Уул уурхайн томоохон компаниудад байс хийгээд л хоолны хордлого гарч, ажилчдын эрүүл мэндийг хохироодог явдал хавтгайрлаа. Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудад гуравдугаар сарын 17-ноос хойш хоол хүнстэй холбоотой халдварын гурван удаагийн дэгдэлт бүртгэгдсэн талаар Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)өөс мэдээлсэн юм. Өнгөрсөн сарын 17-нд Өмнөговь аймгийн Цогтцэций сумд үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 70 гаруй ажилчин хоолны хордлогод орж, ХӨСҮТ-д эмчлүүлсэн. Мөн тус компанийн цөөнгүй ажилчин гүйлгэж, ходоод гэдэс нь тавгүйрхсэн явдал өнгөрсөн онд хоёр ч удаа гарсныг уурхайчид хэлж байв. Гэтэл дахиад л Өмнөговь аймгийн Цогтцэций, Гурван тэс сумд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компанийн ажилчид хоолны хордлогод өртсөн байж болзошгүй байна. Тодруулбал, энэ сарын 8-нд Цогтцэций сумд байрлах уул уурхайн гурван компанийн 800-гаад ажилчинд хордлогот халдварын шинж илэрсэн бөгөөд уржигдар 119 хүн ХӨСҮТийн халдвартын тасагт тусгаарлагдан эмчлүүлж байгаа гэнэ. Мөн гэрээр 40, орон нутгийнхаа эмнэлэгт 16 хүн хэвтэн эмчлүүлж буйг ХӨСҮТ-ээс мэдээлсэн юм. Тус төвийн эмнэл зүй, тандалтын мэргэжлийн баг, аймгийн Эрүүл мэндийн газрын салбарын хяналтын мэргэжилтнүүд газар дээр нь ажиллаж буй аж.
Халдвартын эмнэлгийнхэн ийн хордлогод орсон уурхайчдын хөлд дарагдаж байтал дахин Өмнөговь аймгийн Гурвантэс сумд байрлах “Саусгоби сэндс” ХХК-д хоол хүнсний гаралтай халдварын сэжигтэй 77 тохиолдол илэрч, тэднийг нийслэл рүү зөөвөрлөжээ. Өөрөөр хэлбэл, тэдэнд ХӨСҮТ-ийн Гэдэсний халдварын тасгийнхан тусламж, үйлчилгээ үзүүлж буй гэнэ. Үүнтэй холбоотойгоор “Саусгоби сэндс” ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн албанаас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд “Өмнөговь аймгийн Гурвантэс сумд байрлах төслийн талбайд халдварт өвчин гарсантай холбоотойгоор компанийн зүгээс дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн очих болон 17-нд буух ээлжийг тус тус тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байна. Ээлж солигдох өдөр тодорхой болмогц та бүхэнд мэдэгдэх болно” гэжээ.
Уурхайчдын биеийн байдлын талаар ХӨСҮТ-ийн Нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодруулахад “Урьдчилсан байдлаар хоол хүнсний гаралтай халдварын сэжигтэй тохиолдлын дэгдэлт тул үргэлжлүүлэн тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ хийж байна. Хариу нь гарах болоогүй. Уул уурхайн гурван компанийн 800-гаад ажилчин хоол идсэний дараа халдварт өртсөнөөс 200-гаад хүнд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн. Тэднээс гурав нь эмчлэгдэж, эмнэлгээс гарсан. Гурвантэс сумд ХӨСҮТ-ийн баг ажиллаж байгаа. Одоогоор мэдээлэл ирээгүй” гэв. Урьдчилсан байдлаар хордлогод орсон нийт 24 хүний өтгөнөөс сорьц авч, нян судлалын лабораторид шинжлэхэд 19 сорьцод сальмонелла нян илэрсэн талаар өмнө нь тус төвөөс мэдээлсэн юм. Эл нян нь хоолны хордлогоор илэрч, ходоод, нарийн гэдсийг үрэвсүүлэн, цочмог халдварт өвчин үүсгэдэг аж. Уул уурхайн ажилчид ихэвчлэн сард 14-21 хоног гэр орноосоо хол байрлаж ажилладаг. Гэтэл хоолны хордлого ойр ойрхон гарах болсон нь уурхайн ажилчдыг айдаст автуулж буйг эх сурвалжууд хэлсэн. Тухайлбал, хордохоос эмээж бэлэн гоймон төдийгөөр өл залгуулдаг талаараа ч дурдав. Хордлогод өртсөн хүмүүс 20-48 насны залуус бөгөөд бүгдэд нь гүйлгэх, гэдэс базлах, дотор муухайрах, халуурах шинж илэрсэн байна. Цогтцэций дэх уул уурхайн компанид катерингийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж нь “Бодь” группийн охин компани болох “Рэд рок” ХХК гэх мэдээлэл зарим хэвлэлд гарчээ. Хордлогын талаар мэдээлээд өнгөрдгөөс биш, олон хүний эрүүл мэндэд хохирол учруулсан буруутай этгээдэд ямар хариуцлага тооцдог нь тодорхойгүй.
Ч.Туяа