Ажлын хэсэг Увс аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөл болон шүүх эрх мэдэл, хууль хяналтын байгууллагын 43 удирдах албан тушаалтантай уулзаж, тус аймаг дахь авлигын зөрчил, гэмт хэргийн талаарх мэдээллийг хүргэн санал бодлоо солилцлоо.
Авлигатай тэмцэх газрын санаачилгаар аймаг бүрт байгуулах Олон нийтийн дэд зөвлөлийн үйл ажиллагааг Увс аймгийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Э.Насанбат, Засаг дарга бөгөөд тус зөвлөлийн орлогч дарга Д.Батсайхан нар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Түүнчлэн тус аймгийн сумын ИТХ-ын 73 төлөөлөгч, мэдүүлэг гаргагч 325 албан тушаалтанд Авлигын эсрэг Үндэсний хөтөлбөрийг танилцуулан, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхээ илэрхийлж мэдэгдэл, тайлбар гаргах асуудлаар сургалт зохион байгуулж, сонирхсон асуултад нь хариулт өгч гарын авлага тараан өгч ажиллалаа.
Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийг иргэд, олон нийтэд сурталчлах, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах байгууллагуудад мэдээ, мэдээлэл хүргэх чиглэлээр Увс аймагт ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 3 хоног ажиллана.