ТАМХИНЫ ХЯНАЛТЫН АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
ОХУ-ын Төрийн Думын дэргэдэх Эрүүл мэндийн зөвлөлийн гишүүн Ольга Кнорре, ОХУ-ын ЭМЯ-ны харьяа Нийгмийн эрүүл мэндийн судалгааны үндэсний төвийн хуульч Виктор Зыков нар Олон улсын Тамхины хяналтын суурь конвенцийн зарчмыг Монгол улсын тамхины хяналтын тухай хуульд тусгахад дэмжлэг үзүүлэх зорилгоор манай улсад ажлын айлчлал хийж байна. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр тэднийг хүлээн авч уулзан тамхины хяналтын эрхзүйн орчны талаар мэдээлэл солилцож, нийгмийн хэрэгцээ шаардлагын дагуу Монгол улсын “Тамхины хяналтын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байсаар байгааг хэллээ.ОХУ-ын мэргэжилтнүүдийн хувьд өөрийн орны туршлагаас хуваалцаж, тухайн асуудлаар холбогдох албаны хүмүүст дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ. Монгол улс “Тамхины хяналтын суурь конвенци”-д 2004 онд нэгдэн орсон бөгөөд тус конвенцийг даган гарсан Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах протоколд 2012 онд нэгдэн орсон. Мөн “Тамхины хяналтын тухай хууль”-ийг 1993 онд анх боловсруулан баталж, 2005, 2012, 2015 онуудад нэмэлт өөрчлөлт оруулжээ.
АТГ-ААС ТОМИЛСОН АЖЛЫН ХЭСЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ АЖИЛТАН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАВ
АТГ-ын Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-очироор ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсгийнхэн өнөөдөр буюу 3 дугаар сарын 14 ны 9:00 цагт Эрүүл мэндийн яамны ажилтан албан хаагчид болон харъяа 16 байгууллагын удирдлагуудтай уулзалт хийлээ. Энэ үеэр Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, эдгээр байгууллага болон нийслэл, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах авлигаас урьдчилан сэргийлэх, Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, иргэдээс ирсэн гомдол, мэдээллийг хүлээн авах, авлигын эрсдлийн үнэлгээ хийх зэрэг ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг Эрүүл мэндийн яамнд энэ сарын 13-17-ний өдрүүдэд ажиллана. Энэ үеэр авилгын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр яамны ажилчдад мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажиллана.
БНКУ “ГЕНЕТИКИЙН ИНЖЕНЕР, БИОТЕХНОЛОГИЙН ТӨВ”-ТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР ТОХИРОЛЦЛОО
Өнөөдөр Монгол улсад ажиллаж буй Бүгд Найрамдах Куба Улсын “Генетикийн инженер, биотехнологийн төв”-ийн ерөнхий захирал Эулогио Пиментел, тус төвийн Гүйцэтгэх менежер болон Биотехнологийн төслийн шинжээч Мануэль Рафаэль Раисес Перес-Кастаньеда, Хөдөө аж ахуйн биотехнологийн газрын ургамлын биотехнологийн албаны дарга, Абель Эрнандес Веласкес нар Эрүүл мэндийн яамны харъяа Зоонозын өвчин судлалын үндэсний төвд 2017 оны 03 сарын 14-ний өдөр хүрэлцэн ирж төвийн үйл ажиллагаатай танилцаж Куба улсын “Генетикийн инженер, биотехнологийн төв”-д үйлдвэрлэж буй зарим бүтээгдэхүүнийг танилцуулан санал солилцож уулзалт хийлээ. Уулзалтын үр дүнд Монгол оронд хачгийн эсрэг вакциныг мал, амьтанд турших судалгааны ажлыг хамтран хэрэгжүүлэх, Бүгд Найрамдах Куба Улсын “Педр Коури” үндэсний хүрээлэн /зоонозын гаралтай өвчин судалдаг/-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулах талаар харилцан тохиролцлоо.
