Монголын зохиолчдын эвлэлийн болон Г.Сэр-Одын шагналт зохиолч Сааюугийн Баттулга. Оны шилдэг өгүүллэг шалгаруулах “Утгын чимэг2022” болон “Алтан өд-2025” наадмын тэргүүн шагналт зохиолч тэрбээр МЗЭ-ийн хүүрнэл зохиолын үндэсний төвийн даргаар ажилладаг. Томоохон уран бүтээлүүдээс нь дурдвал, 2009 онд “Чулуужсан бичиг” тууж, өгүүллэгийн ном, 2012 онд “Ур модны зүүд” тууж, 2015 онд “Улаан урлан” өгүүллэгийн түүвэр, 2022 онд “Морьтой хүн” хамтарсан бүтээл, 2025 онд “Тэнгэрт нуусан уулс” роман болон “Зүүдний хураангуй” өгүүллэгийн ном тус тус хэвлүүлжээ. С.Баттулгын “Утгын чимэг” наадмаас тэргүүн шагнал хүртсэн “Тэнгэр үр” өгүүллэгийг уншигчдадаа хүргэе.
Тэнгэр үр
Хүү ижийгээ элгээ эгштэл санана. Зарим шөнө ижийтэйгээ уулзаж зүүдлэх хэдий ч нүдээ нээх төдийд дахиад л хагацаж орхино. Тэр нэгэн өглөө гэрт нь юуны тухай яриа болоод буйг хүү ойлгоогүй. Хэн нэгний хүндээр санаа алдахтай зэрэгцэн “Барааг нь ч харуулалгүй аваад явчихлаа. Тэгдэг л учиртай юм гэнэ” хэмээн хоолой зангируулахыг там тумхан сонсоод аавыгаа буцаж ирснийг мэдсэн ч нойроо харамлан хөнжил рүүгээ лавхан шургаж билээ. Хүүг ханатлаа унтаад сэрэхэд хоймрын авдар дээр ижийнх нь зургийг байрлуулж өмнө нь зул өргөсөн байв. Өдөр нь хөдөө нутагт ховорхон үзэгддэг алим жимс тэргүүтнээр ширээ засаж ойр хавийнхнаа цуглуулан будаалга үйлджээ. Тэгэхдээ тэрхүү амттануудаас ижийнх зурагны өмнө арай л бага дээжилсэн мэт санагдахад хүү өөрт оногдсон хувиасаа нэмж тавихад яагаад ч юм томчууд харц буруулан нулимсаа чимээгүйхэн арчицгаахыг тэр анзаараагүй билээ. Энэ өдрөөс хойш олон хоног өнгөрсөн ч хүү ижийнхээ буцаж ирэхийг тэвчээртэй хүлээсээр л байлаа. Эцэг нь нэгэнтээ “Ижий нь тэнгэр лүү явчихсан. Миний хүү том болохоороо ойлгоно оо” гэж хэлээд духан дээр нь удаан гэгч үнэрлэжээ. Өөлөө эцгийнхээ юуны тухай хүүрнээд буйг ойлгоогүй ч “Ижий яагаад тэнгэр лүү явчихсан юм бол, яагаад буцаж ирэхгүй байгаа юм бол” гэж бяцхан тархиндаа цаг үргэлж бодож явах болжээ. Өвс ногоо гандан, гол ус зайрмагтах дөхөх тусам хүүгийн санаашрах улам ихсэж, гэрийн хаяа түшин суугаад оргил тэргүүн нь манан будан дунд сүүмэлзэх тэртээх хүрэн хайрхны зүг ширтэн, удтал суух болов. Өнгөрсөн хаврын нэг шөнө ижий нь дэмийртлээ халуурч хоносныхоо дараа гэнэтхэн л муухай аашлан хүүг өөрөөсөө түлхэж холдуулаад хаяаг нь битүүлж, өрхийг нь бүтээсэн илүү гэртээ орчихжээ. Яагаад ижий нь тэндээс гарч ирэхгүй удаад байгааг гайхширсан хүү хатавчных нь завсар зайгаар сэм шагайж харах гэсэн боловч гэрийнхэн нь “Боль, холд, цаашаа явж тогло” гэхчлэн загнаж, зандчаад огтхон ч хавьтуулаагүй билээ. Харин маргааш нь аймгийн төвөөс ирсэн эмнэлгийн тэргэнд суух үед нь Өөлөө ижийгээ сүүлчийн удаа харжээ. Битүү цагаан хувцас өмссөн хүнээр түшүүлэн илүү гэрээс гарч ирсэн ижий нь ганцхан хоногийн дотор ихэд ядарч туйлдан, хоёр хөлөө арай ядан зөөж гэлдэрсэн