Их Британийн модель бүсгүй Клое Айлинг өнгөрсөн сард Италийн Милан хотод зураг авалттай гэж очоод сураггүй болсон юм. Энэ талаар албаны хүмүүст эхний мэдээллийг түүний агент өгсөн бөгөөд бүсгүй буцаж ирэх өдрөө ирээгүй тул тэд цагдаа нарт мэдээлсэн юм. Энэ жил 20 настай бүсгүй зургаан өдөр барьцаалагдсан бөгөөд Милан хотод хуурамч студийн урилгаар очих үеэр түүнийг мансууруулж, улмаар барьцаалж байсан аж.
Хулгайлагдсаныхаа дараа нэгэн нууцлаг вэб сайтад түүнийг зарсан болохыг тогтоосон байна. Тэгвэл түүнийг амьд үлдсэн шалтгаан нь хоёр настай хүүгийнхээ хамт авхуулсан зургаа инстаграм хуудсанд хийсэнтэй холбоотой гэнэ. Италийн цагдаагийн газраас мэдээлснээр тус улсын гэмт бүлэглэлүүд ээж нарыг хулгайлах талаар хатуу хориг тавьдаг бололтой.
Түүнийг өнгөрсөн сарын 11-нд зураг авалттай хэмээн хуурч, хоёр эрэгтэй хүн барьцаалсан гэнэ.
Гэмт этгээдүүд түүнийг мансууруулж, улмаар Турины ойролцоох нэгэн тосгонд нууж байжээ. Хохирогч бүсгүй өнөөдөр цагдаа нарт мэдүүлэг өгсөн бөгөөд цаашид энэ бүхнээс хол байж, ээжийнхээ хамт амрахыг илүүд үзэж буйг түүний агент сэтгүүлчдэд ярьсан байна.
Түүнийг хулгайлсан гэмт этгээд бол 30 настай Польшийн иргэн, Лукас Павел Херба. Энэ эр Их Британид амьдардаг бөгөөд эх сурвалжийн мэдээлснээр бүсгүйг секс боол болгох зорилгоор 300 мянган ам.доллароор зарахаар төлөвлөж байсан бололтой. Гэмт этгээд мөн Даньел Завада хэмээх хуурамч нэртэй байсан гэнэ.
Хохирогчийн үзэж буйгаар энэ хэрэгт зөвхөн хоёр эрэгтэй ч бус дор хаяж таван хүн холбоотой байх ёстой бололтой. Херба түүнд олон зүйл ярьсан гэх бөгөөд Арабын орнуудад зарсан охидынхоо ачаар 15 сая еврог сүүлийн таван жилд олсон гэх мэтээр багагүй ноцтой зүйлс ярьжээ.