Хонгконгод болсон тэргэнцэртэй туялзуур сэлмийн олон улсын тэмцээнд долоон улсын тамирчид өрсөлдсөн. Манай улсаас эрэгтэйчүүдийн ангилалд хоёр тамирчин оролцлоо. Хүнд сэлмийн В ангилалд Б.Даваасүрэн мөнгөн медаль хүртэж, А ангилалд Б.Жигмэддорж шөвгийн наймд шалгарчээ. Улсын дөрвөн удаагийн аварга Б.Даваасүрэн олон улсын тэмцээнээс шагнал гардсан анхны монгол сэлэмчнээр тодров. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард болсон Монголын тэргэнцэртэй сэлмийн холбооны улсын аварга шалгаруулах анхны тэмцээнд оролцож, алтан медалийн төлөө Б.Жигмэддоржтой өрсөлдөж түрүүлсэн билээ.