Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ч.Бямбажаргал: Монгол Улс тусгаар тогтноход бурхны шашин үлэмж нөлөөлсөн

Монголд бурхны шашин дэлгэрээд 400 орчим жилийн хугацаа өнгөрчээ. Дээрх түүхэн хугацаанд монголчууд үеийн үед ямар хүнд бэрхшээлийг даван туулж өнөөдөртэй золгосон талаар Гандантэгчэнлин хийдийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны лам Ч.Бямбажаргалтай ярилцлаа. Тэрбээр ярилцлагын үеэр саяхан УИХ-д өргөн барьсан Бурхны шашинд нөхөн олговор олгох тухай хуулийн төслийн талаарх лам нарын байр суурийг давхар илэрхийлсэн билээ.

-Юуны түрүүнд бурхны шашин Монголын нутагт анх хэзээ орж ирж, хөгжиж эхэлсэн талаар ярилцъя. Та энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Бурхны шашин анх 2200 жилийн өмнө буюу Хүннү гүрний үед Энэтхэгээс Гималайн нуруугаар дамжин, Монгол нутагт орж ирсэн гэж түүхчид үздэг. Төвөд, Хятадад дэлгэрэхээс ч өмнө тал нутгийн нүүдэлчид энэ шашныг шүтэж дээдэлдэг байлаа шүү дээ. Дараа нь Юань гүрний үед хүчтэй дэлгэрсэн. Хубилай хаан Юань гүрний төрийн шашнаар залж байсан. Сүүлд XVII зууны үед Өндөр гэгээн Занабазар энэхүү шашныг цааш нь дэлгэрүүлсэн байдаг юм. Үүнээс харахад бурхны шашин 2200 жилийн өмнөөс монголчуудын түүх, соёл, уламжлалын нэг хэсэг болж явсан байна.

-Бурхан шашныг Манж Чин улсын бодлогоор орж ирсэн гэж боддог хүн цөөнгүй бий. Энэ талаар түүхэнд юу гэж тэмдэглэсэн байдаг вэ?

-Үүн дээр иргэд их ташаа ойлголттой байдаг. “Монголчуудыг номхтгох зорилгоор бурхны шашныг Монголд дэлгэрүүлсэн” гэж ярьдаг юм билээ. Үнэндээ энэ шашин аль эрт XVI зууны үед буюу Алтан хааны үед Монголд дэлгэрсэн шүү дээ. Тэр үед Монгол эзлэгдэх нь байтугай Манж гэх улс ч үүсээгүй байлаа. Цаашлаад Өндөр гэгээн Занабазарын үед Монголд Богд Зонховын шашин дэлгэрсэн. Богд Зонхов гэж байгаа болохоос угтаа энэ нь бурхны шашны үзэл онолыг Винайн ёсон дээр суурилуулсан номлол юм.

-Ойрд монголчууд Манжийн түрэмгийллийг их эсэргүүцсэн. Харин Халхын Өндөр гэгээн Занабазар Манжийг эсэргүүцээгүй, дагаар орсон гэдэг юм билээ.

-Өндөр гэгээн Занабазарын үед Халх Монгол геополитикийн хувьд хүнд нөхцөл байдалд орсон байв. XVII зууны сүүлээр Түшээт хан Чахундорж Байгаль нуур орчимд Буриадыг Оросоос хамгаалан, тулалдсан. Түүний удирдлаган дор Монголын олон жанжин Оросын шивээ, бэхлэлтүүдийг довтолж байлаа. Гэвч яг тэр үед Ойрдын Галдан бошигт Түшээт ханы араас довтолсон. Түшээт ханд зугтахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн бөгөөд тэрбээр зугтаж явахдаа байрлах нутаг ч үгүй болсон гэж түүхчид бичдэг. Тэр цаг үед халх монголчууд Орос, Ойрад, Манж гэх гурван хүчинд шахуулж, ялагдаж, бутарч явсан. Тиймээс ч халхчууд Манжтай дипломат аргаар харьцах шаардлагатай болсон л доо. Ийнхүү Манж, Монголын хооронд холбоотон улсын гэрээ байгуулагдсан. Энэ нь тухайн цаг үеийн нөхцөл байдалд сайн тохирсон, дипломатч байдлыг харуулсан их сайн гэрээ гэж орчин цагийн түүхчид үздэг юм билээ. Тухайлбал, тус гэрээнд монгол хүн, хятад хүн хоёрын хоорондын гэрлэлтийг хориглосон, Монголын нутаг дэвсгэрт Хятадын тариачдыг ирж аж ахуй эрхлэхийг хориглосон, Монголын харьяа нутаг руу өөр улс дайрах юм бол Манж, Монгол хоёр хамтарсан цэргийн хүч гаргаж, харилцан туслалцана, Манжийн дотоодод бослого тэмцэл болбол Монголын зүгээс тэдэнд цэрэг зэвсгийн тусламж үзүүлнэ гэж заасан байдаг. Энэ бол нутаггүй болоод зугтаж явсан халхчуудад их хүнлэг хандсан гэрээ гэж түүхчид үздэг юм билээ.

