрт 100 машин нэвтрүүлж байснаа БНХАУ саяхнаас 150 болгосон. Уг нь хэвийн үед тус боомтоор өдөрт 300 машин нэвтрүүлдэг байжээ. Хилээр нэвтрүүлэх автомашины тоог цөөлснөөр тэндээс Улаанбаатар луу бараа тээвэрлэдэг жолооч нар хөлсөө хоёр “нугалах” болсон байна. Тодруулбал, Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл ачаа тээвэрлэхэд 25 сая төгрөгийн хөлс нэхдэг болсон гэнэ. Өмнө нь 5-10 сая төгрөгөөр ачаа тээвэрлэдэг байжээ. Тээврийн зардал өссөн, хомсдол үүссэн гэсэн хоёр шалтгаанаар импортын барааны үнэ нэмэгдэж буй юм. Хилийн боомтоор нэвтрүүлэх автомашины тоог 50-иар нэмэгдүүлсэн учраас тээврийн хөлс нь буурч, хомсдолоос гарах болов уу гэж найдаж байна.

Хатуу хөл хорио тогтоосноор орон нутгаас Улаанбаатар луу зорчих хөдөлгөөнийг хааж байгаа. Ийм тохиолдолд Улаанбаатар луу тээвэрлэх махны хэмжээ буурч, үнэ нь тэнгэрт хадав. “Баянзүрх” худалдааны төвд үхрийн килограмм цул махны үнэ 15 300 төгрөгт хүрчээ. Үхрийн килограмм цул махны үнэ жилийн өмнө 8000-9000 төгрөгийн үнэтэй байв. Тэгэхээр махны үнэ нийслэлд бараг хоёр дахин өсжээ. Уг нь өнгөрсөн өвөл 5-6 аймагт өвөлжилт хүндэрч, малчид өмнөхөөс олон толгой мал нядалсан. Ингэснээр махны нийлүүлэлт нэмэгдэн, үнэ нь хямдрах учиртай байв. Гэвч хөл хорио тогтоосноор нийлүүлэх боломжгүй болж, улмаар махны үнэ өслөө. Хөл хорио, аливаа хязгаарлалт бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг боомилж инфляц үүсгэж байгааг та анзаарсан байх. Илүү тодруулбал, хөл хорио, хязгаарлалт нь нийлүүлэлтийг сааруулж, бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөж байна гэсэн үг. Хэдийгээр цар тахлын нөлөөгөөр эдийн засаг хямарсан ч Засгийн газраас хэрэгжүүлж буй бэлэн мөнгө тараах халамжийн бодлого эрэлтийг дэмжсэн. Ялангуяа өнгөрсөн дөрөвдүгээр сард иргэн бүртээ 300 мянган төгрөг тараасан нь бараа, бүтээгдэхүүний эрэлтийг огцом нэмэгдүүлсэн юм. Гэтэл нэг талд эрэлт нэмэгдэж байхад нөгөө талд нийлүү¬ лэлтийг сааруулах хорио, хязгаар хэвээр байлаа. Ийм ч учраас дөрөвдүгээр сард инфляц огцом өссөн биз.

Улсын инфляц өнгөрсөн дөрөвдүгээр сард 5.6 хувь болж, 3.1 хувиар огцом өсөв. Энэ бол ихээхэн далайцтай өсөлт. Тиймээс эдийн засагчид, санхүүчид инфляц цаашид хэрхэх төлөвтэйг анхааралтай ажиглаж байна. Дахиад хэдэн сар дараалан их хэмжээгээр өсвөл Монголбанкны зорилтоос давна. Төвбанкныхан жилийн инцляцыг зургаан хувьд байлгах, алдлаа гэхэд наймаас хэтрүүлэхгүй байх зорилт тавьсан. Инфляц зургаан хувиас давах нь тодорхой болсон. Харин найман хувиас хэтрүүлэхгүй байх бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Эдийн засаг хямарсан учраас бодлогын хүүгээ өсгөж, мөнгөний нийлүүлэлтийг багасгах шаардлага одоохондоо байхгүй болов уу. Валютын ханш ч харьцангуй тогтвортой байна.

