Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас гадаргын ус хуримтлуулах, гүний нөөцийн хэрэглээг бууруулах зорилгоор “Нэг сум, нэг нуур” санаачилга гаргаад буй. Сум бүр нэг хиймэл нуур, хөв цөөрөм байгуулснаар Монгол орны хэмжээнд 333 усан сан бий болж, тэр хэрээр байгалийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах боломж бүрдэнэ гэж тус байгууллагынхан үзэж байгаа юм. Тэрчлэн ус их хэмжээгээр ашигладаг уул уурхайн компаниуд, байгаль, зэрлэг амьтан хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг нийгмийн хариуцлагын хүрээнд, бусдад үлгэрлэж энэ чиглэлээр идэвх санаачилгатай ажиллахыг уриалж буй.
Тэгвэл энэхүү санаачилгыг Говийн бага дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалалтын захиргаа, “Энержи ресурс” компани дэмжиж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт зэрлэг амьтдад зориулж хөв цөөрөм байгуулжээ. Үүнийг Шар бүрдийн хадан хөв хэмээх байгалийн өвөрмөц тогтоц бүхий газарт, говийн зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөний гол зам дагуу байгуулсан аж. Ингэснээр тухайн бүс нутгийн зэрлэг амьтдыг харангадах аюулаас аварчээ.
Усны газрын дарга З.Батбаяр энэ ажлыг сайшаан хуваалцаад, уул уурхайн салбарт жишиг төсөл хэрэгжүүлдэг “Оюу толгой” компанийг хиймэл нуур байгуулах, газрын доорх усны хайгуул судалгаа хийх чиглэлээр манлайлан ажиллахыг уриалсан юм. Мөн “Мобиком” корпорацыг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь нэмэр оруулах бодлогынхоо хүрээнд усны нөөц бүрдүүлэх, хэмнэх ажлууд хийхийг зөвлөлөө.