Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж буй багийн мэдээ
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очироор ахлуулсан ажлын хэсэг 2016 оны 11 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж байна.
Ажлын хэсэг орон нутгийн удирдлагууд, нийт төрийн байгууллагын удирдах албан тушаалтан, төрийн захиргааны албан хаагч, бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэн, хууль сахиулах байгууллагын албан хаагчдад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг таниулах сургалтыг зохион байгууллаа.
Хөвсгөл аймагт ажиллаж буй багийн мэдээ
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Д.Дуламсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллав. Энэ үеэр “Авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн үүрэг, оролцоо” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг аймгийн бизнес эрхлэгчдийн дунд зохион байгуулав.
Авлигаас урьдчилан сэргийлэх эрх зүйн орчин, төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хувийн хэвшлийг авлигын эрсдлээс хамгаалах чиглэлээр Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн үзэл баримтлалын талаар хэлэлцүүлгийн эхэнд бизнес эрхлэгчдэд танилцуулж, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өрнүүлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
Мөн УИХ-аас энэ оны 11 дүгээр сарын 3-ны өдөр батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилго, чиглэл, агуулга, ялангуяа төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын авлигын эрсдлээс урьдчилан сэргийлж, олон нийтийг шударга, зөв хандлагатай болгох, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэх талаар тусгасан зорилт, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар сурталчлан, хувийн хэвшлийн байгууллагыг өрсөлдөх чадвартай, ил тод, нээлттэй болгох, хувийн хэвшил дэх авлигын эрсдлийг бууруулах, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах зэрэг Үндэсний хөтөлбөрт тусгагдсан асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв.
Хувийн хэвшлийн төлөөлөгч н.Лхагвасүрэн, н.Наранчимэг нарын зэрэг бизнес эрхлэгчид, төрөөс хувийн хэвшлийн үйл ажиллагаанд зохистой оролцох, төр өөрөө гаргасан хуулиа зөрчдөгийг таслан зогсоох, төрийн хяналт шалгалт дарамт болж байгааг анхаарах, үнэнч шударгаар татвараа төлсөн аж ахуйн нэгж, байгууллагууд хохирч үлддэг, татвар төлөөгүй байгууллагууд хожих боломж олгодог татварын хууль, эрх зүйн орчин бий болгодог тогтолцоо нь авлига, хээл хахуулийн асуудалд холбогдох нөхцөл боломж бүрдүүлж байгааг онцлон ярилаа. Мөн худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээ дэмжих байдлаар оролцуулах хүсэлт тавьсныг нийт оролцогчид дэмжиж байлаа.
Аймгийн Засаг дарга Л.Ганболд “Төрийн тодорхой чиг үүргийг хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлэх, хувийн хэвшлийн байгууллагуудын санал санаачилгыг дэмжин, саналыг хүлээн авах, аймгийн брэнд бүтээгдэхүүнийг дэмжих чиглэлээр ажиллана. Сум хөгжүүлэх сангаас олгосон чанаргүй зээл, гэрээний үүргээ биелүүлээгүй байгууллагуудын зээлийн мөнгийг буцаан төвлөрүүлж, үр ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, худалдан авах ажиллагаанд хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллахаар төлөвлөж байгаа” талаар онцлон тэмдэглэж байв.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хувийн хэвшлийн төлөөлөлд тусгайлан танилцуулсан нь шинэ, онцлог мэдээлэл болсон төдийгүй үр дүнтэй, ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнүүлэхэд тус нэмэр боллоо хэмээн Хөвсгөл аймгийн хувийн хэвшлийн төлөөлөгчид санал санал сэтгэгдлээ хэлж, цаашид хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Дорнод аймагт ажиллаж буй ажлын хэсгийн мэдээ
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхийн ахалсан ажлын хэсэг Дорнод аймагт 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс ажиллаж эхэллээ.
Ажлын хэсэг тус аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, Засаг даргын орлогч Ч.Ганбат, Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-Өлзий нартай уулзаж, томилолтын ажлын зорилго, чиглэлээ танилцууллаа.
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Дорнод аймагт энэ сарын 21-ний өдрийг хүртэл ажиллана.
Баян-Өлгий аймагт ажиллаж буй ажлын хэсгийн мэдээ
Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг даргын орлогч, Ш.Хабыл, аймгийн прокурор Т.Батсүх нарын зэрэг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 13 гишүүнтэй ажлын уулзалт хийв. Түүнчлэн шүүх эрх мэдэл, хууль хяналтын байгууллагын удирдлагуудтай уулзсанаас гадна Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийг иргэд, олон нийтэд сурталчлах, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах байгууллагуудад мэдээ, мэдээлэл хүргэж тодорхой асуудлаар санал солилцож, тус аймаг дахь авлигын зөрчил, гэмт хэргийн талаарх мэдээллийг хүргэлээ.
Мөн нутгийн захиргааны байгууллагын мэдүүлэг гаргагч 60 гаруй албан хаагчид Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийг танилцуулж, “Ашиг сонирлын зөрчлийн тухай ойлголт, ач холбогдол”, “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогоо мэдүүлэх” асуудлаар тус тус сургалт зохион байгуулж, тэдний сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгөв.
Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхэд иргэд, олон нийтийн хяналт тавих бололцоог түлхүү бүрдүүлэх, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг Засгийн газраас шаардагдах төсвийг төслөөр тусгах нь зүйтэйг сургалтад оролцогчид санал болгож байв.