Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн нутаг дахь Цэнгэл нууранд уржигдар өглөө живсэн 79-10 ХӨА улсын дугаартай “Зил-130” машиныг аврагчид орой нь 18.08 цагт татан гаргажээ. Түнэл сумын 18-31 насны гурван иргэн өвөлжөөнөөсөө өвс татахаар явж байгаад цасан дунд замаа алдан, нуурын мөсөн дээр гарчихсан аж. 25-30 метр гүн уг нуур бүхэлдээ цасаар хучигдсан байсан тул тэд мөсөн дээр явж байгаагаа мэдээгүй гэнэ.
Машины хойд хэсгээс мөс эхэлж цөмөрсөн учраас иргэд бүхээгнээс гарч амжсан гэнэ. Машин эргээс 40 метрийн зайтай газарт дөрвөн метрийн гүнд живсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга, ахлах дэслэгч Н.Мягмарсүрэнгээр ахлуулсан 10 усчин-аврагч мөстэй хүйтэн усан дотор зургаан цаг ажиллаж байж автомашиныг ган татлагаар “Урал”-тай холбон гаргажээ.