“ТУСЛАХ СУВИЛАГЧ-ШИНЭ ХАНДЛАГА” ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор харъяа эмнэлгүүдэд “Туслах сувилагч”-ийн ажлын байрыг бий болгон “Туслах сувилагч-Шинэ хандлага” төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн үр дүнд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 25 туслах сувилагчийн ажлын байр бий болсон юм. Эдгээр туслах сувилагчид төрөлжсөн нарийн мэргэжлийн сувилахуйн тусламж, үйлчилгээний ажлын байрны сургалтад хамрагдаж 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс ажлын гараагаа эхлүүлээд байна. УНТЭ-ийн Сувилахуй эрхэлсэн алба, нийт сувилагчид сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, энэхүү ажлыг санаачлан, хэрэгжүүлэх боломж олгосон Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт баярлаж талархсанаа илэрхийлэв.
ЧИХРИЙН ШИЖИНГИЙН ҮЕИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ШИНЭ АРГЫГ МОНГОЛД НЭВТРҮҮЛНЭ
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Раул Консепсион болон “Генетикийн инженер, биотехнологийн төв”-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг манай хоёр орны эрүүл мэндийн салбарын хооронд харилцаа, хамтын ажиллагаа хөгжсөнөөр Монгол Улсын анагаах ухааны салбарт шинэ дэвшилтэт техник, технологи, эмчилгээний шинэ арга хэлбэр нэвтрүүлэх, биотехнологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна хэмээн хэллээ.Энэ үеэр Улсын нэгдүгээр төв эмнэлэг, БНКУ-ын “Генетикийн инженер, биотехнологийн төв” хооронд зүрх судасны өвчин, элэгний В гепатит, чихрийн шижингийн үеийн хөлний шархны эмчилгээ, хурц шамбарам өвчний эмчилгээ, уушгины хавдрын эмчилгээ зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллахаар харилцан ойлголцлын захидалд гарын үсэг зурлаа. “Генетикийн инженер, биотехнологийн төв” нь 1982 онд байгуулагдсан төрийн байгууллага бөгөөд эрүүл мэндийн салбарт хэрэглэж буй 857 нэр төрлийн бүтээгдэхүүнийхээ 67 хувийг тус төв дотооддоо үйлдвэрлэдэг нь эрүүл мэндийн салбарын тусгаар тогтнолыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа тухай тус төвийн ерөнхий захирал Эулогио Пиментел танилцуулав. Түүнчлэн хеберпрот гэдэг эм нь чихрийн шижингийн үеийн хөлний шархыг эмчилдэг, үр дүн өндөртэй, дэлхийд ганц байдаг бэлдмэл гэдгийг тэрээр цохон хэлсэн юм. Куба Улс 11 сая хүн амтай, дундаж наслалт 78,4, эрүүл мэндийн гол үзүүлэлт болох нярайн эндэгдэл 1000 төрөлтөд 4,2 байгаа нь тус улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийг илтгэж байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ САНГ ДАХИН СЭРГЭЭЛЭЭ
Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийг дэмжих сангийн дүрэм, хөрөнгийг зарцуулах журмыг хэлэлцэн дэмжлээ. Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Эрүүл мэндийг дэмжих санг байгуулахаар заасан бөгөөд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар нэмэлт оруулсан.
Эрүүл мэндийг дэмжих сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасны дагуу улсын төсвийн хөрөнгө, гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн буцалтгүй тусламж, хандив, гадаад улс, олон улсын байгууллагаас Засгийн газрын шугамаар олгосон зээл болон архи, согтууруулах ундааны онцгой албан татварын 1 хувь, эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын 2 хувь, тамхины онцгой татварын 2 хувийн хөрөнгөөс тус тус бүрдэх юм.
