“Миний дэлгүүр”-т гарсан галыг унтраахаар ажиллаж байхдаа амиа алдсан гал сөнөөгч Д.Жанчив агсны ар гэрийнхэн өнөөдөр мэдээлэл хийлээ.
Талийгаачийн эхнэр Б.Ганцэцэг "Миний нөхөр яг нэг жилийн өмнө Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо “Миний” сүлжээ дэлгүүр, агуулахын байранд гарсан галыг унтраахаар ажиллаж байгаад амиа алдсан. Бид хоёр амьдраад 22 жил болсон. Энэ хугацаанд таван хүүхэдтэй болсон. Миний хань онцгой байдлын албанд 25 жил ажиллаж байхдаа өргөсөн тангарагтай үнэнч байсан. Би өнөөдөр гурван асуудлыг хөндөх гэж ирсэн.
НЭГДҮГЭЭРТ:ОБЕГ хувцас хангамжийн асуудлыг хөндөж яримаар байна. Миний ханын хувцас стандартад нийцсэн байсан бол амиа халдахгүй байсан ч бил үү гэж хаяа бодож өр өвдөг. Ард түмнийг хэн авардаг юм бэ мэдээж аврагчид шүү дээ. Харин аврагч хүнийг хувцас хэрэглэл нь хамгаална. Одоо бол хувцас нь сайжирсан ч гэсэн өмнө нь яагаад сайжруулж болоогүй юм бэ? Онцгойгийн алба хаагчдын эрхийг хамгаалдаг байгууллага гэж Монголд бий юу?. Яагаад алба хаагчдын амь нас эндэхээс өмнө яагаад арга хэмжээ авч болдоггүй юм бэ. Миний ханьд холбоо станц байсан бол эсэн, мэнд гэр бүлийнхэнтэй байх ч юм бил үү. Ер нь 25 жил ажилласан хүн амь эрсдэнэ гэдэг чинь хувцас хэрэглэл ямар түвшинд байгааг харуулж буй. Улс орон болон хүний алтан амыг авардаг чимээгүй баатар нарын хувцас хэрэглэлийг сайн чанартайгаар нь хангаж, эрүүл мэндийг нь хамгаалах хэрэгтэй байна.
ХОЁРДУГААРТ:5-7 мянган хүний амыг аварсан миний хань бол баатар гэж би боддог. Монголд нас барсан хүнд баатар цол олгох хууль бий. Гавьяа шагнал авах болохоор дарга нар нь авдаг мөртлөө гал, ус руу ордог алба хаагчдадаа Монгол Улсын Баатар цолыг яагаад өгдөггүй юм. ОБЕГ-ын алба хаагчид чинь үрэгдсэн ч баатрын цолыг нь гэр бүлийнхэнд нь өгчхөж болдоггүй юм уу. Хэдий хүн харахад төмөр мэт харагдах ч манай үр хүүхдүүдийн хувьд аавыгаа санан дурсах сайхан мөч нь байгаасай гэж хүсэж байна. Алба хаагчдынхаа шагналыг дарга нар нь авдаг хэр нь хариуцлагыг нь хүлээдэг хүн гэж байна уу?
ГУРАВДУГААРТ: Дараагийн асуудал бол ар гэрийнхэнд олгох буцалтгүй тусламжийг нь хууль ёсны дагуу олгохыг хүсэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж Дүнжингаравын дэлбэрэлтийн үеэр гал унтраах явцдаа амиа алдсан аврагчдын ар гэр ахуйн асуудал дээр буцалтгүй тусламж үзүүлсэн. Гэхдээ миний гэр бүл, үр хүүхдүүдийн хувьд яагаад ийм шударга бус хандаад байгаа юм бэ? Би өнгөрсөн жилийн хугацаанд өвчнийхөө хажуугаар маш олон дарга нарын хаалгыг татлаа. Арга мухардаад өнөөдөр би энд суугаад ийм юм ярихаас өөр сонголтгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний даргад хандаж хэлмээр байна. Санаачилсан хуулийнхаа хүлээнд энэ асуудлыг шийдэж өгнө үү. Хуулийн хүрээнд биш юм аа гэхэд энэрэнгүй хүн чанар гаргаад энэ алба хаагчийн ажилласан жилийг нь хүргээд адилхан үнэлж болохгүй байгаа юм." гэлээ.