Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Доройтсон бэлчээр, шимгүй өвс, тэвээрэггүй мал

Цөлжиж, доройтсон газрын хэмжээ сүүлийн таван жилд нэг хувиар нэмэгджээ. Ялихгүй тоо мэт сонсогдох ч энэ нь 15 000 ам км талбайтай дүйж буй юм. Судлаачид 2015 онд манай орны газар нутгийн 76.9 хувь нь цөлжилт, доройтолд өртсөн гэж үнэлсэн бол 2020 онд 77.9 болж өссөн байна.

1918 онд манай улсын 100 га талбай тутамд зургаан мал ногддог байсан нь 2010 онд 29, 2020 онд 64 болжээ. Малын тоо толгой хэт өссөнөөс нийт нутгийн 25 хувьд бэлчээрийн даац 1.2-3, 18 хувьд тав дахин хэтэрсэн, үлдсэн хэсэг нь 50 хүртэлх хувийн нөөцтэй гэсэн тооцоог судлаачид гаргасан байдаг.

Бидний өдөр тутмын амьдрал, амьжиргаанд хангалттай дарамт учруулж буй цөлжилт, бэлчээрийн доройтлоос үүдэлтэй эдгээр үзүүлэлтийг бууруулах, тогтоон барих чиглэлээр цаашид дорвитой анхаарахгүй бол монголчууд уламжлалт ахуйгаасаа хагацаж, малаас хүртэх ашиг шим үгүй болно гэж байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарынхан ихэд болгоомжлох боллоо. Одоо ч малчид “буланд шахагдаж”, жилийн дөрвөн улиралд бэлчээр, усны төлөөх тэмцэл дунд бэдчин, мал сүрэгтээ тарга тэвээрэг хангалттай авхуулж чадахгүй байгаа юм.

Цөлжилт, газрын доройтол гаарч, бэлчээр талхигдахын хэрээр шим тэжээлт ургамлын төрөл зүйл хумигдаж, тархац нь мэдэгдэхүйц багасжээ. “Монгол орны бэлчээрийн 65-70 хувьд ургамлын сэргэн ургах чадвар алдагдаж, үндэс нь суларснаас төрөл зүйл болон ургацын хэмжээ эрс багассан. Сэргэх чадварын үзүүлэлтээр ойт хээр, хээрийн бүсийн бэлчээрийн зонхилох хэсэг III, IV ангилал (хамгийн муу)-д хамаарч, илүү их доройтож, өөрчлөгдсөн байна” гэж Цаг уур, орчны шинжилгээний газар, ХААИС-иас гаргасан “Монгол орны бэлчээрийн төлөв байдал” тайланд дурдсан байна. ШУТИС-ийн харьяа Ой, модны сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал Ц.Банзрагч саяхны нэг ярилцлагадаа “Бэлчээрийн даац хэтэрснээс мал авах ёстой тэжээлийнхээ 20-25 хувийг л дөнгөн данган авч байна” гэсэн байв. Түүнчлэн малын амьдын жин, ялангуяа хониных илт багассан, сүү, махнаас нь шарилж зэрэг хөл газрын (хогийн) ургамлын амт, үнэр мэдрэгдэх болсныг судлаач хэлсэн юм.

Ургамлын төрөл зүйл хумигдсанаас мал хангалттай тарга тэвээрэг авч чадахаа байж, улмаар ашиг шим нь багасан, өвлийн хүйтэн, хаврын хахир өдрүүдийг эсэн мэнд давах нь бэрхболжээ. Малын өөх, махны тэнцвэр алдагдсан нь үүний нотолгоо хэмээн “Гарааны арвин ургацын ундраа” компанийн захирал, агрономич Д.Алимаа хэлэв. Тэрбээр “Малд махан тарга өгдөг ургамал байхгүй болсон. Өөхөн тарга л давамгайлдаг. Бэлчээрийн 3100 орчим ургамал бүртгэгдсэнээс 600 гаруй нь тэжээлийн ач холбогдолтой. Одоо монгол мал голдуу хамхуул, шарилж идэж байна. Малчид малаа таргалуулахын тулд цагаан тариа буюу “ивомек” их хэрэглэж, тэжээлээр борддог боллоо” хэмээн ярьсан юм.

Малд усан, махан, өөхөн тарга гэж бий. Эдгээрээс хамгийн чухал нь махан тарга. Махан тарга гүйцэд авсан мал онд сайн орж, дараа зун нь эрт тэвээрч, хур хүчтэй болдог. Тэр хэрээр ашиг шим нь арвин байдаг гэж малчид ярьдаг билээ. Махаа барсан мал, малаа барсан хүн хоёр адил гэдэг нь учиртай. Махан таргын үед малын булчин мах дүүрч гүйцэн, ширхэг нь бүдүүрч, томрохын зэрэгцээ биеийн дотор, гадар өөхөн хуримтлал үүсдэг. Мал жам ёсоор таргалахад өөх, махны харьцаа ийнхүү жигд, тэнцвэртэй болдог гэнэ. Харин одоо монгол малд энэ тэнцвэр алдагдаж, өөхөн тарга давамгайлах болжээ. Гэтэл иргэд өөхтэй л бол тарган, шимтэй гэж ташаа ойлгодог. Угтаа энэ нь цаагуураа бидэнд чухал мессеж өгч буй гэдгийг ХААИС-ийн доктор, ургамал судлаач Э.Цээлхам хэллээ.