-Тэгээд сүүлдээ энэ хүнлэг сэтгэл нь дарангуйлал болж хувирсан гэсэн үг үү?

-Ер нь бол тийм. Манжийн төр үе үеийн Богд хутагтуудыг удаан наслуулж байгаагүй, хордуулчихдаг байсан гэдэг. Учир нь шашны тэргүүнүүд маань сав л хийвэл Манжаас тусгаарлах бодлого явуулчих гээд байсан болохоор л тэр биз. Сүүлд VIII Богд Жавзандамба хутагт 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг амжилттай удирдан зохион байгуулсан. Энэ хувьсгалаар монголчууд тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж, VIII Богдыг хаан ширээнд өргөмжилж, Олноо өргөгдсөн Монгол Улсыг байгуулсан. Угаасаа ч тухайн үед Манжийн төр засаг нэлээд ганхчихсан байсан. Дотоодын үймээн самуун ихтэй, барууны орнуудаас ирэх дарамт шахалтын улмаас хүч нь нэлээд суларчихсан. Үүнээс гадна тухайн үед Монголд манж, хятадын эсрэг үзэл нэлээд газар авч байсан гэдэг. Яг л 1930-аад онд Германд еврейчүүдийн эсрэг үзэл тархдаг шиг.

-Хувьсгалын тохироо бүрдэнэ гэдэг шиг гадааддаа ч, дотооддоо ч нөхцөл байдал нь яг тохирч байж дээ.

-Тусгаар тогтнолын хөдөлгөөнийг VIII Богд Жавзандамба хутагт толгойлж байсан. Энэ хөдөлгөөн өрнөх болсон шалтгаан нь их сонин. Тухайлбал, хамгийн эхэнд Хүрээний лам нар хятадуудтай зодолдсон байдаг. Үүнийг Сандо амбан тараах гэж ирээд өөрөө зодуулаад, чулуугаар нүдүүлээд зугтаасан гэдэг. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын хувьсгалын гол үндэс нь лам нарын манж, хятад иргэдтэй хийсэн зодооноос үүдэлтэй бөгөөд тэр үеэс л эрх чөлөө, тусгаар тогтнолын хөдөлгөөн эхэлсэн гэж үздэг юм. Монгол Улс тусгаар тогтноход бурхны шашин үлэмж нөлөөлсөн юм.

VIII Богд маань төвөд хүн байсан ч сэтгэл нь монгол хүн байсан гэлцдэг. Түүний гавьяа зүтгэлээс товчхон ярих уу?

-1912 онд хятадууд Манжийн төрийг унагаасныхаа дараа Дундад иргэн улсыг байгуулсан. Ингэхдээ Олноо өргөгдсөн Монгол Улсыг өөрсдийн харьяат муж гэж үзсэн. Богд гэгээн энэ үед “Танайх хэн гээч удирдагчтай, хэзээ байгуулагдсан улс вэ? Бид Манж Чин гүрэнтэй гэрээтэй улс байсан болохоос Дундад иргэн улстай ямар ч холбоогүй” гэж мэдэгдсэн. Тухайн үед хуучин Манж Чин гүрний эрхшээлд байсан улс орнуудаас дан ганц Монгол Улс л тусгаар тогтнолоо авч үлдэж чадсан юм. Бусад буюу Шинжаан Уйгар, Төвөд зэрэг нь бүгд Хятадын дор өнөө хэрнэ оршдог. VIII Богд хутагт “Одоо л эрх чөлөөгөө олж авахгүй бол хожим нь бидэнд эрх чөлөөний талаар ярих нь битгий хэл бодох ч эрхгүй болох цаг үе ирнэ” гэж ноёдод анхааруулж байсан. Тэр үеийн Монголд суугаа Оросын консул VIII Богд хутагтын хичээл зүтгэлийг үнэлэхдээ “Эрүүл хүний санаанд оромгүй зориг гаргаж байна” гэж бичсэн байдаг. Тэр консул Оросын эзэн хаан Николайд “Яаж энэ улсыг бие даасан, тусгаар улс болгох вэ” гэсэн утга агуулга бүхий захиаг бичиж байсан баримт ч архивт хадгалагддаг юм билээ. VIII Богд ийнхүү зүтгэсээр байгаад монголчуудад тусгаар тогтнолыг нь авчирсан гавьяатай хүн. Хэдий тэр хүн төвөд цустай байсан ч Монголын ард түмний эрх, эрх чөлөөний төлөө бүх хүч чадлаа зориулсан нэгэн байсан юм. Харамсалтай нь бид социализмын үед түүхээ угаалгачихсан. Угтаа бол жанжин Д.Сүхбаатар Богд хаанаас үүрэг авдаг цэргийн жанжин хүн байсан шүү дээ. Гэтэл социализмын үеийн кинонуудад Д.Сүхбаатарыг Богд хаан хордуулсан болгож гаргасан нь харамсмаар санагддаг.