Тэгэхээр хамгийн гол нь эдийн засгийн урсгалд тавьж буй хорио, хязгаарлалтыг л чөлөөлөх хэрэгтэй. Ингээгүй тохиолдолд зах зээлд 10 бүү хэл, 20 их наяд төгрөг нийлүүлээд ч нэмэргүй. Ингэх нь дотоодын худалдааны эрэлтийг нэмэгдүүлж, инфляцыг гааруулахаас өөр сайн зүйл авчрахгүй. БНХАУ-тай ЗамынҮүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмодны боомтоор нэвтрүүлэх автомашины тоогоо нэмэгдүүлэх хэлэлцээ хийх шаардлагатай. Замын-Үүд-Эрээн боомтоор өдөрт 250 автомашин нэвтрүүлдэг болбол бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт нэмэгдэж, инфляц буурах болов уу.

Манай улсын инфляц 2012 оны тавдугаар сард 15.4 хувьд хүрч байсан удаатай. Тухайн жил эдийн засаг 12 хувиар өссөн. Тэр үед бизнесийн зээлийн хүү 24-28 хувь байв. Зарим эдийн засагч дотоодын нийт бүтээгдэхүүн 10 гаруй хувиар өсөж байхад иймэрхүү хэмжээний инфляцтай байх нь хэвийн үзэгдэл гэж ярьж байлаа. Сүүлийн таван жилд инфляц нэг оронтой тооноос хэтэрсэнгүй. Дунджаар дөрвөн хувийн инфляцтай он жилүүд өнгөрлөө. Улсын инфляц 2019 оны есдүгээр сард есөн хувьд хүрснийг эс тооцвол бусад үед нам дор түвшинд байв. Ингэснээр макро эдийн засгийн таатай нөхцөл бүрдсэн. Үүнийг та банкуудын бизнесийн зээлийн хүү жилийн 16 хувь хүртэл буурснаас харж болно. Хадгаламжийн хүү ч буурч, хөрөнгийн зах зээл хөгжиж байна.

Хэрэв инфляц өссөөр байвал Монголбанк мөнгөний бодлогоо чангатгахаас өөр аргагүйд хүрнэ. Товчхондоо, мөнгөний хатуу бодлого явуулж эхэлнэ гэсэн үг. Ийм тохиолдолд банкууд хадгаламжийн хүүгээ өсгөнө, дагуулаад зээлийнхийгээ дээшлүүлнэ. Сүүлийн жилүүдэд эдийн засагт бий болсон таатай орчин өөрч¬ лөгдөнө. Тэгэхээр инфляцаа нам дор байлгах арга хэмжээ авах хэрэгтэй. Эрүүл мэндээ хамгаалахтай зэрэгцээд эдийн засгаа байнга бодож байх учиртай. Дахиад хөл хорио тогтоовол эдийн засгийн нөхцөл улам хүндрэх нь дамжиггүй. Нийлүүлэлт саарч, хомсдол үүсэн, бараа, бүтээгдэхүүний үнэ дахиад өснө. Инфляц өсөх тусам эдийн засгийн таатай орчныг эвдэнэ.

Коронавирусийн халдвар авч буй иргэдийн тоо буцаад өссөн нь санаа зовоох асуудал болов. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хатуу хөл хорио тогтоох тухай яриа гарч байна. Дахиад халдварын шинэ давлагаа үүсэх, мутацад орсон вирус тархах магадлалтайг үгүйсгэж болохгүй. Ийм тохиолдолд хөл хорио, аливаа хязгаарлалт тогтоох нөхцөл үүснэ. Тэгэхээр ийм арга хэмжээ авч, бараа, бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөхөөс сэргийлэх хэрэгтэй. Импортлогч, ченжүүдийн халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлуулан бараа, бү¬ тээгдэхүүнийхээ нийлүүлэлтийг нэмэгдүүлэх дорвитой бодлого хэрэгжүүлэх нь зүй. Нийлүүлэлтээ нэмэх бодлого хэрэгжүүлбэл цэцэг газраар “ирж”, үнэ нь буурна. Ченжүүд чөлөөтэй зорчиж, махны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Бас л үнэ нь хямдарна. Эцэст нь эдийн засагт таатай орчин хэвээр үлдэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.