хөөрхийлөлтэй нэгэн болж хувирсан байлаа. Ижийг нь суулган хөтөл давсан эмнэлгийн тэрэгний тоос газар бууж ч амжаагүй шахам байхад эцэг нь их гэрийнхээ бүслүүрийг тайлан, дээвэр туургыг нь хуулж эхлэв. Тийнхүү холгүйхэн газар буурь сэлгэхээр их гэрээ үхэр тэргэнд ачаалсныхаа дараа хоосон буурин дээр бариастай хэвээр үлдсэн илүү гэр лүүгээ хайлсан шар тос цацан галдаж орхисон билээ. Саявтархан даа, “Энэ Өөлөө үлэг өвчтэй болж мэдэх нь, ор дэрээ ч байнга нойтогнуулж орхих боллоо. Ерөөсөө Должинд дүүрч аваачаад өгчих үү. Хөөрхий минь бас л хань ижлээ, нялх үрээ алдаад гансарч сууна. Хөх нь ч ширгээгүй, энгэр нь дарайчихсан юм усан нүдлээд л сууж байна лээ” гэсэн эцгийнх нь үгний хариуд “Нэртэйгээр нь тэр хүүхнийг хөтлөөд ирэхгүй юу чи, ядаж ганцхан жил тэсчихгүй дээ. Хүү минь...” гэх яриаг бас л шаналант зүүднийхээ аглагт чих дэлсжээ. Гэвч тэр бүхнийг анзаарах сөхөө хүүд байсангүй. Гагцхүү унтаа, сэрүүний завсар хийгээд алинд ч болов ижийтэйгээ хэрхэн уулзах тухай тархиа гашилтал бодох болжээ. Тийнхүү нэгэнтээ гэрийн хаяа түшин алсыг харуулдан суухдаа үүлс сүвлэн дүнсийх мөнөөх хайрхны оройгоор дамжин тэнгэрт гарч болох юм гэсэн гэнэхэн бодол тархинд нь харван орж ирлээ. “Хэрэв хайрхны оройгоор дамжаад тэнгэрт гарчихвал ижий минь намайг хараад яасан их баярлах бол” хэмээн төсөөлөн бодоод өөрийн эрхгүй инээмсэглэлээ.
Хүү тэр даруй гэртээ гүйн орж ижийнхээ зурагны өмнө буй бүхий л амттанг хамж аван өвөртөллөө. Уг нь бол хүү эдгээр амттанг ижийгээ буцаж ирсний дараа хоёул хамтдаа идэхээр тэвчээртэй хүлээж байсан билээ. Тэгэхдээ хатаж хорчийсон алим, жимсийг нь хааяа үнэрлэж, чихрийнх нь цаасыг задлан ганц, хоёрхон долоочхоод бушуухан буцаан боосоор өдий хүрчээ. Гэрийнхнийхээ харцыг хариулан гуу, жалга даган гэрээс холдсон хүү гүйх газраа гүйж, алхах газраа алхсаар тэртээх хайрхны бэлд хүрч арсгар барсгар хад асга, мод бутуудыг хэрж, хэжин дээш өгсөв. Өнгөрсөн шөнийн борооны хөлөөр өндийсөн өтгөн цагаан мананг хормойдон мацсаар тэнгэрт хөвөх өтгөн их үүлсийн гүн рүү яваад орчих шиг санагдав. Ганц алхмын цаадтайх бүдэг бадагхан харагдах чийгтэй өтгөн цагаан мананг сэмлэн “Ээжээ... ээжээ” хэмээн ижийгээ дуудан улам бүр дээш өгссөөр өвдөг сөхрөн сунаж унахын даваанд арайхийн манангаас дээш сугарч тэгшхэн дэвсэгд гарч ирлээ. Тэрхүү дэвсгийн өр дэх багахан гүдэн дээр хадаг, яндар намирсан урц хэлбэрт хус модон овоо харагдана. Үлгэр домогт гардгийн адил үүлэн дээгүүр нисэж яваа мэт ер бусын сэтгэгдэл төрүүлэх энэхүү дүр зургийг нусаа татаж, ам ангайн ширтсэн хүү тэнгэрийн оронд ирсэн гэдэгтээ бүрэн дүүрэн итгэсэн байлаа. Өмнө нь харагдах уг овоон дотор ижий нь хүлээж суугаа мэт санагдахад тэр зүг яаран ухасхийхдээ өрөөсөн хөлөө хадны завсарт хавчуулж түрүүлгээ харан ойчлоо. Босох гэтэл хөлийнх нь шагай орчмоор тэсэхийн аргагүй янгинан өвдөж байсан тул өөрийн