Богд Жавзандамба Агваанлувсанчойжинямданзанванчүг /1869-1924/

-Хэдийгээр Монгол Улс 1911 онд тусгаар тогтносон ч Дундад иргэн улсын автономит статустай байсан. Улаантнууд Монголыг Дундад иргэн улсын дарлалаас мултрахад тусалсан ч өөрсдийн мэдэлд оруулах сонирхолтой байсан байх.

-1921 онд Монгол ардын нам байгуулагдсан. Энэ нам тухайн үеийн ноёд, түшмэл, тайж, лам гэх мэт нийгмийн бүхий л анги давхаргаас бүрдсэн сайн дурын байгууллага байсан. Тус намыг байгуулагдмагц Д.Сүхбаатар тэргүүтэй удирдлагууд нь улаан Оросоос тусламж гуйхаар Москваг зорьсон. Хэдийгээр Орос орон тэдний саналыг шууд хүлээж аваагүй ч 1921 онд улаантнууд цагаантны жанжин Барон Унгерныг элдэн хөөж Монголд нэвтэрсэн. Цагаантууд нийслэл Хүрээг Гоминданы цэргүүдээс чөлөөлсний дараа улаантнууд тэднийг Монголоос хөөсөн түүхтэй. Тухайн үеийн хувьсгалчдаас Коминтерны чекистүүдийн гарт хамгийн эхэнд амь үрэгдсэн хүн бол жанжин Д.Сүхбаатар юм. Тэрбээр “Бид улаантнуудаас цэрэг зэвсгийн тусламж хүссэн болохоос манай дотоод хэрэгт оролц гэж гуйгаагүй” гэж хэлээд удалгүй амиа алдсан.

-Бидний яриа он цагийн дарааллаар үргэлжилсээр хэлмэгдүүлэлтийн үе рүү орчихлоо. Ер нь тэр үед буддын шашны сүм хийдүүдэд хэр хэмжээний хор хохирол учирсан бэ. Тоо баримттайгаар дэлгэрэнгүй дурдах уу?

-Их хэлмэгдүүлэлтийн үед Дотоод явдлын яамныхан нийт 757 хийдийг нураасан гэж архивт тэмдэглэгдсэн байдаг. Хийд гэдэг нь манай Гандантэгчэнлин хийдтэй дүйцэхүйц том гэсэн үг. Энэ бол хойшхи 400 орчим жилийн хугацаанд монголчуудын бүтээсэн соёлт ертөнц, оюун санааны хөгжил, дэвшлийн илэрхийлэл байсан зүйлс шүү дээ. За тэгээд бурхан тахил, ном судар гээд тоочоод байвал барагдахгүй их юм бий. Нэг хийдэд дор хаяж 100 орчим цутгамал бурхан байсан. Эд нар нь одоогийн ханшаар хэдэн сая ам.доллар хүрэх байсныг таашгүй. Лав л 2008 онд Францад болсон нэгэн дуудлага худалдааны үеэр Өндөр гэгээн Занабазарын урласан бурхан зургаан сая ам.долларын үнэ хүрч байсан гэдэг. Үүнээс харахад эдгээр зүйлс маань түүхийн хосгүй нандин үнэт зүйлс байсан байгаа юм. Харамсалтай нь хэлмэгдүүлэлтийн үед тэр бурхдыг бүгдийг нь хурааж аваад ЗХУ руу зөөсөн гэдэг. 1980 онд хэвлэгдсэн Монголын нэгэн өдөр тутмын сонин дээр “1930-аад онд ЗХУ руу нийт 700 зил машин бурхан гаргасан” гэж бичсэн байдаг.

