Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Д.Дуламсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Орхон аймагт ажиллах үеэрээ “Авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн үүрэг, оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг аймгийн бизнес эрхлэгчдийн дунд зохион байгуулав.
Хэлэлцүүлгийн үеэр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хувийн хэвшилд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх талаар төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, ялангуяа бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх таатай орчин нөхцөл бүрдүүлэх, удирдлагын хариуцлагатай, нээлттэй, шуурхай байдал, мэдээллийн ил тод байдлыг хангах, төрийн шийдвэр гаргах түвшинд иргэний нийгэм, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, бизнес, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн тогтолцоог хүнд сурталгүй, шуурхай болгох талаар зохион байгуулж буй үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэв.
Мөн саяхан батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллага, улс төрийн нам, бүлгийг авлигын эрсдлээс урьдчилан сэргийлэх, шударга ёсны үзэл санааг төгөлдөржүүлэх том зорилгыг тодорхойлон хувийн хэвшлийн байгууллагыг өрсөлдөх чадвартай, ил тод, нээлттэй болгох, хувийн хэвшил дэх авлигын эрсдлийг бууруулах, шударга байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, төрийн оролцоог багасган төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр тусгасан үйл ажиллагааг танилцуулж хэлэлцүүлсэн байна.
Хэлэлцүүлгийн явцад Орхон аймгийн хувийн хэвшлийн төлөөлөгчид “Төрийн албан хаагчид оффшор бүсэд данстай байх явдлыг таслан зогсоох шаардлагатай, Орхон аймагт тоотой хэдэн компани тендер шалгаруулалтад оролцож ялдаг, тендер шалгаруулах үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу явуулах, үүнийг эргэж харах ёстой. Тухайлбал, барилгын бизнес эрхэлдэггүй хуулийн этгээд тендер шалгаруулалтад оролцож ялдаг боловч эргээд энэ чиглэлийн бизнес эрхлэгчдэд хандан дэмжлэг хүсдэг нь шударга бус юм. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль нь шударгаар ажиллаж буй бизнес эрхлэгчдийг хохироосон, улсад орох ёстой орлогыг өршөөлд оруулж байгаа нь шударга бус, зохисгүй бодлого гэж үзэхээр байна, худалдан авах ажиллагааны улмаас үүссэн маргааныг шүүхээр шийдвэрлэж хугацаа алдаж байгаа эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, арбитрын журмаар шийдвэрлэх боломж нөхцөлийг судлах шаардлагатай” зэрэг санал шүүмжлэл, хүсэлт гаргаж байв.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг тусгайлан танилцуулж, орон нутгийн бизнес эрхлэгчдийн дуу хоолойг сонссон хэлэлцүүлэг зохион байгуулсанд талархаж байгаагаа бизнес эрхлэгчид илэрхийлэв.
Ажлын хэсгийн зүгээс Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулахдаа бизнес эрхлэгчдээс гаргасан санал, санаачилгуудыг тусгаж дэмжин ажиллана гэдгээ онцлон тэмдэглэв.