Тус сан нь эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөлөл, тандалт судалгааны ажлыг зохион байгуулах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулагдах бөгөөд эрүүл аюулгүй амьдралын орчин бүрдүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, орчны эрүүл мэндийг хамгаалах, осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, архи, тамхи, мансууруулах бодисын хорт нөлөөллөөс сэргийлэх эмийн зохистой хэрэглээ зэрэг үйл ажиллагаанд түлхүү анхаарч ажиллах болно.
Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагааг дахин сэргээсэн нь 2017 оныг Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилээр зарласантай холбоотой гарсан чухал шийдвэр бөгөөд иргэдэд эрүүл мэндийн мэдлэг олгож, ухуулга нөлөөлөл, мэдээлэл, сургалт, сурталчилгааг эрчимжүүлж, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, нийгмийн эрүүл мэндийг эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах юм.
ЯПОН УЛСЫН ХУВИЙН ЭМНЭЛГҮҮДИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗЛАА
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Япон улсын “Кишокай” хувийн эмнэлгүүдийн холбооны ерөнхийлөгч Мамору Ямашита тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Монгол улсын эх барих, эмэгтэйчүүдийн эмчилгээ үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан санал солилцов. Тус холбооны зүгээс цаашид эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарыг чадваржуулан сургах, эх барихын тусламж үйлчилгээний чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн юм.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД ЭЛЧИН ЗӨВЛӨХИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Кикүчи Минорү-г хүлээн авч уулзан, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг буюу ЖАЙКА-тай хамтран эрүүл мэндийн салбарт төслийн бус буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагаа болон “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдал” зэрэг олон үр дүнтэй төслүүдийг хэрэгжүүлж байна. Мөн АШУҮИС-ийн сургалтын эмнэлэг баригдаж байгаатай холбогдуулан эмнэлгийн менежмент болон япон эмнэлгийн үйлчилгээг нэвтрүүлэх, яаралтай тусламж үйлчилгээг сайжруулах төслийг хэрэгжүүлэхээр ажлын хэсгийн уулзалтуудыг хэд хэдэн удаа зохион байгуулсан юм. Цаашид хоёр улсын Эрүүл мэндийн яамд хоорондын албан ёсны хамтын ажиллагааг эхлүүлэхээр санал солилцож байна.
ЭМНЭЛГИЙН УДИРДЛАГУУД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ЭМЯ-ны харъяа байгууллагын удирдлагуудтай хийдэг ээлжит хурлаараа хийж хэрэгжүүлсэн ажил болоод ойрын хугацаанд хийх ажлынх нь талаар мэдээлэл солилцож, үүрэг чиглэл өглөө. Төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлэг, лавлагаа төвүүдийн хувьд үйл ажиллагаа хэвийн, иргэдэд хурдан шуурхай үйлчлэхэд анхааран ажиллаж байгаагаа танилцуулав. УНТЭ, УГТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ, ГССҮТ-үүд хоёр ээлжээр уртасгасан цагаар ажиллаж байна. УГТЭ-ийн Ерөнхий захирал Ц.Төмөр-Очир мэдээлэхдээ, манай эмнэлэгт сард 15 мянга орчим хүн амбулаториор үйлчлүүлж, 1500 орчим хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний хагас нь орон нутгаас ирж үйлчлүүлдэг. Бид эмнэлгийн тусламж үйлчилгээгээ хоёр ээлжээр, уртасгасан цагаар үзүүлснээр эмчилгээ, үйлчилгээний хүлээгдэл эрс буурсан гэв. ЦССҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр танилцуулгадаа, сорьц тээвэрлэх ажлыг эрчимжүүлж, үйл ажиллагаа жигдрээд байна. Одоогоор 8 аймгаас сорьц ирдэг. Сүүлийн жилүүдэд донорын тоо хоёр дахин нэмэгдэж 25 мянга гараад байна. Иймээс сувилагчийн тоог нэмэгдүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн юм.