Тэрбээр “Мал махан тарга авах хугацаа зургадугаар сарын дунд үеэс наймдугаар сарын дунд үе хүртэлх 60-70 хоног байдаг. Энэ нь бэлчээрийн ургамал цэцэглэж, үрээ цацан, боловсорч гүйцдэг учраас хамгийн ашигтай хугацаа. Бэлчээрийн талхигдал, цөлжилт, доройтлын улмаас ургамлын нөөц хомсодсон, хугацаандаа боловсрохоо больсноос болоод мал хэрэгтэй шим тэжээлээ авч чадалгүй өвөлтэй золгож байна. Бэлчээрийн шим тэжээлийг хэр зэрэг ногоон байгаагаар нь хэмжихгүй. Тэжээлийн ач холбогдолтой 500-600 ургамлаас өчүүхэн хувийг нь л мал иддэг. Би 15 аймгийн 80 гаруй сумд хээрийн судалгаа хийсэн. Говь, хангай, хээрийн бүсийн алинд нь ч тэжээлийн ургамлын нөөц багассаныг малчид хэлдэг. Отор нүүдэл хийсэн, нэг дов, толгой тойрч сүргээ идээшлүүлсэн айлын малын тарга, махны амт шим газар, тэнгэр шиг ялгаатай. Мал тарган тавлаг байх үндэс нь бэлчээрийн олон төрлийн ургамал, ус учраас одоо цагт малчид нутаг сэлгэж, отор нүүдэл хийхээс аргагүйд хүрсэн” гэв.

Өөхөн тарга зонхилох хэрээр маханд байх аминдэм, уураг, эрдэс бодисын агууламж багасаж, өөрчлөгддөг гэнэ. Бид махнаас хэрэгцээтэй шим тэжээлээ авч чадахгүй байх магадлал өндөрсөнө гэсэн үг. Тиймээс энэ бүхний үндэс шалтгаан болж буй асуудлуудад зохистой бодлогоор хандаж, малын тоо толгойг хэвийн түвшинд “барих нь” юу юунаас ч чухал гэж Э.Цээлхам доктор онцолсон.

Махны чанар, шим тэжээлтэй холбогдолтой сүүлийн үед хийсэн судалгаа, статистик бий, эсэхийг мэргэжлийн болон судалгааны хэд хэдэн байгууллагынхнаас лавлалаа. Бэлчээрийн төлөв байдал, малын ашиг шим, махны хими, биологийн найрлагыг тодорхойлсон судалгаа цөөнгүй ч өмнө нь ямар байгаад, одоо хэрхэн өөрчлөгдсөнийг харьцуулан шинжилсэн нь үгүй гэнэ. Олонх нь 1980, 1990-ээд онд хийсэн судалгааны нэр заав. Тухайн үед Бэлчээр, тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач, агрономичид энэ төрлийн судалгааг улсын захиалгаар өргөн хүрээнд далайцтай хийдэг байжээ. Харин өдгөө бүрэн орхигдсоныг нэгэн ахмад агрономич хэллээ. Тэрбээр “Өмнө нь 10 жилийн давтамжтай судалгаа хийдэг байсан. Хугацаа нь дэндүү хол юм шиг боловч маш чанартай, ул суурьтай байж. Харин одоо 3-4 жилд судалгаа шинжилгээ хийж буй ч тэр нь явцуу хүрээнд, байгаа онодоггүй. Бэлчээр, тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэн энэ чиглэлийн судалгааны үр дүнг багтаасан есөн боть гаргасан. Мал юу голдуу идэж байна, аль бүсэд ямар ургамал зонхилдог, тэр нь малын ашиг шимийн зохистой харьцаа, махны илчлэг чанарт хэрхэн нөлөөлдөг гээд бүх талаас нь судалсан юм. Ургамлын бүлгэмдэл (төрөл зүйлийн бүрдэл) тухайн үед ч тулгамдсан асуудал байлаа. Үүнийг зайлшгүй нарийвчлан судлах шаардлагатай. Манай улс эрүүл бэлчээртэй, ургамлын төрөл зүйлээр баялаг, малын өсөлтийг түргэсгэж, ашиг шимийг нэмэгдүүлэх химийн нэгдэл ашигладаггүй учраас монгол маханд үл орлогдох амин хүчил, эрдэс бодис хангалттай хэмжээгээр агуулагддаг гэж үнэлэгддэг байв. Одоо ихээхэн өөрчлөгдсөн нь гарцаагүй” гэсэн юм.

Судлаач, эрдэмтдийн байр суурийг сонсоход, бидний өдөр тутам хоол хүнсэндээ хэрэглэж буй малын махны шимт чанар алдагдаж, хүний биед хэрэгцээт уураг, амин хүчил, бусад бодис нь үгүй болсон юм биш байгаа гэж хардах сэтгэл эрхгүй төрөв. ХХААХҮЯ, ХААИС болон шинжлэх ухааны бусад байгууллага энэ чиглэлийн судалгааг хамтран хийж, нөхцөл байдлыг бодитоор үнэлэх цаг нь иржээ.

1
Зөв, гоёЗөв, гоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.