Хойд туйлаас эхлэлтэй хүйтэн агаар Сибирийн хойгуур дайран, манай улсын баруун хойд хэсгээр орж ирж буй учир өнөөдрөөс эхлэн орон даяар цочир хүйтэрнэ. Долоо хоног үргэлжлэх цаг агаарын гамшигт үзэгдлийн үеэр салхи хүчтэй салхилж, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй. Сүүлийн 10 жилд тохиогоогүй уг хүйтэнд байгууллагууд хэрхэн бэлтгэж байгааг тодрууллаа.
Нийслэл хот уг хүйтнийг давах бэлтгэлтэй, эсэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөс асуухад “Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 98.9 хувьтай байна. Инженерийн шугамд сүлжээнд ямар нэгэн доголдол гарахгүй. Их хэмжээний цас орсон ч зам дээр цацах бодис, давс хангалттай бий.
Яг одоо (өчигдөр 13.30 цаг) хотын нөөцөд 264 тн бодис байна. Нэмж авах шаардлагатай 128 тонн давсны өртөг болох 113 сая төгрөгийг төсвийн тодотголд суулгаж өгсөн тул захиалгаа өгчихсөн. Давс энэ сарын 21-нд ирнэ. Мөн нийслэлийн Засаг дарга захирамж гарган, дахин 408 тн давс авах хөрөнгө шийдэж өгсөн. Харин дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний хэлтсүүдэд тусгай зориулалтын бодис бага байгаа ч давс, элс нь хангалттай бий. Тэд орон сууцны хороолол доторх болон туслах замуудыг халтиргаагүй байлгах ёстой.
Гэвч цас, мөсөө хангалттай цэвэрлэхгүй байна. Үүнээс гадна аж ахуйн нэгжүүд орчныхоо 50 метр газрыг цэвэрлэх үүргээ ухамсарлах шаардлагатай. Хэрэв цэвэрлэгээгээ хийчихвэл зам, талбайд гулгаа үүсэхгүй. Харин Хот тохижилтын газрын ажилтнууд хариуцсан 116 гудамжны 336.5 км замын цас, мөсөө хангалттай цэвэрлэж байгаа” гэв.
Хот тохижилтын газрынхан өнөөдрөөс хүн хүч, техникээ нэмэгдүүлж, ажлаа эрчимжүүлэхээр бэлтгэжээ. Тухайлбал, давс, бодис цацах тусгай зориулалтын 10, хог тээвэрлэх 18, бусад төрлийн долоон машин ажиллуулдаг байсан бол “Геодизи, усны барилга байгууламж” НӨҮГ-аас хоёр бобкат (олон үйлдэлтэй цэвэрлэгээний зориулалтын машин), гурван машин, “Улаанбаатар зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ-аас нэг бобкат, гурван машиныг нь өвлийн улирал дуустал гэрээгээр ажиллуулахаар болжээ. Мөн хариуцсан зам талбайн цэвэрлэгээг 440 гаруй ажилчнаараа хийлгэх гэнэ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд цас их орж, орон нутгийн замд халтиргаа үүссэн учир Зам, тээврийн хөгжлийн сайд тушаал гарган, хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 21 цаг хязгаарласан. Ойрын өдрүүдийн цочир хүйтний үеэр ийм хориг тавих, эсэх талаар тус яамны Олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Батцэцэгээс тодруулахад “Зорчих хөдөлгөөнийг хаах, эсэхийг тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж шийднэ. Цас орж, хайлаад авто замд гулгаа үүсвэл хориг тавихаас өөр аргагүй. Хэрэв хөдөлгөөнийг зогсоовол өмнөх шиг иргэдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авна” гэлээ.
Тэгвэл Автотээврийн үндэсний төвийнхөн иргэдэд сэрэмжлүүлэг өгч эхэлжээ. Энэ талаар тус төвийн мэргэжилтэн “Цас их хэмжээгээр орж, хүйтэрсэн үед хол замд зорчиж буй иргэдэд манайхтай гэрээтэй компаниудаар үйлчлүүлэхийг анхааруулж байгаа. Гэрээт байгууллагын автобуснууд байршил тогтоогчтой учир хаана явж байгаа, тухайн газрынх нь цаг агаарын нөхцөл байдал ямар байгааг мэдэх боломжтой.
Ингэснээр зам хаагдсан үед зорчигчдын аюулгүй байдлыг хангаж ажилладаг. Өнгөрсөн ням гаригт Эрдэнэтээс Улаанбаатар руу зорчигч тээвэрлэж явсан “Ариун шар зам” компанийнхан зорчигчдынхоо буудлын хөлсийг төлөхдөө маргаан үүсгэснийг эс тооцвол бид 947 зорчигчийн аюулгүй байдлыг хангасан” гэв.
Замд халтиргаа үүсэж, явах боломжгүй болбол хот хоорондын тээврийн компаниуд зорчигчдоо дулаан газар байлгаж, хооллох үүрэгтэй. Гэхдээ зөвхөн даатгал төлсөн зорчигчдыг уг үйлчилгээндээ хамруулдаг аж. Тиймээс цаг агаарын хүнд нөхцөлд хот хооронд явах зорчигчид тасалбар авахдаа сайн дурын даатгал төлөх нь зүйтэй гэдгийг албаныхан онцлов.