Монголд хоёрхон байгаа алтан үсгээр бичигдсэн Есөн эрдэнийн ганжуур гэх ном саяхан ЮНЕСКО-гийн дэлхийн баримтат өвд бүртгэгдсэн. Үүнийг яаж нууж авч үлдсэнийг манай Соёлын яамныхан их гайхдаг.

-Эгэл жирийн лам нарт яаж хилс хэрэг тулгаж, шийтгэдэг байсан талаар судалсан зүйлээсээ хуваалцах уу?

-И.Сталины зөвлөгөө, Монголд ажиллаж байсан Зөвлөлтийн сургагч, чекистуудын удирдамж, зааврын дагуу Онцгой бүрэн эрхт комисс байгуулагдсаны дараа лам нарыг үй олноор нь хядаад эхэлсэн. Үүнийг бид хэлмэгдүүлэлтийн үе гэж их зөөлнөөр хэлж байна гэж гаднын судлаачид хэлдэг. Харин “геноцид” гэж нэрлэвэл зохино гэдэг юм билээ. Тухайн үед буудуулсан хүмүүсийн 85 хувь нь лам байв. Шүүхээс давж заалдах эрхгүйгээр 24 цагийн дотор буудан алах шийдвэр гардаг байсан. Хилс хэрэгт баривчлагдсан хүмүүст зохиомол хэрэг хүлээлгэхийн тулд хатуу ширүүхнээр залхааж, тамлан тарчлаах аргыг өргөн хэрэглэсэн. Зодож нүдэх, дааруулж хөлдөөх, нойр хоолгүй суулгаж байцаах, “Сталины номхтгогч цамц” гэгдэх агаар нэвтэрдэггүй битүү уутыг өмсүүлж, амьсгалын дутагдалд оруулж, багтраах зэрэг тамлан зовоох олон аргыг өргөн хэрэглэж байв.

Дотоод явдлын яамныхан лам нарыг барьж авмагцаа эхний ээлжинд “Нүржин солдэв гэх номыг уншсан уу” гэж асууна. Хэрэв уншсан бол “Чи хуучин хаант засаглалыг сэргээх хүсэлтэй, хувьсгалын эсэргүү мөн” гэж тулгаж байсан. Энэхүү ном нь дараагийн Богд Жавзандамба хутагтыг түргэн залрахын залбирал байгаа юм. Тухайн үед VIII Богд таалал төгсөөд удаагүй байсан учраас бүх л лам нар энэ номын уншиж байсан байж таарна.

-Тэдний өмнө өөрийгөө тавьж үзлээ. Үнэхээр харамсалтай санагдав. Тухайн үед ажиллаж байсан Дотоод явдлын яамны чекистууд хожим нь энэ талаар дурссан байдаг болов уу?

-2011 онд нэг өвгөн ингэж ярьж байсан. Нэлээд нас өндөр болсон хүн байж билээ. Тэр хүн хэлмэгдүүлэлтийн үед Дотоод явдлын яамны ажилтан байсан юм билээ. Тэрбээр “Үйлийн үр гэж байдаг юм байна. Би их нүгэл хийсэн хүн. Залуу ч байж. Хүн алаад байхаар сүүлдээ цусанд улайрчихдаг юм билээ. Зугтаасан хүмүүсийг бид хэн нь түрүүлж бууны бөгсөөр цохиж алахаа үздэг байсан” гэж дурссан байдаг. Сүүлийн үед учир мэдэхгүй хүмүүс цахим орчинд 1937 оны үйл явдлыг зөвтгөж байгааг хараад би их гайхсан. Бүр лам нарыг дахиж устгах хэрэгтэй гэж ярьж буй хүмүүс ч байгааг хараад харамслаа. Тухайн үед ямар хэцүү байсныг орчин цагийн бид ойлгохгүй шүү дээ.

-Саяхан УИХ-ын 56 гишүүн хамтарч Бурхны шашинд нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийг хэт хожуу орж ирсэн гэж хэсэг хүн үзэж байна. Харин зарим нь ардчилсан тогтолцоотой, олон шашин зэрэгцэн оршиж буй манай улсад зохимжгүй хууль гэж харж байна. Манай лам нар үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Ер нь бол Гандантэгчэнлин хийдийнхэн энэ хуулийн төслийг дэмжиж буй. Манай Чойжамц хамба ч энэ талаар байр сууриа илэрхийлсэн.

