Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн улсын хэмжээнд мөрдөж буй хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартад үзлэг шалгалт хийжээ. Манай улсад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 156 стандартыг мөрдүүлж байна. Үүний 54 нь хөдөлмөрийн аюулгүй байдал, 97 нь хөдөлмөрийн эрүүл ахуйн, тав нь мэргэжлээс шалтгаалсан өвчний стандарт аж. Эдгээрээс нийтэд нь дахин хянах 47, холбогдох заалтуудыг дахин хянах зургаа, хүчингүй болгох 57, цаашид хэвээр мөрдөх 46 стандарт байгааг тогтоожээ. Дараагийн улсын үзлэгээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг олон улс, бүс нутаг болон бусад гадаад орны стандартуудтай харьцуулж үзэх шаардлагатайг ажлын хэсгийнхэн онцлов. Мөн салбарын хууль журам, хөгжлийн бодлого, шинжлэх ухаан, технологийн дэвшилтэй уялдуулах, стандартуудыг үргэлжлүүлэн мөрдөх, эсэх, шинэчлэн боловсруулахад анхаарах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тухайлбал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартуудаас сургалтын зохион байгуулалт MNS 4969:2000 болон Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны тэмдэг ба дохионы өнгө MNS4643:1998 стандартыг нэн тэргүүнд шинэчлэх шаардлагатай гэнэ.
Ч.Болор