БНХАУ-ын нийслэл Бээжин болон нутгийн хойд хэсэгт хүчтэй шуурга болсны улмаас өн гөрсөн бямба гарагт улс хоорондын болон орон нутгийн нислэгүүдийг цуцалж, галт тэрэгний шугамуудыг хаажээ. Мөн үзвэр, үйлчилгээ, түүхэн дурсгалт газрууд үйл ажиллагаагаа түр зогсоосон байна. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр салхины хурд 150 км/цагт хүрсэн бөгөөд Бээжинд 800 гаруй мод булгалан унаж, 19 машин эвдэрч, 7000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлсэн гэнэ. Одоогоор хүчтэй салхины улмаас хүн бэртэж гэмтсэн тохиолдол бүртгэгдээгүй аж. Эл шуурга нь Монголын нутагт үүссэн хүйтэн хуй салхинаас улбаатайг тус улсын Цаг уурын газраас мэдээлжээ.
БНХАУ-д сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд салхины хурд 150 км/цагт хүрсэн хүчтэй шуурга болоогүй аж. Иймд Бээжин хотын эрх баригчид оршин суугчдад шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж, амралтын өдрүүдэд товлосон үйл ажиллагаануудыг хойшлуулжээ. Тус улс салхины хурдыг 1-17 хүртэл шатлалаар хэмждэг бөгөөд 11 нь ноцтой хохирол учруулахуйц, 12 нь сүйрэл авчрахуйц нөхцөл байдлыг илэрхийлдэг. Харин энэ удаагийн шуурганы хүч 11-13 дугаар шатлалд хэлбэлзэж байсан.
У.Сүрэн