эрхгүй ёолсоор нулимс дүүрсэн нүдээ гарынхаа араар шудраад харц гүйлгэн лавлаж харвал гутлынх нь хоншоор хажуу тийш эргэчихсэн мэт нэг л эвгүй харагдана. Нулимсаа асгаруулан байж хадны завсраас бэртсэн хөлөө арайхийн сугалж авлаа. Чанх дээр салхи исгэрэн шуугих мэт бүдэг чимээ сонсогдоход толгой өргөн дээш өлийж харвал айдас төрөм том хүрэн шувууд хүчирхэг далавчаа дэвэн эргэлдэж буй үзэгдлээ. Тэрхүү махчин шувуудын хоол болохгүйн тулд хүү шүд зуун өндийж, тэсэхийн аргагүй янгинан өвдөх өрөөсөн хөлөө чирэн цааш хүчлэн мөлхсөөр овооны үүдэнд хүрч, доош навсайн унжсан олон өнгийн хадагны үзүүр доогуур толгойгоо шургуулан дотогш шагайж харлаа. Гэвч тэнд ижий нь байсангүй. Харин будаг нь холцорсон том шавар бурхан, хавиргаараа ойчсон зулын цөгц, сангийн бойпор, ирмэг хөвөөг нь хулгана, зурам мэрсэн боов боорцог, хөгцөрсөн цайны идээ, хадаг яндар тэргүүтэн хөглөрч үзэгдэнэ. Ижий нь тун удахгүй, бүр мөдхөн хүрээд ирэх юм шиг санагдахад эндээ овоон дотор хүлээхээр шийдэв.
Хөл нь тэсэхийн аргагүй өвдөнө. Хүү арайхийн зүтгэсээр босго даван дотогш ормогцоо өвөртөлж ирсэн амттануудаа гарган тахилын хавтгай чулуун дээр тавиад түрүүлгээ харсан чигтээ биеэ сул хаян нүдээ анилаа. Хором мөч өнгөрөх тусам хөлийнх нь өвчин улам бүр нэмэгдсээр төдөлгүй хамаг бие нь халуурч эхэлсэн тул сүүлдээ унтаа сэрүүний алин болохоо ч ялгахаа болив. Нэг мэдэх нь ээ, гангийн халуун наран дор ангамал их элсэн цөлийг гэтэлж явах агаад ам нь тэсэхүйеэ бэрх цангах ажээ. Рашаан лугаа ганцхан балга устайсан бол тэрхүү аймшигт үхмэл цөлийг өлхөн туулчхаж болмоор санагдана. Гэвч элсэн цөл хаяа хярхаггүй мэт үргэлжилж харагдана. Яван явсаар сүүлдээ эцэж туйлдан өвдөг сөхөрч, амаараа шороо үмхлэн ойчлоо. Гэтэл тэртээх үүлсийн чанадаас ижий нь нисэн ирээд хүүг дээш харуулан өвөр дээрээ толгойг нь дэрлүүлэв. Хүү ижийгээ хараад уруулаа өмөлзүүлэн хүзүүгээр нь тэврэх гэсэн боловч гар нь хүлээстэй мэт хөдөлж өгсөнгүй. Ижий нь дээлийнхээ энгэрийг яран хөхөө гаргаж ивэлсэн сүүгээ ам руу нь дусаалаа. Дусал дуслаар шиврэн, шиврэх сүүний зөөлөн амтанд амных нь цангаа бага багаар тайлагдаж эхлэв. Ижийнхээ сүүг ахин дахин зөндөө залгилмаар байсан ч ижий нь түүнийг газар хэвтүүлээд энгэрээ хумин бослоо. Тэгснээ гутлыг нь тайлж бэртсэн хөлийнх нь шагайг хурууныхаа өндгөөр тэмтрэх зуураа “Миний хүү дахиад ээжийгээ эрж хайсны хэрэггүй. Ээж нь тун удахгүй дүү нь болоод хүүдээ эргээд ирнэ” хэмээн хүүрнэж байснаа тавхайг нь огцом мушгих шиг болоход тагхийсэн эвгүй чимээ гарч хүү орь дуу хадаасаар өөрийн эрхгүй ёолон өндөлзлөө. Гэтэл “Хөлийнх нь шагай мултарчихсан байсныг эгч нь буцаагаад оруулчихлаа. Одоо зүгээрээ” гэх ижийгээс нь огт өөр хүний дуу сонсогдов. Хүү гайхсандаа цээж өндийлгөж харвал овооны үүдээр шагайх бидэрт цоохор сарны цагаан гэгээнд Должин эгчийнх нь шаналангуй царай сүүдэртэж харагдав.