ГССҮТ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭД ЭЭЛТЭЙ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЖЭЭ
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн “Үйлчлүүлэгчдэд ээлтэй орчны шинэчлэл”-ийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон албаны бусад хүмүүс оролцлоо. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нээлтийн үеэр хэлсэн үгэндээ тус эмнэлэг нь зөвхөн ЭМЯ-аас санхүүжилт авалгүйгээр аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхнээс нийгмийн хариуцлагынх нь хүрээнд дэмжлэг авч, хамтран ажиллаж, олон улсын жишигт нийцсэн, орчин үеийн шинэлэг шийдлээр эмнэлэгтээ ийнхүү өнгө нэмсэнд нь ГССҮТ-ийн хамт олонд баяр хүргэлээ. Энэ үеэр тус төвийн жолооч И.Сүхбатыг олон жил улсад үр бүтээлтэй ажилласныг нь үнэлэн Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасан бөгөөд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтнаар 2 хүн, ЭМЯ-ны жуух бичгээр 4 хүнийг шагналаа. ГССҮТ нь 2017– 2020 онд хэрэгжүүлэх стратегийн үндсэн чиглэлүүдийг тодорхойлон иргэддээ ээлтэй орчны шинэчлэлийг амжилттай өөрчлөн хэрэгжүүлж, үйлчлүүлэгчээ дээдэлсэн ээлтэй орчныг бүрдүүлэн, шинэ техник технологи нэвтрүүлж, хариуцлага ёс зүйг эрхэмлэн ажиллаж байгаагаа тус төвийн дарга Т.Мөнхсайхан хэллээ. Гэмтэл согог судлалын үндэсний төв нь нийт 412 ортой, 620 гаруй ажиллагсадтай үйл ажиллагаагаа явуулж байна. Жилдээ 80 мянга гаруй хүнд осол гэмтлийн яаралтай тусламж үзүүлж, 14000 үйлчлүүлэгчийг хэвтүүлэн эмчилж, 9000 гаруй хүнд төрөл бүрийн мэс засал эмчилгээ хийдэг ба амбулаториор 20 мянга гаруй хүнд осол гэмтлийн болон урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо, эмчилгээг хийж байна.
А.ЦОГЦЭЦЭГ: ЭМЧ НАРТ УРАМШУУЛЛЫН ЦАЛИН ОЛГОДОГ БОЛНО
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, ИТХ-ын гишүүд “Иргэдээ сонсъё” нэг сарын аяны хүрээнд өнөөдөр Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцан эмч, ажилчдын саналыг сонслоо. УД-ийн Нэгдсэн эмнэлгийн дарга Э.Бодьцэцэг манай эмнэлгийн хувьд үйл ажиллагаа хэвийн, шинээр хэрэгжсэн сорьц тээвэрлэлтийн асуудал жигдэрсэн. Өдөрт дунджаар 60 орчим сорьц ирдэг, нийтдээ 12600 гаруй хүнд хүрээд байна. Энэ нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний ачааллыг мөн хэмжээгээр бууруулж, иргэдийн талархлыг хүлээж байгааг хэллээ. Түүнчлэн тэрээр дүүргийнхээ 160 мянга орчим хүн амд эрүүл мэндийн тусламжийг хүргэхэд эмнэлэгтээ өргөтгөл хийх шаардлагатай байгааг уламжилсан юм. