Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Иргэд, олон нийтэд тогтвортой хөгжлийг боловсролоор дамжуулан хүргэх нь илүү ач холбогдолтой

Дэлхий нийтийн боловсролын чиг хандлагаар насан туршийн боловсрол гэж  албан болон албан бус боловсрол, амьдралаас суралцахуйг багтаан томъёолж байна. Харин Монголд хэрхэн харж, тайлбарлаг бол. Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирал Л.Болортунгалагтай уулзаж ярилцлаа.

Насан туршийн боловсрол гэж юуг хэлдэг вэ?

-Энгийнээр тайлбарлавал хүн эхийн урагт бүрэлдэхээс  эхлэн насан хутгийг олох хүртэлх бүхий л хугацаандаа хөгжиж, боловсорч байдаг. Манай улсын хувьд иргэд 3 наснаас буюу сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон дээд боловсрол, магистр, докторын зэрэг хамгаалах гээд албан боловсролд ойролцоогоор 30 нас хүртэл суралцаж байна.Тэгвэл хүн 100 хүртэл насална гэвэл үлдсэн 70 жилд суралцах, хөгжих асуудал яригдана. Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага ч хүний хөгжил, насан туршид суралцахуйд чиглэж, амьдралаас суралцах, тасралтгүй хөгжих үйл явцыг хүлээн зөвшөөрч баталгаажуулахыг чухалчлан үзэж байна. Манай улс ч үүнд анхаарлаа хандуулж Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөр Алсын хараа 2050-д Хүний хөгжлийг үндсэн тулгуур гэж тодорхойлсон.

Танай төв орон нутагт нэлээд олон салбартай, яг ямар сургалтуудыг явуулж байна вэ? Иргэдийн оролцоо хэр байдаг юм бол?

-Монгол Улсын Боловсролын тухай хуулинд боловсролын тогтолцоо нь албан болон албан бус боловсролын нэгдэл байна гэж тусгасан бөгөөд  1997 оноос эхлэн албан бус боловсрол буюу одоогийн насан туршийн боловсролын суурь анх тавигдсан. Үндэсний хэмжээнд насан туршийн боловсролын 355 төв үйл ажиллагаа явуулж байна. 600 гаруй багш, ажилтантай. Манай төв БШУЯ-ны харъяа байгууллага, салбар төвүүдийг удирдлага, арга зүйгээр хангах, хүний нөөцийг чадавхжуулах чиг үүрэгтэй. Орон нутгийн төвүүд нь  иргэдийн хэрэгцээ шаардлага, сонирхолд нийцсэн мэдлэг, чадвар олгох, хандлагыг өөрчлөх богино хугацааны сургалт, үйл ажиллагааг зохион байгуулдаг. Түүнчлэн ямар нэгэн шалтгааны улмаас сургуулиас завсардсан, сургуульд сурч чадаагүй иргэдэд боловсрол нөхөн олгох сургалтыг зохион байгуулдаг. Энэ суралтад 56 настай хүн ч суралцаж байна. Мөн бичиг үсгийн боловсрол олгох сургалтуудыг зохион байгуулдаг. Энэ хичээлийн жилд тус сургалтад 1565  иргэн хамрагдаж байна.

Насан туршийн боловсролд хүн бүр хамрагдах боломж бий юү?