Хүү “Сонин юм даа. Яалт ч үгүй л ижий минь сууж байсан даа. Аль, эсвэл намайг нүдээ нээхийн зуурт Должин эгчийн дотор орчихсон юм болов уу” гэж итгэж ядан гайхширлаа. Энэ үед бүсээ цуу татан хөлд нь чиг тавин боогоод хоёр үзүүрийг нь холбон зангидаж суусан Должин “Муу үртэй минь яасан ч адилхан юм бэ? Эвий минь бас л эхийнхээ хөхнөөс ч гарч амжаагүй байж дээ” хэмээн хөөрхийлөн бодоод босож, ядам хуруун дахь бөгжөө мултлан авч овооны сэртэн мөчирт өлгөлөө. Должин өдөржин байж суух газраа олж ядахдаа аргал түүх нэрийдлээр араг үүрэн гэрээсээ холдсон хойноо ганцаархнаа уул өгсөж яваа хүүг олж харжээ. Далдын зөн совиндоо хөтлөгдөн араг, савраа хээр орхиод хүүгийн араас хол саахалтын зайтай дагажээ. Явсаар манан руу оруулан барааг нь алдсан ч хайрхны гуу жалга, хад чулуу, мод бут бүрийг нэгжих шахам эрж хайсаар сая л олж ирсэн нь энэ ажээ. Должингийн үйл хөдлөл бүхнийг нүд салгалгүй дагуулан ширтэж байсан хүү тэсэж, тэв¬ чиж дийлэлгүй догдолж чичирхийлсэн хоолойгоор “Ээж ээ” хэмээн дуудаж орхив. Хайртай бүхнийхээ араас хүүгийн адил мөн л олон өдөр харуусан гашуудсаар галзуурахын ирмэгт тулж ирээд байсан хөөрхий бүсгүй “Ээж ээ” хэмээн дуудахыг сонсоод өөрийн эрхгүй хүүгийн өмнө суун тусаж өвдөг сөхөрлөө. Зүрх сэтгэл нь цочирдож, ухаан санаа нь дайвалзах мэт болохуйд зүүдний тэртээд одсон үрдээ амь тэмцэн тэмүүлэхийн адилаар “Үр минь, хүү минь” хэмээн үглэж, нүдний нулимсаа асгаруулсаар гар сунган хүүг тэвэрч авлаа. Өр өмлөж, зүрх сугалам эх, үрсийн хагацал, зовлонг алд дэлэмхэн биесээрээ барж туулахдаа амьдын энэхэн орчлонгоос нэг нь эхийгээ, нөгөө нь үрээ бэтгэртлээ санасан элэг, сэтгэл нь сая л нэг уясан дэвтэж, уяран нялхарлаа. Шөнө ханзарч үүр хаяарах үест Должин хүүг үүрэн гадагш гарав. Үлгэр домгийн цагаан манан дундаас бие, биесээ олсон эх, үр хоёр зовлон шаналангаа бүрмөсөн тайлж орхиод үүрийн шаргал гэгээн дор тэнгэрийн уулнаас бууж явлаа. Тэртээ доор Өөлөө Өөлөө, Должион Должион хэмээн дуудах эрлийн хүмүүсийн дуу бүдэг бадагхан сонсогдоно.