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Засгийн газрын гишүүд дүүргүүдийн асуудалтай зүгээр нэг танилцаад өнгөрөх биш тодорхой хэмжээнд асуудлуудыг шийдээд явж байгаа гээд, “ХУД-ийн Нэгдсэн эмнэлгийн барилгыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр бариулах шийдвэрээ дуулгалаа. Мөн ХУД-т баригдаж байгаа, олон жил зогссон, төрөх эмнэлгийн байрны асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж, концессын гэрээгээр үргэлжлүүлэн бариулахаар болсон. Тендер зарлагдсан учраас барилгын улирал эхэлмэгц хэрэгжээд явна гэдгийг хэллээ. СХД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Болортуяа эмнэлгийнхээ үйл ажиллагаа болоод нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа танилцууллаа. Тэрээр Эрүүл мэндийн сайд, НЭМГ-ын дарга, Засаг дарга, Нийслэлийн ИХТ тэргүүтэй хүмүүс манай төв дээр нь ирж ажиллан, эмнэлгийн ажилчдын тулгамдсан асуудлыг сонсож, шийдвэрлэхээр болж байгаад нэн таатай байгаагаа илэрхийлэв. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг эдийн засгийн хүртээмж тааруу энэ үед манай эмнэлгүүд бүхий л чиглэлээр хоорондоо уялдаа холбоотой ажиллах нь зүйтэй. Томуу, томуу төст өвчний үеэр зарим эмнэлгийн ачааллыг шилжүүлэн ажилласан нь үр дүнгээ өгсөн. Харин одоо тоног төхөөрөмжийг шилжүүлэх судалгаа хийгдээд байна. Танай төв дээр шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг шилжүүлэх байдлаар шийдвэрлэнэ. АХБ-ны дэмжлэгээр Монгол улсын эрүүл мэндийн салбарт онцгой ач холбогдол бүхий олон улсын жишиг эмнэлгийг СХД-т барих барилгын ажил эхлэхэд бэлэн болоод байгааг хэлсэн юм. Мөн Эрүүл мэндийн сайд эмч ажилчдад урамшууллын цалин хөлс олгодог болж, олон хүний амийг аварсан, Монголд эмчлэгддэггүй байсан өвчнийг эмчилдэг болсон эмчид онцгой урамшуулал үзүүлдэг болох талаар санал гаргаад, ажлын хэсэг гаран ажиллаж байгааг дуулгасанд эмч, мэргэжилтнүүд талархалтай байлаа.
“ЭМЧЭЭ ТАНД БАЯРЛАЛАА” ТАЛАРХАЛЫН АЯН
УГТЭ эмнэлэг жил бүрийн 03 сарын 30-ны өдрийн “Олон улсын эмч нарын өдөр”-ийг угтаж эмнэлгийн эмч мэргэжилтний эрхэм үйлсийг олон нийтэд таниулж сурталчлах, дэмжлэгт орчинг сайжруулах, тэдний нийгмийн баталгаа, ёс зүй харилцаа хандлагыг сайжруулах замаар эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар үр дүнг сайжруулж эрчимжүүлэх, үйлчлүүлэгчээ дээдэлсэн байгууллагын соёлыг өргөжүүлэн дэлгэрүүлэх зорилгоор “Эмч мэргэжилтний нэрэмжит сар“-ын аяныг “Эмч хүн жаргалын ээж” уриан доор 2017 оны 03 сарын 01 өдрөөс 03 дугаар сарын 31 өдрийн хооронд зохион байгуулж байгаа билээ. Дээрх аяны хүрээнд эмнэлгээр үйлчлүүлэгчид болон эмнэлгийн бусад мэргэжилтнүүдэд хандан Эрхэм таны ойр тойронд алтан гартай эмч хүн бий бол, та хэзээ нэгэн цагт эмчийн тусламж авч байсан бол “ЭМЧЭЭ ТАНД БАЯРЛАЛАА” гэж хэлээрэй гэсэн уриалга гарган “ЭМЧЭЭ ТАНД БАЯРЛАЛАА” талархал илэрхийлэх, талархалын зурвас илгээх өдөрлөгийг 10 хоногийн хугацаатай зохион байгуулж байна. Өдөрлөгийн эхний 3 өдрийн байдлаар давхардсан тоогоор нийт 307 эмчийн нэр дээр 708 үйлчлүүлэгч иргэд болон бусад эмнэлгийн ажилчдаас талархалын зурвасаар баярласан талархсанаа илэрхийлээд байна.