“Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санхүүгийн код” хөтөлбөрийн нээлт, чуулга уулзалтыг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Манайх энэхүү хөтөлбөрт нэгдсэн явдал нь олон улсын хамтын нийгэмлэг, хөгжлийн байгууллагуудын хүлээн зөвшөөрсөн аргачлал, стратегийн дагуу эмэгтэйчүүдийн санхүүгийн тэгш байдлыг дэмжих зорилготой аж.
Манай улсын нийт бизнес эрхлэгчийн 40, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 70, аж ахуйн нэгжүүд дэх удирдах албан тушаалнуудын 37 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг гэсэн судалгаа бий. Улмаар тэднийг бизнес эрхлэхэд барьцаа хөрөнгийн дутагдал, санхүүгийн боловсрол тааруу, бизнесийн сүлжээ, зах зээлийн хязгаарлагдмал байдал, жендерийн хэвшмэл ойлголтууд, төрийн зүгээс бодлогын дэмжлэг муу, хууль, эрх зүйн орчин сул зэрэг нь тулгамдсан асуудал болдгийг дээрх арга хэмжээний үеэр дурдсан. Тиймээс эмэгтэйчүүдийг төр засгаас дэмжих, ингэхдээ хэвшмэл ойлголтоос ангид, дарамтгүй ажиллах орчин нөхцөлөөр хангахыг бизнес эрхлэгчид хүссэн.
Олон улсын санхүүгийн корпорацын судалгаагаар Монгол дахь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санхүүгийн хүртээмжийн зөрүү 1.2 тэрбум ам.долларт хүрч, жендерийн тэгш бус байдлыг улам нэмэгдүүлж байна гэв. Тэр дундаа бичил болон жижиг, дунд бизнесийн зээлийн ердөө 17 хувь нь л эмэгтэйчүүдэд ногдож байгаа нь тэдэнд санхүүжилтийн дэмжлэг нэн хэрэгцээтэйг харуулж буй наад захын жишээ гэдгийг чуулга уулзалтын үеэр оролцогчид хөндсөн юм. Эмэгтэй удирдлагатай жижиг, дунд үйлдвэрлэгчдийн жилийн дундаж зээлийн хэмжээ 66.4 сая төгрөг байгаа нь эрэгтэйчүүдийнхээс 45.6 хувиар бага төдийгүй зээлийн хүү нь 0.8 нэгжээр өндөр үзүүлэлттэй байдаг гэнэ. Тиймээс энэхүү тэгш бус хуваарилалтыг арилгах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санхүүгийн код” хөтөлбөрийг нэвтрүүлжээ.
М.Гэгээ