Энэ хуулийн төслийн танилцуулгад “1920 оноос эхлэлтэй улс төрийн хэлмэгдүүлэлтэд Монголын соёл, оюуны өв болсон бурхны шашин, соёл хамгийн ихээр хохирч, бүхэл тогтолцоогоороо сүйтгэгдсэн. Монгол дахь бурхны шашин, соёлыг устгаснаар манай үндэсний оюун санааны өв тээгчдийг шийтгэж, соёлын биет болон биет бус өвийг үгүй хийж, хойч үедээ үнэлж баршгүй хохирол учруулсан. Иймд 1930-1940 онд Монголд устаж үгүй болсон бурхны шашин, соёлын биет болон биет бус өвийг сэргээн хөгжүүлэх зорилгоор Нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг боловсрууллаа” гэж бичсэн.

Хэлмэгдүүлэлтийн үед эрдэмтэн мэргэд, алтан ургийнхан, оюуны өндөр чадвартай хүмүүс алуулсан. Олон шашинтай 21 дүгээр зуунд дээрх хууль хэт нэг талыг баримталсан байж магадгүй. Гэхдээ бурхны шашин Монголд 2200 жилийн өмнө дэлгэрсэн, наанадаж 400 жилийн өмнөөс өнөөдрийг хүртэл оршиж байна. Исламын шашин казахуудтай хамт орж ирсэн, христийн шашин 1990 онд зах зээлийн тогтолцоо руу шилжсэний дараа орж ирсэн гэвэл энэ хооронд асар их ялгаа байгаа биз.

-Улс төрийн хэлмэгдүүлэлт явагдсан пост-коммунист улс орнууд шашиндаа нөхөн олговор олгосон жишээ байна уу?

-Мэдээж олон улсын жишээ бий. ОХУ-ын Засгийн газар гэхэд буддын шашиндаа ч тэр, үнэн алдартны болон исламын шашны сүм хийддээ ч тэр нөхөн олговор өгсөн шүү дээ. Унгарчууд өгч байна, польшууд өгч байна, бүгд л өгч байна. Вьетнам гэхэд л социалист улс хэрнээ шашиндаа таван мянган га газар өгч, шашныг хөгжүүлэх бодлого баримталж байна. БНХАУ ч гэсэн коммунист намтай улс мөртлөө буддын шашнаа бодлогоор дэмжиж, маш их хөрөнгө мөнгө төсөвлөж байна.  Шашин нь улс орны тусгаар тогтнол, эрх чөлөөний илэрхийлэл шүү дээ. Үүнийг дагаад аялал жуулчлалын салбар ч хөгждөг жишээтэй.

-Ярилцсанд баярлалаа.

2
Савж уналааСавж уналаа
2
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 thoughts on “Ч.Бямбажаргал: Монгол Улс тусгаар тогтноход бурхны шашин үлэмж нөлөөлсөн

  • Avatar Anonymous says:

    1911 оны ундэсний эрх чолооний ходолгооний шалтгаан нь хурээний хэдэн лам хятадуудтай зодолдсон явдал гэж байна шуу.

  • Avatar Anonymous says:

    Монголчууд бөөсөө ч алж чадахгүй дорой болж Манж, Хятадуудад дарлуулсан нь бурханы шашны ач тус.

  • Avatar Zochin says:

    Magadgyi. Bi ene untsguus xarj bgaagyi yum bn. Tyyxiin xuudas ergyylj sonirxonoo. Ene lamiin xelj bgaa shig del sul yaria bdag. Ortoi bj bolox yum.

  • Avatar Anonymous says:

    хуцаа

  • Avatar Хорумсог says:

    хуцаа

  • Avatar зочин says:

    Сайн гэж хэлье. Залуу хүн гэхэд нилээд өргөн мэдлэгтэй түүх уншсан, боловсролтой хүн байна. Магтууштай. Харин нэг зөрчилтэй мэдээлэл байгаа нь 700 сүм хийд бол бүгд Эрдэнэзуу,Амарбаясгалант, Чойжин ламын сүм,Дамбадаржаалин хийд,Сангийн далайн хийд шиг капитал хийдүүд байгаагүй юм шүү. Тариатын хүрээ бол том байсан байх.Олонх нь гэр дугантай,түүхий тоосгоор босгосон дугантай ,модон дугантай гэхчлэн хөнгөн хийцтэй байсан юм шүү.