Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Архангай, Хөвсгөл аймагт Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлах, орон нутаг дахь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа сайжруулах, иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авч шийдвэрлэх, арга зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр ажиллалаа.
Ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, гишүүд, шүүх, эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, тэдгээрт Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог хангах зорилгоор яам, агентлаг, орон нутгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтын дэд зөвлөлийг байгуулан ажиллуулах талаар санал солилцов.
Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангах асуудлыг Үндэсний хөтөлбөрт өндөр түвшинд тусгасан нь зөв зүйтэй болохыг тэмдэглээд үүнтэй уялдан хийх үйл ажиллагааг иргэдийн сэтгэлд хүрэхээр үр дүнтэй зохион байгуулах, иргэний нийгмийн хүчийг сайтар ашиглаж урсгалаар, нэр төдий биш, бодитой ажил болгохыг хүссэний зэрэгцээ хэрэгжүүлэх арга хэмжээг урьдаас маш сайн бэлтгэн зохион байгуулах ёстой гэж саналаа хэлж байлаа.
Орон нутагт авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг иргэдийн хяналтад өгч байгаа нь авлигатай тэмцэх ажилд том хүч өгнө, ийм төлөөлөлтэй байх нь тодорхой үр дүн гарахад эерэгээр нөлөөлнө гэдэгт ач холбогдол өгч, ялангуяа авлигыг үл тэвчих үндэсний үзэл санааг үндсээс нь эхлэх хэрэгтэй, соён гэгээрүүлэх зорилгоор өрх, гэр бүлийн хүмүүжил, сургааль нэн чухлыг уулзалтад оролцогчид онцлон ярилцлаа. Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар цаг үеийн шинжтэй чухал мэдээлэл өгсөнд Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэгт талархал илэрхийлэв.