Ховд аймгийн Засаг даргын 596-р захирамжаар хүн амыг цэвэр, аюулгүй, ундны усаар хангах, усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан байна. Үүнтэй холбоотойгоор ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөөний баг байгуулагдан анхдугаар хуралдаанаа хийжээ.
Усны аюулгүй байдлын төлөвлөгөө гэдэг нь усны эхээс хэрэглэгч хүртэлх бүхий л шатанд усны аюулгүй байдалд учирч болох эрсдлийг тасралтгүй үнэлэх, удирдах арга зам юм. Иймд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг удирдлага арга зүй, мэдээллээр ханган ажиллах улмаар усны аюулгүй байдлын төлөвлөгөөг богино болон урт хугацаанд алсын хараатай боловсруулах, хэрэгжүүлэх, холбогдох баримт бичгүүдийг аймгийн хөгжлийн бодлогтой уялдуулж, санхүүжилтийг нь шийдвэрлүүлэн ажиллахад дээрх ажлын хэсгийн үүрэг оршиж байна.
Ховд аймгийн 16 сум, болон Жаргалант сумын иргэдийн ундны усны эрүүл ахуй, стандарт шаардлага ямар түвшинд байгааг мэргэжлийн байгууллагуудын хийсэн лабораторийн судалгаанд үндэслэн мэдээлэхэд Ховд аймгийн Жаргалант сумын ундны усны эрүүл ахуйн үзүүлэлт ердийн хэмжээнд байгаа бол Ховд аймгийн Ховд сум, Дуут сумдын ундны уснаас Ураны агууламж илэрсэн гэдгийг хэлж байна. Ховд аймгийн Жаргалант сумын 40 гаруй мянган иргэдийн ундны усны гол хэрэгцээг төвлөрсөн шугамын сүлжээнд холбогдсон 11 усан сан, 7 гүний худагаас хангадаг байна. Эдгээр төвлөрсөн ус хангамжийн систем болон гүний худагийн хамгаалалт, аюулгүй байдлын өнөөгийн нөхцлийг улам бүр сайжруулах шаардлага байгааг албаны эх сурвалж онцолж байна.
Орон нутгийн иргэдийн ундны усны ариун цэвэр, аюулгүй байдлыг сахин хамгаалах, хариуцан ажиллах чиг үүргийг ОНӨААТҮГ болох Шим-Ус компани голлон хариуцаж ажилладаг. Өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явж байгаа хэдий ч 50-60 жил болсон барилга байгууламжийн шугам сүлжээ элэгдэж муудан, зэвэрсэнээс үүдэн орон сууцны айл өрхүүдийн ундны усны чанар, зэв тортогийн хэмжээ анхаарах асуудал болоод байгааг мэргэжлийн байгууллагаас мэдэгдэж байсан. Хүн амыг цэвэр, аюулгүй, ундны усаар хангах, усны оюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулахдаа нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх олон ажил байгаа гэдгийг ажлын хэсгийн гишүүд онцолж байна. Иймд эхний ээлжинд усны аюулгүй байдал, орчны эрүүл ахуйн чиглэлээр иргэдэд чиглэсэн зөв зан үйлийг хэвшүүлэх, түгээж буй ундны усны эх үүсвэр, ус түгээх байрны усыг тогтмол хяналтын лабораторийн шинжилгээнд явуулах зэргээр богино болон урт хугацааны төлөвлөгөө гарган ажил үүргээ хувиарлан ажиллахаар тогтлоо.