-Хувьсан өөрчлөгдөж буй мэдээллийн технологийн хурдацтай, хөгжлийн эрин үед иргэд тухайн нийгмийн хөгжлөөс хоцрохгүйн тулд, амьдралын чанараа дээшлүүлхийн тулд нийгмийн орчинд идэвхтэй оролцох, ажлын шинэ шинэ боломжуудад ажиллаж амьдрах мэдлэг, чадвараа хөгжүүлэх, суралцах шаардлага байнга үүсч байгаа. КОВИД-19 цар тахлын энэ үе бол бид өчнөөн сорилтуудтай тулгарлаа. Наад захын жишээ; Үсчинд орохгүйгээр гэр бүлийнхнийхээ үсийг засч сурах хэрэгтэй боллоо. Жирийн үед бол үсчинг мэргэжлийн ажил гэж ойлгож байсан. Мэргэжлийнх байлгүй л яах вэ. Гэхдээ үсээ өөрөө будах, засах, янзлах нь чухал гэдгийг хүмүүс мэдэрч эхэллээ. Мөн бүх үйл ажиллагаа цахимаар явагдах болсноор бид мэдээлэл технологи, дижитал ур чадвараа сайжруулах хэрэгцээ байгаагаа мэдэрлээ гэх мэт. Энэ мэтчилэн алхам тутамд суралцах хэрэгцээ гарч байна. Насан туршид суралцахуйн үйл ажиллагаа нь бүх хүн амд хамааралтай бөгөөд аль нэг зорилтот бүлгээр хязгаарлагдахгүй. Иргэд насан туршийн боловсролын  төвүүдийн сургалтуудад хамрагдах боломжтой, нээлттэй. Хамгийн гол нь иргэд маань суралцахуйд суралцах буюухувь хүн тасралтгүй суралцах сэдэл тэмүүлэл, эрмэлзэлтэй байх, өөрийн хэрэгцээ, нөхцөл байдлыг ухаарсан байх явдал чухал юм. Бас нэг чухал зүйл нь амьдралаас суралцахуй. Хүн өдөр тутмын амьдралаасаа гэр бүлдээ, хамт олондоо, ажлын байрандаа ч суралцаад явж байдаг. Жишээ нь, та бид 2 ярилцаад сууж байх зуурт нэгнээсээ суралцаж л байгаа. Хүн өөрийн туулсан амьдралаас суралцах нь илүү үр дүнтэй арга болохыг дэлхий нийт онцлох болсон. Монгол Улсын насан туршийн боловсролын бодлого эрх зүй, санхүүжилтын хувьд дэлхийн жишигт хүрч чадахгүй байгаа ч тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд боловсролын чанарыг сайжруулах, тэгш боломж олгох, харилцан уялдаатай хамтын ажиллагааг хэрэгжүүлэх, иргэн бүрт хүрч үйлчлэх хэрэгцээ шаардлагыг харгалзсан өргөн хүрээтэй оролцоог идэвхжүүлэхийг зорьж байна.

Яг одоо Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар Насан туршдаа суралцахуйн бодлого, төлөвлөлтийг шинэ шатанд гаргах санал боловсруулах Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Энэ нь Боловсролын хууль шинэчлэгдэж, УИХ-д өргөн баригдах гэж байгаа цаг хугацаатай ч давхцаж байна. Боловсролын хуулинд насан туршдаа суралцахуйн асуудал цогцоороо тусгагдан мөн насан туршдаа суралцахуйн стратеги, хөтөлбөртэй болвол бид насан туршдаа суралцах боломжоор хангагдаж, хэн ч, хэзээ ч, хаанаас ч суралцах боломж бүрдэх юм.

Тогтвортой хөгжлийн боловсролын зорилттой насан туршийн боловсрол хэрхэн уялддаг вэ? Одоо зохион байгуулагдаж байгаа нэгдсэн цахим чуулганы талаар танилцуулна уу?

-Иргэд, олон нийтэд тогтвортой хөгжлийг боловсролоор дамжуулан хүргэх нь илүү ач холбогдолтой бөгөөд Тогтвортой хөгжлийн боловсрол нь насан туршийн боловсролын бүхий л хэлбэрүүдэд  хэрэгжиж байдаг.  “Тогтвортой хөгжил 2030”- н уриалга бол “Хэнийг ч ардаа үлдээхгүй, хамтдаа хөгжих” мөн иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг онцолж байгаа. Иргэн бүр Тогтвортой хөгжлийн талаар тодорхой ойлголттой байж гэмээнэ хувь хүн, гэр бүл, улс орон хөгжинө. Насан туршийн боловсролын төвүүдээр дамжуулан Монгол Улсын нийт иргэдэд, олон нийтэд насан туршдаа суралцахуй болон Тогтвортой хөгжлийн боловсролыг эзэмшүүлэхэд удирдлага, арга зүй, менежментээр ханган ажиллаж байна.

Яг одоо Монгол Улсад БШУЯ, БОАЖЯ, Швейцарын хөгжлийн агентлагын хамтран хэрэгжүүлж байгаа Тогтвортой хөгжлийн боловсрол-II төсөлд  Боловсролын хүрээлэн, Насан туршийн боловсролын үндэсний төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монгол улсын боловсролын их сургууль зэрэг 11 байгууллага техникийн зөвлөн туслах баг болон хамтран ажиллаж байна. Энэхүү төслийн хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл“ нэгдсэн виртуал чуулганыг энэ өдрүүдэд цар тахлын улмаас цахимаар зохион байгуулж байна. Энэхүү цахим чуулган 6 салбар хуралдаантай, 10 мянган хүнийг хамруулах боломжтой юм. Сайн туршлага, санал санаачлагыг олон нийтэд хүргэх, түншлэл, хамтын ажиллагааны загварыг боловсруулахаар бид зорьж байна. “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” нэгдсэн цахим чуулган энэ долоо хоногт www.eduexpo.mn -аар зохион байгуулна.

1
Савж уналааСавж уналаа
1
ГайхмаарГайхмаар
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.