Зам, тээврийн яамны холбогдох албан тушаалтнууд зөвшөөрөх хэмжээнээс хэтэрсэн, задрах боломжгүй ачааг түр хугацаагаар зогсоох шийдвэр гарсантай холбоотойгоор орон нутагт үүсээд буй асуудал, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүд зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
“Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Д.Оюунболд: Дулаарахаар газрын хөрс, замын далангийн өнгөн хэсэг гэсэж, авто замд ус чийг ихээр хуримтлагдаж, ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт их хэмжээгээр буурдаг. Жил бүрийн 3-4 сар хүртэл, 10-11 сар хүртэл хөлдөлт, гэсэлтийн үе тохиодог. Иймд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дотоодын болон олон улсын стандартыг мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг.
Энэ хугацаанд даац хэтрүүлсэн, задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг түр буюу нэг сарын хугацаанд хориглох шийдвэр гарсан. Хяналт шалгалтын хувьд улсын хэмжээнд нийт төлбөр авах 33 цэгт 4-5 байгууллагын хамтарсан ажлын хэсэг шалгалт хийж буй. Тус цэгүүдэд төлбөр төвлөрүүлэхээс гадна автомашины жин тонныг хэмжиж, зөвшөөрөх дээд хэмжээ буюу 44 тонноос хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоох, зөрчлийг арилгуулж, холбогдох төлбөр авдаг. Өнөөдөр Улаанбаатар-Төв аймгийн чиглэлийн автозамд байгаа төлбөр хураах цэг дээр үүсээд буй том оврын автомашины бөөгнөрөлтэй холбоотой мэдээллийг Салбар хяналтын газраас мэдээлэл өгнө.
Зам, тээврийн яамны Салбарын хяналтын газрын дарга М.Энхболд: Энэ үед даац хэтрүүлэн тээвэр хийснээр зорчих хэсгийн хучилтад нүхэн эвдрэл, торон хагарлууд нэмэгддэг. Эвдрэл гэмтлээс үүдэж, иргэд аюулгүй, ая тухтай зорчих боломжгүй болж, осол гарах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал алдагдах, эвдрэх аюултай. Ер нь авто замын эвдрэл, гэмтэлд даац хэтрэлт хамгийн их нөлөөлдөг. Бид өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 7-ны өдөр шатахуун тээвэрлэгчидтэй уулзсан. Уулзалтын үеэр Монгол Улсад мөрдөж буй стандартын талаар мэдээлэл өгч, ойлголцолд хүрсэн. Манай улсад автозамын даацын хяналтыг MNS 4598:2025 буюу “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-аар зохицуулдаг. Үүнд нэг тэнхлэг дээрх жинг 11 тонн, нийт жинг 44 тонноор тодорхойлсон байдаг.
Энэ нь зөвхөн манай улсын бус олон улсад ч дагаж мөрддөг стандарт юм. Уг 44 тоннын стандартыг 2002 оноос хойш мөрдөж байна. Энэ хугацаанд цөөнгүй удаа шинэчилж, баталсан ч мэргэжилтнүүд, хувийн хэвшлийхэнтэй зөвшилцсөний эцэст дахин баталдаг. Уг стандартыг зөрчсөн тохиолдолд юу юугүй торгоод байдаггүй. Юуны өмнө зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг, дараа нь албан шаардлага хүргүүлнэ, эцэст нь торгуулийн арга хэмжээ болон үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээг авдаг. Энэ оны эхний улирлын байдлаар автотээврийн чиглэлээр 404 зөрчлийг илрүүлсэн. 380 зөрчилд сануулах арга хэмжээ, үлдсэнд нь албан шаардлага хүргүүлсэн. Төлбөрийн хэмжээ эхний улиралд 4 сая 900 мянга орчим төгрөгийн торгууль ногдуулсан. Цаашлаад авто зам, замын байгууламжийг эвдэж, гэмтээсэн, ашиглах боломжгүй болгосон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар төлөвлөж байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Т.Эрхэмбаатар: Өнгөрсөн гуравдугаар сард яамны Ажлын хэсэг Говьсүмбэр, Дорноговь аймаг, Замын-Үүд сумд ажиллаж, замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд зөвлөгөө өгч ажилласан.
Ажлын хэсэг Дорноговь, Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх улсын болон орон нутгийн чанартай автозамд хяналт шалгалт хийж, нийт 350 тээврийн хэрэгсэл шалгаж, жин хэмжээ хэтрүүлсэн болон шөнийн цагаар орон нутгийн, гэрэлтүүлэггүй замд хурд хэтрүүлэх, гэрэлтүүлэх хэрэгсэл хэрэглэх дүрэм зөрчсөн 67 зөрчилд шийтгэл ногдуулсан. Гэсэн ч ослын тоо буурахгүй байна. Статистик хэлэхэд, 2024 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд зам тээврийн 30,977 осол бүртгэгдэж, үүнээс 2520 хүн хөнгөн болон хүндээр бэртэж, гэмтэж, 631 хүн нас барснаас 69 нь хүүхэд гэсэн харамсалтай тоо мэдээ гарсан. Иймд даац хэтрүүлэх нь зөвхөн тээвэрчдийн асуудал бус тус замаар зорчиж буй нийт иргэдийн эрх ашиг хөндөгдөж буй хэрэг.